Удтал талцсан АН-ынхан нэгдлийг хүсэмжилж буй ч “Мордохын хазгай” гэгчээр энэ намаас бүтэлгүйтэл салахгүй бололтой. Тухайлбал, тус намын залуу, дунд үеийнхэн “Намаа босгоно” гэлцэн Шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулсан.
Тэргүүнээр нь УИХ-ын гишүүн байсан, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгосон мэдээ нь олон нийтэд шууд уналт гэж уншигдсан. Бөөрөнхий, туйлбаргүй ийм тэргүүнтэй урагшлахгүй гэж намын гишүүд нь ч бичсэн харагдана лээ. Удаа дараагийн сонгуульд өвдөг шороодсон, тамгатай тамгагүй дарга нар гишүүдээ хэдэн хэсэг хуваасан, эв нэгдэл гэгчийг уландаа гишгэж, тархай бутархай болсон энэ намд уг нь “Тугалган жад” биш төмөр багана хэрэгтэй. Лу.Гантөмөрөөр шинэчлэлээ удирдуулах юм бол 2024 онд туг тойрохгүй. БСШУ-ны сайдаар ажиллаж байх үеэсээ монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг хассан гэхчлэн хэл аманд орж байсан. Түүгээрээ удирдагч биш гэдгээ хангалттай харуулсан.
Улстөрчийн хувьд “Нэг ардчилал” гэх фракцад Х.Тэмүүжинтэй хөтлөлцөн намын шинэчлэл ярьж, эрх ашгийн хүлээсийг тайлна хэмээн ярьж явсан. Хэн хэн нь сайхан ярьдаг л болохоос хэлснээ хэрэгжүүлдэггүй. Тэгсхийгээд фракцаа татан буулгасан. Дараахан нь нам доторх МОАН фракцыг тэргүүлэх болсон сураг дуулдсан. Ардчилсан намаа гийгүүлж, байгуулсан гавьяа лав алга. Гэтэл одоо шинэчлэлийн удирдагч хийх юм гэнэ. Ер нь бол “Шинэ нэгдэл”, Шинэ стратеги” гэж хэн ч хашгирч чадна, гоё ч сонсогдоно. Гэхдээ хуучин суурьгүй шинэ юм гэж үгүй. Хуучнаа шинэтэйгээ хослуулсан төлөвлөгөөтэй хүн л АН-ыг даргалж чадах байх. Хэрхэх нь хувь улстөрчдийн хэрэг юм биз. Харин улс төрийн хүчний тухайд АН ийм нөхдүүдэд заяа төөргөө даатгаж боломгүй. Парламентын танхимд хүчтэй сөрөг хүчинтэй байж эрх баригч нам хяналттай, хариуцлагатай байж чадна. Энэ үүднээсээ АН сул байгаа нь улс орны хийгээд иргэдийн амьдралд хортой байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн хойморт АН байсан цагт МАН байна. Эсрэгээрээ МАН байгаа цагт АН хүчтэй байх ёстой юм. Тиймээс Ардчилсан нам шинэчлэгдээсэй. Шинэчлэлийг нь бусдаасаа тохой илүү нэгэн гарч ирж удирдаасай гэсэн хүлээлт бол нийгэмд бий.
Тэгэхээр АН-ыг энэ цаг мөчид тулж түшиж, улс төрийн тавцан дээр мөрлөн гарч ирэх “Төмөр багана” хэн байж болох вэ. Үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, намаа зөв замаар аваад явчих чадалтай хүн байна уу. Энэ өнцгөөс харвал тус намынхан бас л болоогүй байна. Энэ намын лидерүүдийн нэг гэлцдэг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж л гэхэд АН-ын талцалд МАН-ыг буруутгажээ. Буруугаа бусдаас хайна гэдэг нөгөө “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх хялгасыг харж өрвөлзөнө” гэгчтэй агаар нэг болов уу. Зүй нь намынхаа дотоод зөрчил, албан тушаалын “алалдаан”-даа цэг тавьж, эрх ашгаа эрэмбэлчихээд эв нэгдлийн төлөө нэг цонхоор харж чадах ёс зүй, сэтгэл, зүтгэл АН-ынханд дутаж буй.
Өнгөрч буй долоо хоногт АН-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлснээ Дээд шүүхээс эргүүлэн татсан хэмээн мэдэгдээд байсан Х.Баттулга нь мөчөөгөө өгөхгүй гэдгээ баталж Намын Их хурал хуралдуулж, дэд дарга нар гэж өөрийн хүмүүсээ томилсон. Нөгөө талд намын хууль ёсны тамгыг атгаж буй С.Эрдэнэ мөн л хурал, цуглаан хийж, АН-ын дэргэдэх залуучууд, эмэгтэйүүд, ахмадын ТББ-ын тэргүүнүүдийг томиллоо. Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намын анхан шатнаас эхлэн нийт “хөрс”-ийг бордох, сийрүүлэх ажлыг тус тусдаа хийж буй. Энэ хоёрын талцлыг ойртуулж, ойлголцуулах, өөрөөр хэлбэл тохиролцоонд хүргэх “Дундын ажлын хэсэг” байгуулсан юм гэсэн. Тэр нь юу байж болох нь одоогоор улс төрийн хувьд ч, эрх ашгийн талаасаа ч “оньсого” болж байна. Хариу нь магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа, удаан явцтай бол 2024 оны сонгуулийн өмнө л тайлагдах байх. Энэ намын талцлын тухайд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ “Эд нар яг одоо эрх ашгийн талбарт дэвхцэж байна” хэмээсэн. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав одоогоос найман жилийн өмнө буюу 2016 оны сонгуулийн дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг авч явах хүчтэй лидер алга. АН-ын хүчийг нэгтгэж авч явж чадах даргатай болохгүй бол энэ янзаараа хоёр сонгуулиар олонх болж чадахгүй” гэсэн нь бий. Үүнээс үзвэл АН өөрчлөгдөхгүй бол 2028 он хүртэл дороо эргэлдсээр байж мэднэ. Ийм атал тус намынхан удтал нэгдэхгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор. Тодруулбал, өчигдөрхөн УИХ дахь АН-ын бүлэг Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, О.Цогтгэрэлийг томилсон шийдвэрийг гаргасан. Энэ мэдээг сонссон Д.Ганбат нь мөн л “Сөрсөн базаа” хийж “Надад болон бүлгийн бусад гишүүдэд мэдэгдэлгүй, нэр дэвшүүлэх боломж олголгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт заргын бичиг хүргүүлж амжив. Энэ мэтчилэн АН дотоод дахь талцал, толхилцол энэ намар улам идэвхжих араандаа оржээ. Харин хэн намынхаа өрхийг татаж, Ардчиллынхаа өргөөнд нар оруулах нь одоогоор тодорхойгүй байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
АН энэ янзаараа байвал 2 хуваагдаж, дараа нь мөхөл рүүгээ явна гэдэг нь тодорхой байна.