Гэр бүл бол нийгмийн хамгийн чухал нөлөө бүхий институт юм. Гэр бүлийн гишүүн бүр хуулийн өмнө хүлээсэн тус тусын эрх, үүрэгтэй. Гэвч Гэр бүлийн тухай хуулийг сөхөж ч үзээгүй гэр бүлийн амьдралыг сонгосон залуу хосууд олшроод байх шиг.
Үндэсний статистикийн хорооноос энэ онд “Тэтгэлэг тогтоолгосон хүүхэд”-ийн судалгааг хийжээ. Судалгаанд тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 буюу 47.1 хувиар өссөн байна. Ийнхүү гэр бүл салалтын золиосонд дээрх хүүхдийн тоо нэмэгдэж байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ, хугацааг зохицуулсан байдаг. Энэ хуулиар хүүхдийг 11-18 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр, харин 0-11 нас хүртэл үүний 50 хувиар хүүхдээ тэжээн тэтгэнэ. Хугацааны хувьд тэтгэлгийг сар, жил, улирлаар, эсвэл бүхий л хугацааны турш нэг удаа мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр барагдуулна гэж заасан байгаа юм.
Амьжиргааны доод түвшин гэдэг нь хэдэн төгрөг байдаг юм бэ гээд харахад 230-270 мянган төгрөг. Тэгэхээр 11 хүртэлх насны хүүхэд энэ мөнгөний 50 хувийг авна гэхээр 115-135 мянган төгрөг авах нь. 11-ээс дээш насныхан нь 230-270-ийг авах аж. Энэ нь хүүхэд боловсрол, хоол хүнс, эрүүл мэнд гэх мэт тоочих юм бол барагдахгүй олон хэрэгцээнүүдэд зарцуулах хэмжээний мөнгөн тэтгэмж биш. Дээрх мөнгөөр нэг сар бүү хэл долоо хоногийн амттай, шимтэй хүнсний бүтээгдэхүүн ч авч чадахгүй.
Мөнгөн тэтгэлгийн хэмжээ бага байгаа ч тэтгэлэг тогтоолгосон эцэг эхийн 20 хувь нь л төлдөг гэжээ. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй асуудал. Ихэвчлэн ээжүүд л амьдралын хүнд ачааг үүрч, хуулийн өмнө хүлцэнгүй байсаар ирсэн. Хариуцлагаас зугтаасан эцэг, эхийг өөгшүүлсээр байвал нийгмийн “идээ бээр” болсон асуудал хэзээ хагарах вэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ааш зангаа засах хэрэгтэй эмэгтэйчүүд ээ