Тэгш амьдралын сондгой тавилан буюу тэгш, сондгойгийн хязгаарлалт шийдэл мөн үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

2022-2023 оны хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлаж оролцуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Ингэхдээ наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өнгөрсөн бямба гарагийг дуустал 08.00-20.00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгой хязгаарлалттай зорчсон юм.

Жил ирэх тусам замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй нь замын хөдөлгөөн тэг зогсолт хийх эрсдэлийг үүсгэж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр дуусгавар болсон тус шийдвэрийн үр дүн сайн байсан тул энэ оныг дуустал үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн билээ.

Улмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалттайгаар зорчих эсэхийг нөгөөдөр буюу 7-ны өдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулахаар бэлтгэжээ. Товчхондоо түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.


 

Г.Отгонтамир: Хурдаа тохируулаагүйн улмаас осол нэмэгдсэн

 

Өнгөрсөн онд дугаарын хязгаарлалт хийх үеэр 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан билээ. Ингэхдээ зөвхөн хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын хоёр өдөрт хязгаарлалт хийсэн байдаг. Найм хоногийн турш үргэлжилсэн дугаарын хязгаарлалтын үеийн хөдөлгөөний эрчим өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан байна. Харин дугаарын хязгаарлалтгүй үеийн замын хөдөлгөөний эрчимтэй харьцуулахад 45-50 хувиар буурчээ.

Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны өдөр замын хөдөлгөөнд 463 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн мөн үед 250 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Ингэснээр дугаарын хязгаарлалтгүй үед цагт 7-8 км-ын хурдтай зорчдог байсан бол энэ хугацаанд цагт 17-18 км-ын хурдтай болж нэмэгджээ.         

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.


-Дугаарын хязгаарлалттай найм хоногийн хугацаанд зам тээврийн хөдөлгөөн хэр байсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалттай бүсийг тогтоож, найм хоногийн турш улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлаж, ажиллалаа. Нийслэлд өнөөдрийн байдлаар 695 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. Үүнээс тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл нь 370 орчим мянга, сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл 320 орчим мянга байдаг. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хөдөлгөөний хяналт шалгалтыг тавьж ажилласан.

Хотын хэмжээнд хөдөлгөөний эрчим, ачаалал томоохон зах худалдааны төв орчимд үүссэн. Гэвч ямар нэгэн байдлаар бүсчилсэн хэсэгт түгжрэл үүсэж, таг гацаж зогссон асуудал үүсээгүй. Өглөө, өдөр, оройн цагаар хөдөлгөөний эрчим 20-30 хувь буурсан үзүүлэлттэй байлаа. Зарим өдрүүдэд 40 хүртэлх хувиар буурсан. Энэ нь нэг талаасаа эерэг үр дүн юм.

Дугаарын хязгаарлалтын эхний өдөр иргэдэд мэдээлэл тэгш хүрээгүйн улмаас зарим хэсэгт зохиомол түгжрэл болон бөөгнөрөл үүсэж байсан. Харин нийслэлээс хөдөө орон нутаг руу гарч буй хөдөлгөөн нэмэгдсэн. Товчоогоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоон мэдээллээс хөдөө орон нутгаас 150-180 мянган тээврийн хэрэгсэл хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нийслэлд орж ирсэн байна. Ингэснээр нийслэл хотын хэмжээнд 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалттайгаар ээлжилж хөдөлгөөнд оролцсон.

-Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл багассанаас гадна хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор явган хөдөлгөөн нэмэгдлээ. Цагдаагийн байгууллагаас явган хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрхэн ажиллаж байгаа бол?

-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор явган хөдөлгөөн нэмэгдсэн. Сургууль, томоохон худалдааны төв, гэр хороолол, орон сууцны хороолол гэх мэт хэсгээр явган хөдөлгөөн эрс нэмэгдээд байгаа. Цагдаагийн байгууллагаас явган хөдөлгөөнд оролцогсдыг осол аваараас сэргийлэхийн тулд хяналт шалгалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд, уулзвар, гарцан дээр алба хаагчид ажилсан. Есдүгээр сарын нэгний өдөр 942 алба хаагч дугаарын хязгаарлалттай холбоотойгоор болон сургууль орчимд үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

-Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор өнгөрсөн найман хоногийн хугацаанд хэд хэдэн зам тээврийн осол хотын төвд гарлаа. Үүний шалтгаан юу байв?

-Иргэд зам орчимд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөн сийрэг болсон ч гэсэн хурдаа зөв тохируулж явах шаардлагатай байна. Хурдыг тохируулаагүй, анхаарал болгоомжгүй явснаас, цагаан шугам давж эргэх үедээ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, мөн явган хөдөлгөөн их байгаа үед гарцтай, гарамтай хэсгээр явган зорчигчийг мөргөж гэмтээх зэрэг тохиолдлууд ихэссэн.

Нөгөө талаас явган зорчигчид зам тээврийн хөдөлгөөн сийрэг байлаа гээд машингүй өдөр шиг гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа тохиолдлууд байна. Явган зорчигч энэ мэт дүрэм зөрчиж байгаа нь аюулгүй байдлаа хангахгүй байгаагийн илрэл. Тиймээс иргэд явган болон тээврийн хэрэгсэлтэй байсан ч замын хөдөлгөөний дүрмээ баримталж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

 

Иргэд дунд болон урт хугацаандаа дугаарын хязгаарлалтын шийдвэр нь буруу гэх байр суурьтай байна

 

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн найман хоногийн дугаарын хязгаарлалттай холбоотойгоор дээрх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Үүнийг шийдэхийн тулд эхлээд өнгөрсөн найман хоногт гарсан үр дүнг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу санал оруулах эсэхийг шийднэ” хэмээн мэдээлсэн. Тэгвэл иргэдийн зүгээс дугаарын хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх эсэх дээр ямар байр суурьтай байгааг хүргэе.

Иргэн Б.Отгонмөнх “Дугаарын хязгаарлалт хийж байх үедээ замын түгжрэлийг бууруулах бусад шийдлээ хэрэгжүүлж байгаа бол асуудалгүй. Гэвч зөвхөн дугаарын хязгаарлалт хийх нь үр дүнгүй. Тийм атлаа татвараа бүрэн бүтэн төлж байна. Хамгийн хялбар сонголтоор түгжрэлийн асуудлыг шийднэ гэж байгаа бол эсэргүүцэж байна. Үүнийг үргэлжлүүлэх шаардлага ч байхгүй. Өвөл болохоор иргэд хэрхэн дулаахан зорчих вэ. Унаагаа амьдралдаа хэрэглэх гэж л авсан шүү дээ” гэлээ.

Мөн иргэн Г.Батбаатар “Тэгш, сондгой дугаараар иргэдийг хөдөлгөөнд оруулсан ч тээврийн хэрэгслээс авах татвараа бууруулахгүй. Найман хоногт замын хөдөлгөөн сайхан байсан ч түгжрэлийн эсрэг авч буй ганц арга хэмжээ юм бол ямар ч чадамжгүй Засгийн газар, төртэй гэдгээ мэдлээ. Олон жил түгжрэлд зориулж, төсөв баталсан. Тэр мөнгийг юунд зарцуулав. Нийтийн тээврээ ч нэмээгүй, сайжруулаагүй атлаа хөл дүүжлэх унаануудыг нь хорино гэдэг өөрөө утгагүй хэрэг юм” гэв.

Мөн иргэн Д.Батцэцэг “Мэдээж хэрэг түгжрэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцох сайхан байлаа. Тэглээ гээд урт хугацаанд үргэлжлүүлнэ гэдгийг дэмжихгүй байна. Богино хугацаандаа оновчтой шийдвэр боловч дунд, урт хугацаандаа буруу шийдвэр гэдгийг бүгд мэдэж байна. Өнөөдрөө л аргалаад байж болохгүй шүү дээ. Хэдийгээр түгжрэлгүйгээр зорчих нь тааламжтай байгаа боловч машин явахгүй өдөр такси ч олдохгүй, нийтийн тээвэр ч хүртээлгүй, хүүхдээ хэрхэн сургууль, цэцэрлэгт хүргэх нь өөрөө асуудал болоод байгаа юм. Суурь асуудлыг шийдэхгүйгээр шууд дугаарын хязгаарлалт хийлгэсэн нь нэг талаараа буруу гэсэн үг. Магадгүй зарим айл 2-3 машинтай учраас амар байгаа болов уу. Зарим хүмүүс хэдийн хоёр дахь тээврийн хэрэгслээ ч хайж байгаа сурагтай” хэмээв.

Иргэн Д.Болд “Дугаар хязгаарлалт, машин их байна хэмээн хэдэн машинтайгаа л багтаж, ядаж байна даа. Үнэндээ гол асуудал бол нийтийн тээврйин хүртээмж. Хангалттай хүртээмжтэй байсан бол түгжрэлд машин унахгүйгээр, нэгдүгээр эгнээгээр зорчиж, алхаж, ажлаа амжуулж чадна. Бүтээн байгуулалтыг зоригтой хийхгүй, нийтийн тээврийн дэд бүтэцдээ мөнгө зарлагадах дургүй, иргэдийн эрх ашгийг боосон шийдвэр гаргадаг хүмүүсээр удирдуулж буй нь хор уршиг иргэдэд л ирж байна” гэсэн юм.

 

10 жил үргэлжилсэн дугаарын хязгаарлалт дараагийн 10 жил ч үргэлжлэх үү

 

Тэгвэл 2012 оны өдийд буюу наймдугаар сарын сүүлийн долоо хоногт ч мөн дугаарын хязгаарлалт хийж байсан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл албан тушаалаа авсныхаа дараа авсан анхны ажил нь замын түгжрэлийн ажил байсан юм. Тухайн үед түгжрэлийн эсрэг авах боломжтой хэд хэдэн хувилбар гаргасны нэг нь тээврийн хэрэгслийн цифрээр хөдөлгөөнд оролцуулах байв.

Ингэж л түгжрэлийн эсрэг авсан дугаарын хязгаарлалт хэрэгжсэнээр 10 жил өнгөрч байгаа юм. Тухайн үед ч түгжрэлийг бууруулах шийдлээ олохын тулд богино хугацаанд энэ шийдвэрээр явахаас өөр сонголтгүй гэж байсан ч шийдлээ олоогүй 10 жил болсон бололтой. Тэгэхээр магадгүй дараагийн 10 жилд ч тэгш, сондгойгоор зорчихыг үгүйсгэхгүй. Хэдийн метроны судалгааг одоогоос 10 жилийн өмнө хийсэн. Засаг дарга асан Э.Бат-Үүл ч метроны судалгаа хэвээр байгаа, ашиглах хэрэгтэйг ч дурдсаар л яваа. Одоогийн Засаг дарга Д.Сумъяабазар LRT хөнгөн галт тэргийг санал болгож байгаа. Энэ мэтээр түгжрэлийн эсрэг авах ёстой хамгийн том шийдэл нийтийн тээвэр гэх боловч метро эсвэл LRT хөнгөн галт тэргээс урьтаж шугамын автобуснуудаа хүртээмжтэй байлгах шаардлагатай байна.

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудлыг судалж буй судлаач Д.Оргилболд “Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дахин хийх нь бүтэлгүйтнэ. Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жил бүр 30 мянгаар нэмэгддэг. Харин хотын төвд сүүлийн гурван жил зам нэмж барьсангүй. Мөн нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой атал оронд нь машины тоогоо багасгах арга сүвэгчилж байна. Хотын төвд амьдардаггүй, бас ажилладаггүй хүн хотын төвд машинтай орж ирвэл татвар авдаг улс орон бий. Мөн замын түгжрэл багатай хотуудын жишгийг харвал зарим хот нь сийрэг эсвэл нийтийн тээврийг сайн хөгжүүлсэн байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top