Дараагийн хүнсний хямрал 2007-2008, 2010-2011 оныхоос ч дор байх төлөвтэй байна

2022 оны 08 сарын 31

Цар тахал, Украины дайн, нийлүүлэлтийн сүлжээний эмх замбараагүй байдал нь улаан буудай, наранцэцгийн тосноос эхлээд нимбэг, авокадо хүртэлх бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнийг бүхэлд нь өсгөсөн.

2020 онд цар тахал эхэлснээс хойш нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан байдалтай байгаа ч улаан буудайн гол экспортлогч Орос, Украины хоорондох дайны улмаас тасалдал улам эрчимжсэн. Энэ нь нийгмийн  эмзэг бүлгийнхэнд хүндээр тусаж байгаа билээ.

Мерси Корын Гүйцэтгэх захирал Тжада Д'Ойен МакКенна "2022 онд хүнсний үнэ тэнгэрт хадаж байгаа нь бидний эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлж буй мөнгөн тусламж тийм ч хол явахгүй гэсэн үг" гэж “Insider”-д өгсөн ярилцлагадаа ярьжээ. Тэрбээр "Хүнсний хүртээмжид саад учруулж буй гол хүчин зүйл бол худалдан авах чадвар буурч байгаа болон хүнсний үнийн өсөлт юм” гэв. Өнгөрсөн сард НҮБ болон Туркийн зуучлалаар Украин, Орос хоёр тохиролцоонд хүрч, Украинд Хар тэнгисээс үр тарианы экспортоо дахин эхлүүлэх боломж олгосон. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний үнийн индекс буюу түгээмэл худалдаалдаг барааны сагс 2022 оны эхээр дээд амжилт тогтоосны дараа долоодугаар сард дөрвөн сар дараалан буурчээ. "Сүүлийн долоо хоногт  хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь дайны өмнөх түвшиндээ буцаж байгаа ч зах зээл тогтворгүй хэвээр байх бөгөөд үнэ буурсан ч орон нутгийн зах зээлд нэг жилийн хугацаанд үнийн өөрчлөлт гарахгүй байж магадгүй" гэж МакКенна хэлэв.

Энэ жил ложистикийн асуудал тулгамдаж байгаа бол ирэх жил хангамж томоохон асуудал болохоор байна. Энэ жилийн хүнсний хямрал нь Украин, Оросын үр тариаг тус улсаас гаргахтай холбоотой ложистикийн тасалдалтай холбоотой юм. Гэхдээ ирэх жил хүнсний хангамж өөрөө аюулд орж магадгүй байна. Ялангуяа хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу довтолсон нь дөрөв, тавдугаар сарын хаврын тариалалтын үеийг тасалдуулсан.

Өнгөрсөн долоодугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Twitter” хуудсаараа дамжуулан дайны улмаас тус улсын тариалангийн ургацыг энэ жил хоёр дахин бууруулж болзошгүйг анхааруулсан юм. "Украины энэ жилийн ургац хоёр дахин багасна" гэж Зеленский Твиттер хуудастаа бичжээ.

Наймдугаар сарын 17-ны тайландаа “McKinsey” зөвлөх компани ургац хураалтын хэмжээ огцом буурна гэсэн таамаг дэвшүүлжээ. Украины улаан буудай зэрэг үр тарианы үйлдвэрлэл дараагийн ургац хураалтын улиралд 35-45 хувиар буурна гэж тооцоолжээ. МакКинси Украины дайны үеэр дэлхийн хүнсний аюулгүй байдлын тухай тайландаа "Байнгын зөрчилдөөн нь тариаланчдын талбай бэлтгэх, үр тариалах, үр тариаг хамгаалах, бордоход  саад болж байна. Энэ нь дараагийн ургац хураалтын улиралд бүр ч бага хэмжээтэй байх болно" гэжээ. “McKinsey”-ийн таамагласнаар, Украины ургац энэ жил хэвийн хэмжээнээс 30-44 сая тонноор бага байна.

 

Бордооны үнэ огцом өсөж, уур амьсгалын өөрчлөлт нь нийлүүлэлтийн цочролыг нэмэгдүүлж байна

 

ОХУ 2021 оны бордооны экспортын бараг тавны нэгийг эзэлж байсан ч Украины дайн тариалангийн шим тэжээлийн хангамжийг ноцтойгоор тасалдуулжээ. Нийтлэг азотын бордоо болох мочевины үнэ өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн талаар “Bloomberg” мэдээлжээ. "Бордооны хомсдол, бордооны үнэ өндөр байгаа нь мөн Бразил зэрэг бордооны импортоос ихээхэн хамааралтай орнуудын ургацыг бууруулах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх үр тарианы хэмжээг цаашид бууруулах магадлалтай" гэж “McKinsey” тайландаа бичжээ.

Газар тариалан, ханган нийлүүлэлтэд гарсан цочрол нь Европт ган гачиг, Австралийн үер зэрэг эрс тэс уур амьсгалтай үед тохиолдож байгааг харгалзан МакКинси дараагийн хүнсний хямрал 2007-2008, 2010-2011 оныхоос ч дор байх төлөвтэй байна. "Украины мөргөлдөөн нь дэлхийн хүнсний системийн чухал тулгуурыг аль хэдийн найдваргүй нөхцөл байдалд ганхуулж байна" гэж зөвлөх байгууллага хэлэв.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top