Монгол хүний эрүүл мэнд, амьд явах эрх, бизнесийн эрх, эрх чөлөөг төрийн нэрийн өмнөөс “цаазалдаг” эсвэл “яргалдаг” бүрэн эрхтэй, бүдүүн зүрхтэнүүд байна. Зарим мах бэлтгэгчид, үйлдвэрийн газрууд, тэдэнтэй үгсэн хуйвалддаг эрх мэдэлтнүүд, Мэргэжлийн хяналтын газрынхныг ингэж нэрлэхээс аргагүй.
Өнгөрсөн хавар улсын хэмжээнд түргэн авахуулсан “Мах бэлтгэгчид өмхийрсөн махыг химийн бодист угааж амт, үнэр, өнгийг өөрчлөн хүн амын хүнсэнд нийлүүлж байсан хэрэг” хэрхэн мартагдаж, замхарснаас үүнийг харж болно. Шарил хадгалахад муутгахгүй байх зориулалттай формальдегид гэх бодист махаа дэвтээж хадгалдаг. Түүнийгээ хүнсний зах, дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Түүнийг нь монголчууд хоол, хүнсэндээ хэрэглэж, нэг ёсондоо дотроосоо “муми” болж, өвчин олиг тусаж ирсэнд гол асуудал бий. Энэ тухай хаваржин шуугисан ч наадам, баяр цэнгэл хэмээн зуны гурван сар өдөр алгасахгүй шахам найрлаж байна.
Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэр хийсэн шалгалтын мөрөөр Мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдтэй уулзсан. Гэтэл хариуцлага тооцсон, тодорхой шийдвэр гаргасан юмгүй сууцгааж байж.
Иймд ихээхэн бухимдаж, “Энэ бол та бүхний ах дүү, ар гэрийнхэнд ч хамаатай асуудал. Хариуцсан юм бол дүгнэлт шийдвэрээ гаргаад ир. Мэргэжлийн хяналтынхан мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой” хэмээгээд НМХГ-ын дарга болон хүнсний аюулгүй байдал хариуцсан дарга нарыг ажлаас халах үүрэг өгчээ.
Үүний өмнө ч гэсэн Засгийн газрын хуралдаанаар СХД-ийн мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцож, заримыг нь торгож шийтгэсэн. Дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжээс 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Мөн мах нийлүүлэлт, экспортыг 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоосон. Мэргэжлийн хяналтынхнаас гадна экспортын зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө гэсэн. Гэтэл хэдэн байцаагчийг л ажлаас чөлөөлж, “жараахайнуудад” хариуцлага тооцсоноос бус “акул”-ууд нь цаана үлдчихсэн. Байдал огт өөрчлөгдөөгүй нь Шадар сайдын хоёр өмнө гаргасан шийдвэрээс харагдаж байгаа юм.
Ер нь бол хийх ёстой хяналт шалгалтаа хийдэггүй. Ямар ч том зөрчил гарсан ашгийн нүдээр хараад дарчихдаг. Эсвэл авлига аваад хэн ч байсан зөвшөөрөл өгчихдөг. Алдаа дутагдлыг нь харсан ч нүдээ мөнгөөр таглуулан хараагүй мэт өнгөрүүлээд сурчихсан. Тэр нь өөрсдийнх нь алба тушаал дэвших, амьдрах арга нь болж ирсэн байдал Мэргэжлийн хяналтынханд байна.
Түүнийх нь золиос монгол хүний эрүүл мэнд, амь нас цаашлаад өрх гэр бүлийн элэг бүтэн байдал болж байна гэхэд нэг их хол зөрүүлсэн болохгүй. Хортой бүтээгдэхүүнийг МХЕГ нь шалгахгүй, хариуцлага тооцохгүй. Тусгай зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг төрийн албан хаагчид нь төрийн нэрээр “наймаалцаад” байхад иргэд нь хордож, хорт хавдраар өвчлөх нь аргагүй. Эцэст нь эмнэлгийн орон дээр тарчилж буй хэн нэгнээ гэр бүл нь эмчлүүлж эдгээх гэж хамаг байдгаа зарж үрэн өрөнд орж, нэг нь үхэж, нөгөө хэсэг нь сэтгэл дүүрэн шархтай хоосроод үлддэг явдал Монголд хавтгайрлаа. Цахим ертөнцөд өдөр болгон эмчилгээний төлбөр, хандив гуйсан зар, мэдээ хөвөрч байна.
Хавдар судлалын үндэсний төвийн тайлангаас үзэхэд Монгол Улс 100 мянган хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшнээр дэлхийд өндөр, нас баралтаар тэргүүлж байна. Жилд 5000 хүн нас бардаг бөгөөд 2010-2019 оны хооронд 38.119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж, нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байсан бол 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9)-өөр, өмнөх оноос 389 /8.8 хувь/ -өөр тус тус нэмэгджээ.
Шалтгааныг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болох ч, хүнсний аюулгүй байдал нь харин ч эсрэгээрээ аюулын харанга дэлдэж буй манай улсын хувьд шуудхан хэлэхэд, Монголын Мэргэжлийн хяналтын байгууллагынхан, зарим яам, агентлаг, газар хэлтэс, төрийн албан хаагчдаар дамжуулан хориотой бараа, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгчдийн үйлдэж буй чимээгүй “аллага”. Монгол Улсын хүн амд хийж буй нэг төрлийн генноцид, гэмт хэрэг биш гэж үү. Энэ гэмт хэргээс бодлого тодорхойлогчид, “Цүнх баригч”, сонгуулийн хор найруулагч, жор баригчдаа төрийн байгууллага, тэр дотроо төрийн хяналт, шалгалтын байгууллагуудад томилуулж ирсэн сайд дарга нар, УИХ-ын гишүүд хаашаа ч зайлах ёсгүй. Нэг ёсондоо дээрх гэмт хэргийн хамсаатнуудын нийтлэг төрх, нэгдсэн сүлжээ ийм.
Монголчуудын дунд эрт цагаас яригдаж ирсэн үг бол “Хоол, хүнсээ дайснаараа бүү бэлдүүл” гэх захиас сургамж. Гэтэл Монголын махны экспортыг хятадууд атгаж байдаг гэж байгаа. Энэ бол бид дотооддоо махны зах зээлээ бусдад алдсан гэсэн үг. Энэ бол цөөхөн хүн гадныханд авлигаар мах экспортлох эрх олгож, өөрийн улсын эдийн засгийг “алж”, иргэдийнхээ бизнесийг сүйрүүлж байгаа хэрэг.
Улмаар тэдгээр мах бэлтгэгчид нь өмхийрсөн махыг химийн бодисоор угааж амт, үнэрийг дараад дотоодын зах, хүнсний төвүүдэд нийлүүлдэг. Махаа муутгахгүй гэж шарил хадгалах бодист дэвтээж хадгалдаг гэх мэдээллүүд өнгөрсөн хавар гарсан юм биш. Өчнөөн жил ярьж, бичиж ирсэн хуучин сэдэв. Хэвлэл, мэдээлэл бол нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж бичиж, сэрэмжлүүлж ирсэн. Харин түүний мөрөөр цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байсан уу. Тэд хяналт шалгалт хийж байсан юм бол өчнөөн жил явсан асуудлын сэжүүр яагаад өнгөрсөн хавар дөнгөж сөхөгдөж байгаа юм бэ. Энэ асуултууд тэдний хэрхэн явж ирсний нотолгоо.
Ингээд арай гэж нэг юм төрийн болон төрийн бус байгууллагынхан өөр өөрсдийн эрх, үүргийн дагуу хөшигний ард юу байгааг илрүүлэхээр хөдөлж эхэллээ гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Бүх асуудлыг эхнээс нь шалгаж, зөрчил гаргасанд нь хариуцлага тооцоод махны экспортоо хэвийн явуулах болов уу. Эдийн засаг хямралтай байхад тус салбарт бизнес эрхэлж буй монголчууд хохирох ёсгүй. Хүнсний салбарт мах бэлтгэлийг эрүүлжүүлж, хүн амаа аюулгүй хүнсээр хангахад хаа хаанаа анхаарч эхлэх нь гэсэн хүлээлт үүссэн. Гэвч тэгсэнгүй. Хяналт, шалгалтын ажил нь зогсчихсон. Албан бус мэдээгээр бол мах хадгалж байсан 43 компаниас 20-д нь зөрчлийн хэрэг нээсэн.
Мөн 11 компанид 25.5 сая төгрөгийн торгууль ногдуулаад зогсохгүй нэмээд долоон аж ахуйн нэгжийн эрхийг хааж, шийтгэл ногдуулах асуудал яригдсангэх тухай мэдээлэл байна. Гэвч дүгнэлт гаргах, хариуцлага тооцож, шийдвэр гаргах бүх шатанд асуудлыг гацаачихсан бололтой. Шалтгалтаар ороод мах бэлтгэх, нийлүүлэх эрхтэйгээ үлдсэн, өөрөөр хэлбэл шалгуурт тэнцсэн аж ахуй нэгжүүд 2023 оны нэгдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулах эрхгүй, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ бол мэргэжлийн хяналтынхан иргэдийн эрүүл мэндээр “тоглоод” зогсохгүй, бизнесийг нь хэрхэн чирэгдүүлж, ажил орлогыг нь тасалдуулж амьдрах аргагүйд хүргэж байдгын бас нэг жишээ юм. Монголчуудыг чимээгүй цаазалж буй энэ хэргийн учрыг олж, хужрыг тунгаан нэг мөр шийдэхгүй бол цөөхөн монголчууд орших уу, эс орших уу гэдгийг хоолных нь мах шийдэхээр байна.
“МОНГОЛЫН МАХНЫ ЭКСПОРТЫН БҮХ АШГИЙГ ГАДНЫХАН АВДАГ”
Мах бэлтгэн нийлүүлэлт, экспорт гэхчлэн махны асуудал тойрсон мэдээллүүдийн талаарх бичлэгийг ухрааж, энэ талаар анх шүгэл үлээсэн “Финансхолдинг" компанийн захирал Б.Энхцэцэгийн Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зарлахдаа юу хэлснийг эргэн сануулъя.
Тэрбээр мэдээлэлдээ “Монгол Улсаас мах экспортод гарч эхэлсэн цагаас экспортын бүх ашгийг хятадууд авдаг байсан. Надад үйлчлээд байгаа дүрэм, журам нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Би 2003 оноос эхлэн мах бэлтгэсэн, “Монгол мах экспо” компанийн нэр дээр экспортод гардаг байсан. 2016 оноос би махны бизнес рүү шуудран орж, мах худалдаж авч бэлтгээд экспортод гаргах эрх бүхий аж ахуй нэгжээр дамжуулан худалдаа эрхэлж ирсэн. Энэ хооронд мах экспортлох эрхийг өөрийн нэр дээр авахын тулд үйлдвэр байгуулах төсөл бичиж, ЖДҮ-ээс зээл хүссэн.
Тухайн үед МХЕГ, ХХААХҮЯ байгаа ч миний үйлдвэрийг тэнцүүлж чадахгүй, Хятадын мэргэжлийн хяналт, хорио цээрийн албаныхан ирж сонгон шалгаруулдаг байсан. Төгс үйлдвэр барих шаардлагатай тул би зээл хүссэн. Гэвч бүтээгүй тул үйлдвэр түрээслэн мах худалдан авч бэлтгээд эрх бүхий аж ахуй нэгжээр дамжуулан худалдаа эрхэлсээр ирсэн. Миний бизнес хэвийн явж байгаад 2019 оноос зогссон. Урд хөршөөс ирсэн иргэд махны бизнес рүү түлхүү орж, их хэмжээгээр мах бэлтгэх болсноор надад квот олдохоо больсон. Квот олохын тулд аж ахуй нэгжүүдээс гуйж, зах зээлийн ханшаар авах зар өгч, заримд нь ашгийнхаа 10 хувийг өгье гэсэн ч олдоогүй. Квот олох гэж яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй.
Хамгийн сүүлд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяр гэдэг хүнтэй уулзаж “Хил давж зараад ашгийнхаа 10 хувийг өгье. Цаашид хамтарч ажиллая. Би өмнө нь танай үйлчлүүлэгч байсан, танай квотыг худалдаж авдаг байсан шүү дээ” гэж гуйсан ч бараагүй. Хамгийн сүүлд ХХААХҮЯ-нд 2019 оны хавар хандсан. “Өргөө мийт”-ийн нэр дээр манай махыг гаргаж, миний асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавихад “Өргөө мийт” нь Хятад улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгжийн нэр дотор алга. Экспортлох эрхгүй учир боломжгүй. Хоёрдугаарт, таны мах экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн учир гаргах боломжгүй” гээд надад хууль үйлчилдэг.
Гэтэл ХХААХҮЯ-наас “Өргөө мийт”-д олгосон квотыг нь би худалдаж аваад, миний мах тус аж ахуйн нэр дээр гарсан байдаг учраас би ХХААХҮЯ руу хүсэлт тавьсан байдаг. Надад хууль үйлчлэхээр нь би хүний нууцыг задлаад яах вэ гээд эхний удаад чимээгүй байсан. Үүний дараа эрх бүхий компани олж, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн компанийн нэр дээр мах гаргах тохироо хийсэн. Энэ асуудлаар ХХААХҮЯ-нд очиход эдний компани эрхтэй, гэвч таны мах экспортлох эрхгүй үйлдвэрт бэлдсэн учир боломжгүй гэсэн. Тэгэхэд нь би яамныханд хэлсэн “Та нар боль. Танай дээр болдог квот, эрхийн бүх асуудлыг би мэднэ. Хүн чанар зулгаагаад эхний удаа залгиад өнгөрсөн. Нэг иргэнээ та нар битгий ингэ. Махны экспортын ашиг болон махны квот, эрхийн асуудалд гарч байгаа олон зөрчлийг та нар бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүлэглэл, фракциараа нэгдээд явж байгаа та нар ганц иргэнээ битгий ингэж шахаач. Өнөөдөр махны экспортын ашгийг хэн авч байгааг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Мэргэжлийн хяналтынхан чинь ч мэдэж байгаа. Та нар хаа хаанаа бүлэглэл, фракц болж системээрээ “үүрлэсэн”-ийг би мэдэж байгаа шүү гэдгээ хэлсэн. Монголын махны экспортын бүх ашгийг гадныхан хүртэж байгааг та нар мэдэж байгаа атал зөвхөн монгол хүнд, иргэндээ хууль дүрэм ярьж, бусдад найр тавьж болохгүй. Харин ч Монголынхоо махны экспортын ашгийг улс эх орондоо, монгол хүндээ үлдээхийн төлөө хэдүүлээ хамтарч ажиллая. Махны экспортын ашгийг гадныхан хэдэн арван жилээр хүртээд, цааш үргэлжлээд явна гэдэг харамсалтай биз дээ. Гэтэл улсын маань эдийн засаг, монгол хүний амьдрал ямар байгаа билээ” гэж тухайн үеийн газрын дарга Гантогтох, төрийн нарийн бичгийн дарга Жамбалцэрэн нарт удаа дараа хэлж, хэлэлцэж, хэрэлдэж, гуйж хүртэл үзсэн, тэд огт хөдлөөгүй" гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Нөгөөдүүл нь авилгалаа бодохоос өөр юмгүй.