Дэлхий дээр тэмдэглэлт өдөр тоймгүй олон. Өчигдөр л гэхэд нимбэгний шүүсний өдөр тохиолоо. Энэ баярыг олон улсад тэмдэглэдэг бөгөөд “Хэрэв амьдрал чам руу лимон шидвэл түүнийг шахаад лимоны шүүс хийж уу!” гэдэг үг ч бий гэнэ шүү.
Нимбэг өөрөө аз жаргалтай гэрэл цацруулсан дулаан өнгийг бүрдүүлсэн, амт нь часхийж, чимчигнүүлсэн хүчиллэг, сэрүү татсан сэргэг соргог мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр энэ баяр ч өөрөө тийм л өнгө төрхтэй болдог нь дамжиггүй. Нимбэгний ашиг тус маш их ээ. Нимбэг нь жүржийн овогт багтдаг, цитрус төрлийн жимс. Дэлхийд өдгөө 30 төрлийн нимбэг байхаас хамгийн амттай нь Хятадаас гаралтай жүрж, нимбэгний эрлийз Майерын /1908 онд тариланч Фрэнк Майер АНУ-д авчирсан/ нимбэг гэнэ.
Азиас тэр дундаа Хятад болон цайны тариалалтаар алдартай Ассамын бүс нутаг буюу буюу Энэтхэгийн зүүн хойд хэсгээс гаралтай жимс гэж үздэг байна. Агуу Александрын цэргүүд нимбэгийг Грек болон бусад улс оронд анх түгээхдээ “Энэтхэгийн алим” хэмээн нэрлэдэг байж.
Нимбэг нь элэгний үйл ажиллагаанд маш сайн, шээсний хүчил болон бусад хорт бодисыг задлагч, цөсийг шингэрүүлэгч, зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаална. Цаашлаад эмчилгээ, ядаргаанд тустай, гоо сайханд тустай, мөн турахыг хүссэн хүнд нимбэг санал болгодог.
Хүчил, шүлтийн тогтвортой түвшинг хадгалж, хоол боловсруулах системийг сайжруулж, эвгүй үнэр арилгах, өвс, ногоо тарихад хурдан ургуулах тустай, нимбэгний хальс, хүнсний содыг холиод төмөр эдлэлийг гялалзуулна, жимсний толбо арилгах, шавж, хорхойг гэрээсээ холдуулахыг хүсвэл багахан нимбэгний шүүсийг цонх болон хаалганыхаа ойролцоо тавиад л гүйцээ гээд сайн талуудыг дурдаад барахгүй. Бүр шинжлэх ухаанд цахилгаан батерей үйлдвэрлэхэд ашигласан удаа ч бий. Хэдийгээр маш бага чадалтай ч нимбэгний батерей нь жижиг дижитал цагийг ажиллуулж чаддаг аж.
Сонирхуулахад Израилын иргэн Ахарон Шемоэл өөрийн фермдээ 5265 кг нимбэг ургуулсан нь 2003 онд дэлхийн хамгийн хүнд нимбэг хэмээн Гиннесийн номонд бүртгэгджээ.
Нимбэгний мод дунджаар 50 жил орчим амьдардаг, мөчрүүд нь хурц өргөстөй, жижиг ногоон модтойгоос гадна жилийн турш 6-10 удаа жимсээ өгнө. Нимбэг дэлхийн цорын ганц анион агууламжтай хүнсний бүтээгдэхүүн гэнэ. Анион гэдэг нь сөрөг цэнэгтэй ион аж. Бусад бүх хоол хүнс катион буюу эерэг цэнэгтэй ион агуулсан шинж чанартай байдаг аж.
Олон талын ашиг тустай уг жимсийг эх орондоо тариалан ургуулж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилгыг үүгээр гаргаж байна. Тэгээд жил бүрийн өдийд нимбэгний шүүсний баяр тэмдэглэдэг болбол мөн сайхан аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )