100 жил болсон ч зураг төсөлтэй л эрчим хүч

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр болж өнгөрлөө. Дээрх үгийг Эрчим хүчний сайдын салбарын ажиллагсаддаа дэвшүүлсэн мэндчилгээн дээр бичсэнээр үг, үсгийн зөрүүгүй бичсэн юм шүү. Үнэхээр түүхт өдөр болсон нь гарцаагүй. Ердөө 100-хан жилийн өмнө бид бүхэн эрчим хүч хэмээгч ид шидтэй биечлэн танилцаж, түүхийн явцдаа хэд хэдэн цахилгаан станцуудыг барьж байгуулан хөгжлийн замдаа шуударчээ.

Эрчим хүчний салбар бол тухайн улс орны хөгжлийн үндэс суурь, эдийн засгийн өсөлтийг хангах гол хүч байдаг. Харамсалтай нь манай энэ гол салбар социализмын төгсгөлийн жилүүддээ гацаж орхисон гэхэд болно. Үр дүнд нь хоёр хөршөөсөө эрчим хүчний хувьд хараат, байнгын дутагдал, хомсдолтой явж ирлээ. Өнгөрсөн хугацаанд хэдийгээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг эрэлхийлж байсан ч хөрш орны хүчирхийлэл, дотоодын улстөрчдийн увайгүй байдал, зарим нэг хэт эх оронч нөхдүүдийн балгаар тэдгээр төслүүд гацсаар өнөөдөртэй золгосон.

 

Таг мартагдсан V цахилгаан станц

 

Уг төслийг анх 2011 онд эхлүүлж байлаа. Үе, үеийн Засгийн газар, улстөрчдийн сонгогдох нэгэн сайхан шалтаг нь уг төсөл байсан. Анхны хувилбараараа бол 2017 онд бүрэн ашиглалтад орох ёстой байсан боловч өнөөг хүртэл цаасан дээр бичигдсэнээс өөр бүтээн байгуулалт байхгүйгээр үл барам олон нийтийн дунд бараг мартагдаж байна.  

Үе үеийн Засгийн газар, улс төрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцаасан Дулааны V цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн найман жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.

Тухайн үеийн Засгийн газар “ДЦС-5”-ыг барих бүх нөхцөлийг хангасан тогтоол гаргаж чадсан ч хэрэгжүүлж чадалгүй сонгуульд ялагдал хүлээсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг уг төслийн талаар “Анх Улаанбаатар хотын “ДЦС-5”-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан. Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай. Уг цахилгаан станцад түлэх 1.8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байна” гэж байсан ч эцсийн дүндээ энэ бүхэн дэмий зүйл болж үлдсэн. Тэгвэл түүний дараахан Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн нэгэнтээ “Тус цахилгаан станцыг барих төсөл 2011 онд эхэлсэн бөгөөд 2017 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. “ДЦС-5”-ыг барина гээд консерциум байгуулаад, Концессын гэрээ байгуулсан юм билээ. Энэ консерциумд нь БНСУ, Франц, Япон, Монгол зэрэг дөрвөн орны компани оролцсон. Гэхдээ энэ нь задарсан” хэмээн тайлбар хийж байлаа. Хэрэв уг төслийг бүтээн байгуулж чадаад тэртээ 2017 онд нь ашиглалтад оруулж чадсан бол өнөөдөр нийтээрээ өвөл “хөлдөх” тухай яриад, хөрш орнуудаасаа царай алдаад суухгүй байх байсан юм.

 

Баригдаж дуусдаггүй Багануурын цахилгаан станц

 

Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангана хэмээн үзэж, төсөвт өртгийг нь 1.2 тэрбум ам.доллар байхаар тооцсон бас нэгэн төсөл бол Багануурын станц юм. Багануурын уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байлаа.

Гэрээнд тусгаснаар  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг есөн цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заасан байдаг. Бусдыгаа бодоход уг төсөл 2017 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн юм. Тэгсэн ч дараа жил нь буюу 2018 онд тус цахилгаан станц барих төслийг эргэн харах шаардлагатай хэмээн үзсэн учраас гацсан. Ингээд Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр байгаа нь манай эрчим хүчний системийн аюулгүй байдал, нэгдсэн тогтолцоонд доголдол учрахаар эрсдэлтэй хэмээн үзсэн.

Харин саяхан манай улсад хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр энэ төслийн талаар ямар нэгэн шийдвэр гарна байх гэж олон нийт хүлээж байсан ч энэ тухай огт дурдагдаагүй. Гацаах үедээ хэт өндөр үнэтэй гэж байсан бөгөөд энэ асуудлыг шийдэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх болов уу гэсэн хүлээлт ийнхүү талаар болсон билээ.

 

Эргэн амилсан Эгийн гол 

 

Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл анх 1991 онд шийдвэр гарч байжээ. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй аж. Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг.

Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан ч засаг солигдсноор төсөл зогссон. Үүнээс гадна Байгал нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэх хойд хөршийн удаа дараагийн шахалт, элдэв эсэргүүцэлтэй байнга нүүр тулсаар өнөөдрийг хүрсэн. Хэдий тийм ч БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажлыг нь эхлүүлсэн ч мөн л ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Харин олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц энэ удаад дахин амилсан. Учир нь Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй Ерөнхий сайд уулзсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд “Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гэдгээ илэрхийлж энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг хариуд нь “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй” гээд НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлнэ хэмээн хэлсэн. Нэг ёсондоо Эгийн голын усан цахилгаан станц барих ажлыг НҮБ-ын анхааралд аваачиж, тэгснээрээ бид энэ станцаа барих боломж бүртсэн гэсэн үг. Дээрээс нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч гэсэн манай улсад ирэхдээ энэ төслийн талаар нааштай үг унагасан талаар эх сурвалжууд хэлж байгаа билээ. 

 

Ээдрээт түүхт Эрдэнэбүрэн

 

Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц одоо нэг юм ажил хэрэг болох замдаа шуударсан гэж хэлж болно. БХАНУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр уг төслийн санхүүжилтийг шийдэхээр тохиролцоонд хүрсэн юм. Өсөн нэмэгдэж байгаа баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг хангах, ОХУ-аас эрчим хүч авдаг байдлыг зогсоох гээд олон чухал давуу талтай уг төсөл түүхийн явцдаа мөн л чамгүй саад тотгортой учирсан. Ямар сайндаа л нэг багийн Засаг дарга нөхөр уг төслийг эсэргүүцэж Хятадын удирдагчид хаягласан захидал бичиж байхав дээ. Дээрээс нь гэнэтхэн асар олон малчин гарч ирээд өвөлжөө, хаваржаа гээд нөхөн төлбөр нэхэж, төв талбай дээр хүртэл жагсаж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явцыг удаашруулсан гэж үзээд Ховд аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт шийдэгдсэнээр 61 сарын хугацаанд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн тухайн газар нутагт амьдарч байгаа 271 өрхийн 1251 иргэнийг нүүлгэх асуудал ч үүссэн. Ямар ч байсан ээдрээт түүхийг туулсан энэ том төсөл ашиглалтад орсноор баруун бүс нутаг эрчим хүчний хараат байдлаасаа бүрэн ангижирч чадна гэдгийг салбарынхан онцолдог юм.

Гэсэн хэдий ч цаана нь зураг төсөл дээр л үлдсэн олон төсөл байгааг ч бэлхэнээ харж байна. Дээр дурдсан гацсан, одоо хүртэл хэрхэх нь тодорхойгүй төслүүдээс гадна Оюутолгойн урд хөршөөс авдаг цахилгааны хэрэглээг дотоодоосоо хангах Тавантолгойн цахилгаан станц байна. Энэ бүхнээс харахад 100 жилийнхээ түүхт ойн босгон дээр эрчим хүчний салбар хэд хэдэн томоохон төслийг зураг дээрээс буулгаж, ямар ч байсан эхлүүлж чадсан гэж харагдаж байна. Гэхдээ л аль тэртээ 1987 оноос хойш Монгол Улсад нэг ширхэг ч Дулааны цахилгаан станц баригдаагүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 08 сарын 23

Эд бүгдийг гацаагч н зөвхөн оросууд...

0  |  0
Коффи Аннан(192.82.78.253) 2022 оны 08 сарын 23

Тавантолгойн цахилгаан станц овоо урагшлахаар яригдах юм. Саад садаа блогчид аливаа ажилд байдаг явдал бас л гарч ирж...Гол нь Рио Тинто цахилгаан станцын үндсэн хэрэглэгч гэдгээ манай сайд дарга нар ойлгоогүй бүүр хүсэх ч үгүй байна. ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Насантогтох Моннис ын Чулуунбаатар гээч нөхөд хувийн компани зүтгүүлээд 1 жил гацаалаа.

0  |  0
Зочин(192.82.89.238) 2022 оны 08 сарын 23

Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтанд оруулбал хөршийн хараат байдлаас гарах нэг алхам болно.

0  |  0
Top