Энэ жил дэлхийн улс орнуудын талаас илүүд нь иргэний эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл үүсээд байгаа ажээ. Их Британид төвтэй, эрсдэлийн зөвлөх, тагнуулын фирмийн “Verisk Maplecroft”-ийн мэдээлснээр, ийнхүү эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа нь инфляц, дайн дажин, хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний хомсдол зэргээс үүдэлтэй тогтворгүй байдал газар авч буйтай холбоотой аж.
Иргэний эмх замбараагүй байдлын индекст хамрагдсан 198 орны 101-д нь энэ оны хоёрдугаар болон гуравдугаар улирлын хооронд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа аж. "Хэдийгээр 2022 оны эхний хагаст хэд хэдэн олны анхаарлыг татсан, томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсон ч хамгийн муу нь хараахан болоогүй байна" гэдгийг “Verisk Maplecroft” онцолжээ.
“Verisk”-ийн индексийн дагуу Шри Ланкад Засгийн газрын тогтвортой байдал хамгийн ихээр буурсан нь тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигтай эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл өнгөрсөн долоодугаар сард болж Ерөнхийлөгч асан Готабая Ражапаксаг огцруулсан явдалтай холбоотой юм. Иргэний эмх замбараагүй байдлын эрсдэлд хамгийн их өртөж буй улс орнуудын дунд орлоготой орнууд ч багтаж байгаа аж.
Украины дайны үр дагавраас болж Швейцарь, Нидерланд, Герман, Босни-Герцеговина зэрэг улсад мөн эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай аж. Орос Украинд халдан довтолж байгаа нь хүнс, шатахууны үнийг өсгөж, дэлхий даяар амьжиргааны өртгийн хямралыг өдөөж байна.
Гэсэн хэдий ч хамгийн муу үр дагавар хараахан гараагүй байна.
Үүний зэрэгцээ Германд эрчим хүчний хомсдол үүсэж, цахилгаан тасарч, эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүргэсэн бөгөөд тус улсын дээд зохицуулах газраас ирэх өвлийг тэсвэрлэхийн тулд хийн хэрэглээгээ бууруулах ёстой гэж мэдэгджээ. Ирэх хэдэн сарын хугацаанд инфляц илүү хүчтэй мэдрэгдэж, 2023 онд улам дордох төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Хэрэв намар, өвлийн улиралд Европт ердийнхөөс хүйтэн жил болвол энэ нь ноцтой эрчим хүч, амьжиргааны өртөг хямралыг улам хурцатгах болно. Мөн ган гачиг нь хүнсний үнийг өсгөж, нөлөөлөлд өртсөн орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж болзошгүй байгаа юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ooroo oortoo sanction tavina gej ene dee . t1 usa ,uk , eu...kkkk