“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхийн төлөө хэнтэй ч хамтрахаас буцахгүй

2022 оны 08 сарын 29

Үндсэн хуулийн цэцээс дан, давхар дээлний асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр Засгийн газарт хөдөлгөөн орох нь тодорхой болсон. Ингэж байж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн хоёр том давааг давна.

Үүний төлөө тэрбээр чөтгөртэй ч хамтрахаас буцахгүй бололтой. Ийм дүр зураг сүүлийн үеийн нөхцөл байдлаас харагдах боллоо. Тухайлбал, түүнийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхийн төлөө улс төрд ногоон гэрэл асаахаар бусад намуудаас сайд томилох гэж байгаа гэх мэдээлэл чих дэлсч байна. Үүний өмнөтгөл гэх үү, оршил гэх үү, ерөөс бий болсон нөхцөл байдал ч гэж хэлж болох зүйл нь дэлхийн геополитикийн хурдтай өөрчлөлт, хүчний шинэ төвүүдийн шилжилтүүдийг судлаачид эртнээс ярьсан.

Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямрал, зам харилцаа, ачаа эргэлт, тээврийн салбарт гарч буй хязгаарлалтууд, хүнсний хомсдол Монголыг тойрсонгүй. Гадаад, дотоод нөхцөл байдлаа харсан ч, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдалд анхаарахад Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэдгийг улс төрийн намууд дэвшүүлж байв.

Энэ бүхний үндсэнд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах санал, санаачилга улс төрийн хүрээнд гарсан уу, ямартай ч ийм томъёоллыг оруулж ирсэн гэлцэж байна. Одоогоор зөвшилцөл ид дундаа яваа гэх. Төрийн гурван өндөрлөг буюу ҮАБЗ-ийн гишүүд зөвлөлдөж, МАН-ын удирдлагууд ч зөвлөлдөх уулзалт хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Бусад зөвшөөрөхгүй бол УИХ-д үнэмлэхүй олонх болсон Ардын нам сөгдөж бөхийгөөд байх шаардлагагүй хэмээн гэдэлзэж буй гишүүд ч нам дотроос нэлээд бий  гэлцэнэ.

Энэ үнэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам /АН/-ыг танхимдаа урина гэсэн үг. АН-ын гишүүд дотооддоо учраа олохгүй байгаагаас биш, парламентад бас ч гэж сөрөг хүчин хэмээн сууж буй. Цаана нь Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-д сууж буй Т.Доржханд гишүүн бий. Үнэхээр Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар гээд шат шатандаа томилгоо яривал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн багт ажиллаж буй МҮАН, ИЗНН, МУНН-ынхан ч орж ирэх биз. Чухам ямар яриа, тохироо хийсэн нь өнөөдөр тодорхой болно гэж зарим хэвлэлүүд мэдээлсэн. Амралтын өдрүүдээр эрх баригчид шийдэлд хүрсэн эсэхээс шалтгаалах болов уу.

Ер нь бол гүйцэтгэх засаглалын хөсөг тэргийг хөтөлсөн үе үеийн Ерөнхий сайд нарт улсынхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, түүхэнд үлдэх өв гэж байдаг. Манай засгийн тэргүүн нар янз бүрийн л түүхтэй. Ер нь бол Төрийн ордны ханан дээр зургаа хадуулсан Ерөнхий сайд байхыг хэн л хүсэв гэж. Бүгд л хийсэн бүтээснээрээ улсынхаа түүхэнд үлдэх Засгийн газрын тэргүүн байхыг хичээдэг байх. Ийм утгатай үгийг Л.Оюун-Эрдэнийн өмнө засаг барьсан 30, 31 дэх Ерөнхий сайд маань ч хэлж байв.

Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хөршүүдтэйгээ хэр ойлголцож, гадаад харилцаагаа хэрхэн явч явахаас ихээхэн шалтгаална. Энэ зуны хувьд хойд, урд хөршийн Гадаад харилцааны сайд нар шил дараалан айлчилж, НҮБ-ын ерөнхий бичгийн дарга хүртэл манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирсэн. Өдгөө  БНСУ-ын Гадаад харилцааны сайд айлчилж байна. Боомтыг хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлого, хойд, урд хөршөөс шалтгаалах аливаа асуудлаар Л.Оюун-Эрдэнэ байж болох бүхий л гарц шийдлийг хайж, боломжийн үүд хаалгыг нээсэн гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр одоо дотооддоо эв нэгдлийг хангах л үлдсэн. 

Ерөнхий сайд хүн юуны өмнө дотроо бодолтой, гартаа барьсан төлөвлөгөөтэй байх ёстой. Түүний гарт “Шинэ сэргэлтийн бодлого” бий. Түүнийгээ хэрэгжүүлэхэд тэрбээр хэнтэй ч хөтлөлцөхөд бэлэн байна. Хэнтэй гэдэг нь одоогоор чухал биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх л чухал. Дүгнэлтийг нь ард түмэн хийнэ. Төрийн ордны зургаа хадуулсан  Ерөнхий сайд байх уу. Түүхэнд үлдэх юм хийж бүтээсэн Ерөнхий сайд байх уу гэдгийг харах л үлдлээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэн(192.82.68.62) 2022 оны 08 сарын 29

За тэгээд одоо яах вэ дээ, манай гучин гэр бүл аймаар томорсон. хэн хэнийгээ ажил хийлгэхээ байсан. Нэгдээд ч болов хийвэл аштай юу. Жаахан ч гэсэн юм хийж өрсөлдөөсэй. Олсон мөнгөө оффшорт аваачиж булаад, эсвэл эхнэр хүүхдүүд нь хувцас цүнх болгож сайрхалдаад, улс нь гадныхны шившиг болоод явж байснаас шинэ сэргэлтээ хийнэ биз, тэртэй тэргүй мөнх бусын орчлонд мөнх амьдрах ч биш, аваад үхэх ч биш. Хожим хйоно олон дагуултай архелогийн олдвор болох гээгүй л бол.

0  |  0
Зочин(103.57.95.47) 2022 оны 08 сарын 29

Гайгүй худ залуу юм даа анх бий болоход оо юу гэж байлаа нэг ч сайдаа сольж холихгүй гээд байсан шиг санагдах

0  |  0
Зөв шүү (66.181.161.46) 2022 оны 08 сарын 29

Ёстой зөв, одоо намын эрх ашиг биш, улс орны эрх ашгийн төлөө намууд нэг хараа зорилго дээрээ нэгдэх нь хамгийн гоё, зөв, аль ч улсад байдаг зүйл. Маш их ухаалаг шийдвэр. Монголчуудад ийм л удирдагч хэрэгтэй. Хувийн эрх ашиг, намын эрх ашиг гэж солиорогчид ухаараарай.

0  |  0
Зөв оүү(66.181.161.46) 2022 оны 08 сарын 29

Ёстой зөв, одоо намын эрх ашиг биш, улс орны эрх ашгийн төлөө намууд нэг хараа зорилго дээрээ нэгдэх нь хамгийн гоё, зөв, аль ч улсад байдаг зүйл. Маш их ухаалаг шийдвэр. Монголчуудад ийм л удирдагч хэрэгтэй. Хувийн эрх ашиг, намын эрх ашиг гэж солиорогчид ухаараарай.

0  |  0
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 29

өөр сонголт байхгүй одоо хуучнаар явах цаг байхгүй тул монголд ямар ашигтай байна бүгдийг л хий бид дэмжинэ

0  |  0
Тони(59.153.114.94) 2022 оны 08 сарын 29

Чадахгүй чадваргүй байж зайлуулаарай

0  |  0
Top