Дэлхий даяар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ болон инфляцын түвшин өссөөр байна. Энэ нь энгийн иргэдийн хувьд хүндхэн цохилт болж байгаа ч үүнээс ашиг олдог нь ч бий. Тэгвэл инфляц болон үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг олж байна вэ.
Эрчим хүчний аваргууд
ОХУ Украинд түрэмгийлсэний дараа эрэлт нэмэгдэж олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрээд байна. Саудын Арабын “Aramco” 4-6 сарын хооронд дээд амжилт тогтоосон бол BP энэ хугацаанд 6.9 тэрбум фунт стерлингийн ашиг олжээ. Харин “Shell” есөн тэрбум фунт стерлингийн ашиг орлогоороо дэлхийн хэмжээнд тэргүүлжээ. “British Gas”-ийн толгой компани болох “Centrica”-ийн ашиг нь тав дахин өссөн байна.
Уурхайчид
Улс орнууд Оросын хийнээс өөр хувилбар хайж байгаа энэ үед нүүрс моодонд орж эхэллээ. Энэ нь хамгийн бохир чулуужсан түлшээр мэргэшсэн уул уурхайн компаниудад ашгаа өгч байна. “Glencore”-ийн эрчим хүчний нүүрсний бизнес дээд амжилт тогтоож, 2022 оны эхний хагаст ашиг нь хоёр дахин нэмэгдэж, 15 тэрбум фунт стерлинг болж өсөв. Энэ өвөл Оросоос Европ руу нийлүүлж буй хий тасрах вий гэсэн болгоомжлолын улмаас эрчим хүчний компаниудад Их Британийн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах хугацааг хойшлуулахыг Засгийн газраас шаарджээ. Германы "Uniper" компани даваа гарагт ОХУ байгалийн хий дамжуулах хоолойн урсгалыг зогсоосны улмаас нүүрсээр ажилладаг “Хейден 4” цахилгаан станцдаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ.
Хүнсний барааны худалдаачид
“Archer Daniels Midland” (ADM), “Bunge”, “Cargill”, “Louis Dreyfus” нар нь хүнсний бараа, тэр дундаа үр тарианы зонхилох худалдаачид юм. Дэлхий нийтийг хамарсан хямралын үед эдгээр нийлүүлэлтийн сүлжээний зуучлагчид хүнсний хангамжийг шаардлагатай газарт нь хүргэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. ADM -ийн сүүлийн улирлын ашиг нь 60 хувиар өссөн бол хувийн эзэмшлийн “Cargill”-ийн орлого сүүлийн санхүүгийн жилд 23 хувиар нэмэгдэж, 165 тэрбум доллар буюу 140 тэрбум фунт стерлинг болж дээд амжилт тогтоожээ.
Тээвэрлэлтийн компаниуд
Цар тахал нь эдийн засаг болоод нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ цар тахал тээвэрлэлтийн компаниудын ашгийг огцом өсгөсөн. Хөл хорионы үеэр боомтуудын ачаалал нэмэгдэж, тээвэрлэлтийн компаниудын ашиг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хагас триллионоор өссөн байна. Дэлхийн хоёр дахь том тээвэрлэлтийн групп “AP Møller-Maersk”-ын ашиг гурав дахин өссөн байна.
Тансаг зэрэглэлийн цаг болон виноны худалдаачид
Бэлэн мөнгөтэй хүмүүсийн хувьд инфляцын өсөлт, зээлийн хүү харьцангуй бага, эдийн засгийн өсөлт сул байгаа нь хөрөнгө оруулалтаас олигтой өгөөж олоход хэцүү байдаг. Тиймээс тэд хөрөнгө оруулалтаа өөрчилж эхэлсэн байна. “Knight Frank”-ийн мэдээлснээр тансаг зэрэглэлийн цаг, виноны хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 16 хувиар, уран зургийнх 13, вискинийх 19 хувиар өссөн байна. Дэлхийн хамгийн том вино үйлдвэрлэгч “Bordeaux”-ийн орлого өнгөрсөн жил 37 хувиар өссөн байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )