“Дан дээлтэй гарсан юм сан
Даараа болов уу, яагаа бол... гэсэн ардын дуу байдаг шүү дээ. Түүн шиг “Дан дээл”-тэй гэж яригддаг сайд нар энэ намар нэлээд жиндэж мэдэхээр байдал улс төрийн хүрээнд нэгэнт бий болчихлоо.
Учир нь Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн тогтоол гаргалаа. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг учраас энэ бол мэдээж эцсийн шийдвэр.
Тэгэхээр энэ засгийн “Дан дээл”-тэй 12 сайдын хувь заяа Ерөнхий сайдын гарт бүрэн орсон гэсэн үг. Нэг ёсондоо танхимдаа хэнийг нь үлдээж, хэнийг нь замын дунд орхихоо Ерөнхий сайд шийднэ. Өөрөөр хэлбэл цаашид Засгийн газрын сайд нар дан, эсвэл “Давхар дээл”-тэй байх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болж байна.
Харин тэртээ 1992 оны долоодугаар сарын 6-нд Улсын бага хурлаас УИХ-ын тухай хуулийг батлахдаа Засгийн газрын гуравны нэгээс илүүгүйг УИХ-ын гишүүдийн дотроос хавсарган томилж болно гэж заасан байдаг. Үүнээс л “Давхар дээл”-ний түүх эхэлсэн гэж болно.
Тэгвэл өдгөө өөрийн танхимдаа хэнийг ажиллуулахаа Ерөнхий сайд нь мэддэг байх зохицуулалтыг нэгэнт хуульчлаад өгчихсөн учраас түүхэндээ хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайд бол одоогийнх болсон. Энэ нь ч зөв гэдгийг судлаачид, улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Нэг ёсондоо компанийн гүйцэтгэх захирал хүн компанидаа ажиллуулах нягтлан бодогч, сантехникчээ Удирдах зөвлөлөөрөө сонгуулаад байлгүй, өөрөө шийдвэрээ гаргаад явдаг болно гэсэн үг. Ажлаа хийж чадахгүй бол халж ч болно.
Харин Цэцийн шийдвэр хэрхэн гарах нь бараг л ойлгомжтой байсан учраас түүнтэй зэрэгцэн зарим нэгэн гишүүд өөрсдийнхөө тухай хэвлэл, цахим орчинд хэдийнэ бичүүлээд эхэлсэн. “Давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх гишүүд гэж ирээд л бичсэн зүйлсийг та бүхэн ч уншсан л байх. Тэдгээрийн дунд Х.Болорчулуун, Д.Сарангэрэл зэрэг урт холын бодолтой хүмүүсийн нэр ч багтсан байна лээ.
Тэгвэл Ерөнхий сайд шийдвэр гаргаж, халаа сэлгээ хийлээ гэхэд хамгийн түрүүнд солигдож мэдэх сайдуудын тухай ч мөн яригдаж байна. Тэдгээрийн толгойд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын нэр явж байгаа.
Үе, үе хэл ам таталж, танхимынхаа нэр нүүрийг хөөдчих гээд байдаг дөрвөн сайд ч тодорхой биз. Хамгийн залуу гэгдэж, сайн ч ажиллаж байгаа гэж магтуулж байгаа Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд эгч нар нь санаатай байгаа учраас алсаас нь ийнхүү нэрийг нь бичүүлж байж ч мэдэх юм.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайнханбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарын сайд албан тушаалтайгаа үлдэхээр яригдаж байгаа гэх. Үүнээс гадна шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад аль дээрээс яригдсан Н.Учрал гишүүний нэр яваа бол Эдийн засаг, хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гэсэн хоёр ч хүний нэр яригдаж байна.
Эдгээр нэрс бол албан тушаалын сураг гарахаар өрсөлдөгчөө бичүүлж, өөрсдийгөө шидүүлж байдаг манай улстөрчдийн л нэг арга. Ер нь сүүлийн 30-аад жил ийм л аргаар явж ирсэн гэхэд болно. Ёстой л нөгөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байсан шиг “Сайдын сураг гарахаар гурав, дөрөвдүгээр араандаа хийгээд Ордоноор давхидаг” л зүйл.
Харин энэ бүхнийг таслан зогсоож, дараагийн ээлж хоолондоо орох гэдэг увайгүй байдлыг халах эсэх нь Ерөнхий сайдын гаргах шийдвэртэй шууд хамааралтай. Хэрэв өөрсдийгөө захиалан бичүүлж, хэн бүхний хаалга татаж яваа нөхдийг “Дураа цааш нь” гээд гадна үлдээж, өөртэй нь баг болон ажиллаж чадах, улс орны ирээдүйг тодорхойлох том төслүүдээ явуулж чадах хүмүүсээ сонгож сайдын албыг хашуулах хэрэгтэй. Тэгж байж л энэ их эрх мэдэл атгасан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дахин Ерөнхий сайд хийх, ард түмнийхээ нүүрийг эгцлэн харах нүүртэй үлдэнэ. Угаас сайд нараа дан, давхар байхыг гагцхүү Ерөнхий сайд л шийдэхээр болсон шүү дээ.
Түүнээс биш тэр салбарыг огт мэдэхгүй хэрнээ ямар нэгэн аргаар ямар ч хамаагүй салбарын сайд хийхийг санаархагчдыг танхимдаа авбал Засгийн газрын тогтвортой байдал тэр хэрээрээ л алдагдана. Учир нь сайд нараа томилох чөлөөлөх эрхийг нь л Ерөнхий сайдад өгсөн болохоос бус 19 гишүүн гарын үсгээ цуглуулаад УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж, 39 гишүүн дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах боломж нь парламентад байгаа. Тэгэхээр дараагийн ээлж дураа хөдөлбөл гарын үсэг цуглуулаад гүйнэ л гэсэн үг. Яг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлбэл энэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ярьж байгаа ажлуудаа эхлүүлж, дэлхийн томоохон орнуудын удирдагч нар, НҮБ-ын генсекийг авч ирж, томоохон шийдвэрүүд гаргуулж чадсан гээд оноо авах зүйл ихтэй яваа.
Албан тушаалын төлөөх өрсөлдөөн, сайдын сэнтийд горилогчдын хүсэл, тачаалаас гадна бас нэгэн чухал асуудал Ерөнхий сайдад гарч ирсэн нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудалд анхаарч Ажлын хэсэг гарган Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан. Энэ Ажлын хэсэгт өөрсдийн гэсэн чиг баримжаатай Үндсэн хуулийн төсөл боловсруулсан намуудын төлөөллийг оролцуулж, нэгдсэн нэг төслийн шийдэлд хүрэхийг чухалчилж байгаа гэх. Тэгэвч Ажлын хэсгийг ахалж байгаа өнөөх нь шинэ буюу тавдугаар Үндсэн хууль ярьдаг нэгэн учраас яригдаж байгаа гол дөрвөн өөрчлөлтийг дангаар нь хийх магадлал буурч, шинээр Үндсэн хуулиа батлах тухай асуудлыг Ажлын хэсгээс тавьж мэднэ гэдгийг олон хүн хэлж байсан. Тэгвэл Цэцийн энэ удаагийн шийдвэр нэмэлт, өөрчлөлтийг түргэтгэх, энэ намартаа багтаан хийх боломжийг эрх барьж байгаа нам, Ерөнхий сайдад олгож байна. Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Цэцийн дүгнэлт болон геополитик, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар эрх баригчид тохирсон гэсэн мэдээлэл цахимд ид өрнөж байгаагаас харахад ч тодорхой юм. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, гишүүдийн тоог нэмэх зэрэг чухал асуудлууд бий. Харин эдгээрийг хэл ам багатайхан, хугацаа алдалгүй хийхийн тулд Цэцийн шийдвэртэй уялдуулан аль болох олон сайдаа “Давхар дээл”-тэй болгох биз. Тэгж байж хүчтэй Засгийн газар, эрх мэдэл бүхий Ерөнхий сайдтай болох учиртай. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын гишүүдийн тоог нэмэх гээд парламентын чадамж, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зөв сонголт байх учиртай гэдэгт намууд нэгдэж буй учраас гадна талын ийм дэмжлэгтэй байгаа дээрээ нэмэлт, өөрчлөлтөө оруулаад авахыг чухалчлах нь зүйтэй. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд ч гэсэн “Цэцийн шийдвэртэй уялдуулан гишүүдийн тооны асуудал хөндөгдөнө. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан” хэмээн мэдэгдсэн. Үүгээрээ тэрбээр Засгийн газрынхаа гишүүдийн олонхыг, цаашлаад бүгдийг нь парламентаас оруулахын тулд гишүүдийнхээ тоог нэмэхээс өөр аргагүй гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Ер нь ч одоо байгаа 76 гишүүний эрх мэдэл хэтэрхий их, улсын төсвийг 76 тийш нь урсгаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж олгодоггүй гэсэн шиймжлэл бий. Тэгэхээр энэ намрын улс төрийн ерөнхий зургийг Ерөнхий сайд оройлон гаргаж, эрх барьж байгаа намын удирдлагууд голлох үүрэгтэй оролцохоор болж байна. Гэвч улс орныхоо ирээдүйг тодотгож гаргасан зураг байх уу, хэт ойрын улс төрийн нөлөөлөлд автаж, хоёр, гуравдугаар ээлжнийхнийг баярлуулсан зураг гаргах уу гэдэг нь олон нийтийн анхаарал татаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
уих засгийн газраа нэгтгэе
ХАЛТАР ЛАЛАРЫГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ
давхар дээлтэй байх нь зөв,эсэх УИХ -аас санаэачлага гарган Засгаа унагах ашиг сонирхол хэн гээч гишүүнд байх вэ гэдэг чухал.МАН ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээ эрх мэдэлд ойртуулахг_үй байх нь зөв.Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ,Занданшатар Нямбаатар Аюурсайхан,Болорчулуун Бат-Эрдэнэ аврага,Даваасүрэннарын зөв хүмүүс 2024 оноос өмнө Хонгилын буюу Эбээ,Баабаа хоёрын ”найзууд”шүүгчдээсээ салах зайлшгүй шаардлагатай,Одоо та нарт их долигонож гүйлдэж та нарыг төөрөгдүүлж чадаж байх шиг байна. Тэд аюултай Араас шааж мадаггүй чадна.24 оны сонгуульд нэр дэвших хүнийг намын тэргүүлэгчид тодруулахдаа нийтэд хэ
ажлаал хий