Үйлдвэрийн хэт чанга, өндөр нам давтамжтай, байнгын эмх замбараагүй чимээ шуугиан, удаан хугацаагаар сонсголын эрхтэнд аажмаар нөлөөлснөөр шуугианы нөлөөгөөр үүссэн сонсгол алдагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл байнга чимээ шуугианд удаан хугацаагаар ажиллах нь сонсгол бууралт үүсгэдэг.
Ялангуяа 85 децибелээс илүү чанга чимээ шуугиан дотор чихний сормууслаг эсүүд гэмтэж сонсгол бууралт үүсдэг. Шуугианы нөлөөгөөр үүссэн сонсгол бууралт нь эргэн сэргэх боломжгүй байдаг. Мөн хоёр чихний сонсгол хоёул алдагддагаараа аюултай. Чанга чимээ шуугиан нь сонсгол алдагдах шалтгаан болохоос гадна мэдрэл, зүрх судасны систем, сэтгэл зүйн хямрал, анхаарал төвлөрөлт, хөдөлмөрийн бүтээмж буурах, аюулгүй байдал алдагдах гэх мэт нөлөө үзүүлдэг.
Ажлын байрны шуугианаас гадна бусад олон хүчин зүйл сонсгол буурахад нөлөөлж болно. Жишээ нь орчны болон хувь хүний сонирхолтой холбоотой чанга хөгжим, буудлага, цахилгаан гар багаж, гэр ахуйн багаж хэрэгсэл зэрэг нь ажлын байрны шуугиан сонсголд үзүүлэх нөлөөлөлтэй ижил байдаг.
Тухайлбал, орчны дуу чимээнээс тусгаарлагдсан мэт санагдах, чих шуугих, дүнгэнэх, зурагт, радио, чихэвчтэй хөгжим зэрэг хэрэгслүүдийн дууг чангалж сонсох, ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох, өгсөн мэдээллийг буруу ойлгох, тоног төхөөрөмжийн дуут дохио болон аваарын дохио сонсохгүй байх нь осол аваар гаргах шалтгаан болох, шуугиантай орчинд сонсохын тулд илүү их анхаарал шаардах, өөртөө бухимдаж цухалдах, хүмүүстэй ярилцахад ойлгохгүй /хүмүүсийн яриа амандаа бувтнаад байгаа мэт санагдах зэрэг зүйлс нөлөөлнө.
ШУУГИАНЫ НӨЛӨӨГӨӨР ҮҮССЭН СОНСГОЛ АЛДАГДАЛТЫГ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ АРГА
Шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгийг өвчний ОУ-ын 10 дугаар ангилалд H83 кодоор бүртгэж, ангилдаг. Чих хамар хоолойн эмч болон сонсголын эмч шуугианы гаралтай сонсгол алдагдалтыг оношилж илрүүлдэг. Шуугианы гаралтай сонсгол алдагдалтыг илрүүлэхдээ аудиометрийн шинжилгээ, камертоны сорил, АSSR шинжилгээ болон үзлэг хийж оношилдог.
Монгол Улсад ажлын байрны шуугианы гаралтай сонсгол бууралт өвчнийг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А758, А/197 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтын 6.1 заалтад оруулсан байдаг.
Үүнд шуугианы гаралтай сонсгол бууралт II үе-хөдөлмөрийн нөхцөл солих, шуугианы гаралтай сонсгол бууралт III үе – 45-69 хувь нэг жилээр, шуугианы гаралтай сонсгол бууралт IV үе – 70-80 хувиар хоёр жилээр тус тус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохоор заасан байдаг. Тэгвэл шуугианы өртөлтөөс ажиллагсдыг хамгаалах аргууд бий.
Тодотговол, шуугианы эх үүсвэрийн ашиглалтыг зогсоох /шуугиан бага гаргадаг машин, тоног төхөөрөмжөөр солих, үйлдвэрийн болон үйл ажиллагааны өөрчлөлт, шинэчлэлт хийх, шуугианы эх үүсвэр эсвэл ажилтныг тусгаарлах инженерийн шийдэл хийх, тоног төхөөрөмжийг дуу тусгаарлах материалаар хаалт, хашилт хийх, шуугиантай тоног төхөөрөмжийн өртөлтөөс ажилчдыг хамгаалах хяналтын өрөөг гаргах, ажиллагсдын ажлын ээлж дахь шуугианд өртөх өртөлтийн нийт хугацаанд хязгаарыг тогтоох, өндөр эрсдэлтэй ажлын байрны шуугианы тархалтыг тогтоосон зураглал гаргах, тохиромжтой СХХ-ээр хангахын тулд ажилтныг чихний бөглөөсний тохирооны хэмжилтэд оруулах, ажлын байран дахь шуугианы түвшин 85 дБА болон түүнээс дээш газруудад сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглэх анхааруулах тэмдэглэгээ байршуулах, сонсгол хамгаалах хяналтуудын үр ашгийг үнэлэх зорилго бүхий аудиометрын хэмжилтэд хамруулах, ажилчдад шуугианы хор хөнөөл, СХХ-ийн зөв хэрэглээний талаарх сургалтыг явуулах, чихэнд ирэх шуугианы түвшин 85 д БА-ээс бага байгаа эсэхийг баталгаажуулсан СХХ-ээр хангах зэрэг аргууд бий.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )