Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх сэдэв бүхий уулзалтыг энэ сарын 9-ний өдөр хийсэн билээ. Тус уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ази, номхон далайн Нийгэм, эдийн засгийн хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Нийтийн тээврийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл, нийтийн тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, судлаачид оролцсон юм. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлнямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх хэлэлцүүлэг, уулзалтын гол онцлог, ач холбогдол нь юу байв?
-Тус уулзалтад Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд олон улсын туршлагыг судлах, бидэнд ямар системийг хөгжүүлэхэд боломжтой талаар ярилцах олон улсын зөвлөхүүд ирсэн. Тус системээр LRT галт тэргийг нэвтрүүлэх судалгаа, төлөвлөлт ажлыг зөвлөн ярилцаж байна. Нийтийн тээврийн хөнгөн галт тэргийг зохих ёсоор нь хөгжүүлсэн Тайвань улсын профессор олон улсын туршлагаа хуваалцаж байгаа юм.
Олон улсын аргачлалаар аятай, тухтай, ээлтэй орчинг бүрдүүлсэн нийтийн тээврийн системийг хөгжүүлэх нөхцөл байдал маань ямар түвшинд байгааг үнэлэх зорилготой. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн тээврийн системийг хөгжүүлэх, байгальд ээлтэй тээвэрлэлтийг нэвтрүүлэх, үүнд, байгалийн хий болон цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжих, тэдгээрийг цэнэглэх станцуудын сүлжээг бий болгох хэмээн тусгасан байгаа. Энэ ажлын хүрээнд уялдуулж, тус уулзалтыг хийсэн.
Манай улсад нийтийн тээврийн системийн маршрут төлөвлөлт алдаатай байдаг. Учир нь нэг ашигтай чиглэлд олон тооны автобус явах, нийтийн тээврийн давтамж хангалтгүй гэх мэт асуудлыг сүлжээний системд оновчтой төлөвлөж, зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Мөн нийтээр хамарсан тээврийн хэрэгслийнхээ аль төрлийг газрын гадарга дээр байгуулах, газар доогуур байгуулвал хэрхэх, энэ бүхэнд газар зүйн байршил болон цаг агаар хэрхэн нөлөөлж буй зэргийг судалж, улмаар манай улсын хөрсөн дээр ямар тээврийн хэрэгслүүд тохирохыг ярилцаж, шийдвэр гаргах зорилготой.
-Хотын хэмжээнд 106 чиглэлд 981 автобус явж байгаа. Энэ нь хотын иргэдэд хүртээмжгүй байна. Энэ жилийн хувьд автобусны тоо ширхгийг нэмэх, чанарыг сайжруулахад яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?
-Нийтийн тээвэрт эко автобуснуудыг нэмэхэд анхаарч ажиллаж байгаа. Шинээр авсан автобуснуудыг замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Түгжрэлтэй холбоотойгоор шийдэх асуудлын нэг бол аятай, тухтай, аюулгүй нийтийн тээврийн орчинг бий болгож, хувийн унаагаар зорчигчдыг зарим тохиолдолд автобусаар зорчдог болгох явдал юм. Энэхүү ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд жолоочдын жолооны ур чадварыг нэмэгдүүлэх, зорчигчдыг аюулгүй тээвэрлэхэд жолоочийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байгаа. Мөн сургуулийн автобусны тоог нэмсэн. Ингэснээр автобусгүй сургууль байхгүй болж, сургуулийн автобусны хүртээмжийг сайжрууллаа.
Захын хорооллуудад автобус байхгүй, мөн гэр хороолол дунд шинээр байгуулсан хороолол замгүй, гэрэлтүүлэггүй гэх мэт асуудлаас болж нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байгаа. Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг авч буй арга замуудын нэг бол мухар замд холбоос бий болгох юм. Замын зорчилтыг нэмэхийн тулд тойрог болон цацраг хэлбэрийн сүлжээсэн замаас зайлсхийж байгаа. Ингэхдээ олон сонголттойгоор мухар замуудад холбоос бий болгож, замын зорчилтыг нэмэх маршрутыг гаргаж, суурь асуудлыг шийдэж байна.
-Он дуусахад нэг улирал үлдсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас он дуусахаас өмнө ямар ажлуудыг хийж байгаа бол?
-Нийтийн тээвэртэй холбоотой ажлыг хэрэгжүүлэх нь нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд юм. Яамнаас бодлогоор хангаж, бодлогын удирдамж өгч, чиглүүлдэг. Мөн нийслэлийн эрх зүйн байдлын хүрээнд хуулийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор саяхан сайдтай боллоо. Ингэснээр холбогдох талууд хамтарч ажиллаж, түгжрэлийн асуудлыг шийдэхэд анхаарна.
Нийслэлд хэрэгжүүлж буй ажлуудад олон талын хамаарал бүхий уялдаа холбоо шаардлагатай учраас Үндэсний зөвлөлийг байгуулсан. Зөвхөн зам, тээврийн асуудал биш. Үндэсний зөвлөл нь түгжрэл рүү хандсан олон талт үйл ажиллагааг хангах чиглэлээр төлөвлөгөө болосвруулсан. Төлөвлөгөөний дагуу эхний ажлуудыг хийж эхэлж байгаа. Тухайлбал, зам өргөсгөх, явган зорчигчийн замыг сайжруулах, дугуйн зам нэмж барих гэх мэтээс дурдаж болно.
-Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилтат замаар холбож дууссан. Нэмээд 45 сумыг нийслэлтэй холбох ажлыг хийх юм билээ. Энэхүү ажил эхэлсэн үү. Эдгээр сумдаа хэрхэн сонгосон бэ?
-Авто замын сүлжээг олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хэмээн ангилдаг. Олон улсын болон улсын чанартай замын сүлжээнд 14 мянга орчим км зам бий. Энэ нь аймгийн төвүүд, улсын нийслэл болон хилийн боомтуудыг хооронд нь холбосон зам юм. Бүтцийн хүрээнд Улаанбаатар хотыг бүх аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбосон. Хамгийн сүүлд Завхан аймгийн Улиастай хотыг нийслэлтэй хатуу хучилтат замаар холбож дууслаа. Нийслэлийг бүх сумтай замаар холбох боломжгүй.
Харин хилийн ойролцоо боомтуудыг аймгийн төвтэй эсвэл ойр сумтай эдийн засгийн үр ашигтай байдлаар холбогдох чиглэлийн дагуу боомтын сэргэлтийн хүрээнд боомтыг чиглэсэн замыг барихаар ажиллаж байгаа. Ингэснээр хилийн боомтуудыг үе шат, эрэмбэ дараатайгаар, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаас хамаарч хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхой байдлаар шийдэж, хатуу хучилттай замаар холбох юм. Улсын чанартай замын сүлжээний дагуу байгаа замуудыг аймгийн төвийн хатуу хучилттай замтай холбох эсэх нь дараагийн шатанд ярих зүйл.
Энэ асуудлын хүрээнд Нутгийн зам хөтөлбөрийг яамнаас боловсруулсан. 2024 он хүртэл тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд 45 сумыг улсын чанартай замтай холбохоор хөтөлбөртөө тусгасан. Эдгээр сум нь эдийн засгийн өсөлтийг хангах, мөн улсын чанартай замтай холбогдох нийгэм, эдийн засгийн нөхцөл нь бүрдэж буй чиглэлийн зам юм. Энэ замуудыг төлөвлөлтийн шийдлийн хувьд хямд өртөгтэй хэмээн тодорхойлж байгаа. Тус чиглэлийн зам нь хүчин чадлын хувьд хоногт явж буй автомашины тоо, эрчимжилтээрээ харьцангуй бага байдаг учраас техникийн үзүүлэлтээрээ хямд өртөгтэй тусах юм.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын чиг дагуу 10 байршилд зэрлэг амьтдад зориулсан гарцын ажлыг хийнэ хэмээн хэлж байсан. Энэхүү гарцын ажлыг эхлүүлсэн үү, ямар шатандаа байгаа бол?
-Экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн тогтвортой байдлыг дэмжих ажлын хүрээнд зэрлэг амьтдад ээлтэй, тэдний нүүдлийн гарцыг тасалдуулахгүй байх төлөвлөлт бүхий инженерийн шугам байгууламжийн нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Үүний хүрээнд сүүлийн жилүүдэд олон улсын болон дотоодод байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зөвлөмжөөр утс ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд барьж буй авто болон төмөр замуудад зэрлэг амьтдад зориулсан нүхэн гарц хийж байгаа. Ямартай ч манай улсад холбоотой мөрдөгдөх стандартыг нь баталсан. Уг стандартын дагуу ажлын даалгавар, зураг төслийг нь хийж байгаа.
Мэргэжлийн байгууллага болон тухайн бүс нутагт байгаа амьтан судлаачидтай хамтарч зэрлэг амьтдын нүүдлийн гарц нь тус нутгийн кординат, маршрутын дагуу байгаа эсэхийг шугам байгууламжаар тогтоож чадсанаар гарцыг барих юм. Тиймээс зүүн аймгуудад зээр хаагуур явж буй, хавар, намартаа тухайн нутгийн аль кординатаар хэр их давтамжтай явдаг зэргийг судалж, оновчтой байрлалд тухайн гарцыг барьж ажиллана. Бидний зүгээс гарцын төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж байгаа. Зарим барьсан гарцандаа энэ чиглэл нь оновчтой байсан эсэхэд камер тавьж, мониторинг хийж, зэрлэг амьтад гарч байгаа эсэхэд ажиглалт хийж байна.
Газар доогуур нүхэн гарц хэлбэрээр амьтдын гарцыг хийх нь өнөөдрийг хүртэлх хамгийн оновчтой шийдэл юм. Бид цаашдаа газрын гадарга дээгүүр ногоон байгууламж дагуулсан гарц хийнэ. Энэ бол олон улсад, тэр дундаа европын улс орнуудын хийсэн жишиг загвар. Ази тивд анх удаа манай улс стандарт батлаад, олон улсын жишгээр амьтны гарц хийх гэж байна.
Тиймээс энэ ажилд олон улсын байгууллагууд биднийг анхаарч, зөвлөж, хамтарч ажиллаж байгаа.
-Орон нутгийн замуудаас гадна хотод тулгарч буй замын асуулын нэг бол явган зорчигчийн зам юм. Явган зорчигчийн замын материалын стандарт шаардлага хангахгүй байгаа. Яамны зүгээс тус замын стандарттай холбоотойгоор ямар ажлыг хийж байгаа вэ. Стандартын шаардлага хангаагүй замыг өнөөдрийг хүртэл хүлээж авсан хэрэг үү?
-Явган зорчигчийн замын стандартыг гаргасан байдаг. Гэвч явган зорчигчийн замыг барихдаа стандартаа барьж ажиллахгүй байна. Манай зүгээс явган зорчигчийн замын материалыг өрмөл чулуу байж болно хэмээн 2007 онд стандартад оруулж өгсөн. Түүнээс хойш стандартын үзүүлэлтийг хангахгүй, гажуудуулах, барилгын өнгөлгөөнд ашигладаг материалаар явган хүний зам хийх, улмаар өвлийн улиралд хальтиргаа, гулгаа үүсэж, иргэд эрүүл мэндээрээ хохирох зэрэг эрсдэлийг дагуулж байдаг.
Тиймээс яамны зүгээс стандартад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Явган зорчигчийн замын стандарт нь өрмөл чулуун биш, аспальтан болон цементэн хучилттай байхаар өөрчлөлт оруулбал аюулгүй байдлаа бүрэн хангах нхөцөлийг бүрдүүлнэ. Ямар нэгэн байдлаар стандарт хангахгүй материалуудыг ашиглуулахгүй байх зохицуулалтыг хийнэ. Явган зорчигчийн замыг шаардлага хангахгүй материалаар хийлгээд, хүлээж авч байгаа газар бол нийслэл юм. Яамны зүгээс эрх зүйн орчны хүрээнд стандарттай холбоотойгоор ажилладаг.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд зөвхөн стандарттай холбоотой тусгайлсан зүйл заалтууд бий. Харин материал, хийц, бүтээмж зэрэгт салбар бүр тус тусдаа стандартаа батлуулж явдаг. Тиймээс цаашдаа ямар ч төрлийн стандартыг чухалчлах, стандартаа барьж төсөлт ажлуудыг хийж явна.
-Ярилцлагынхаа төгсгөлд эргээд түгжрэлийн сэдэв рүүгээ ормоор байна. Манай улс хэтдээ баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдийг импортлохыг хориглох уу. Буруу, зөв нь тодорхойгүй олон мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Яамны зүгээс үүнд тайлбар өгвөл?
-Манай улс замын хөдөлгөөний дүрмээ баримтлах улс болох хэрэгтэй байна. Зам тээврийн ослын дийлэнх хувийг баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэлдэг. Тэгэхээр жолооны хүрднээс гадна иргэдийн дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохгүй байгаа явдал нөлөөлж байна. Нөгөө талаас баруун гарын дүрэмтэй замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн баруун талдаа байрлах хүрдний байрлал ч нөлөө үзүүлж байгаа. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Шинэчилсэн найруулгыг баталвал дараа дараагийн шийдэл бий болно. Одоогоор баттай хариулт өгөхөд эртэднэ.
Харин тээврийн хэрэгслийн насжилтыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Цаашдаа насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах, шаардлагатай эд ангиудыг бэлтгэх гэх мэтээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлдвэрлэлийг ч хөгжүүлэх эрэлт хэрэгцээ үүсэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Н ИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛД ХЭЛЭХ ШҮҮМЖ БАЙХГҮЙ САЙН БАЙГАА ГАГЦХҮҮ ЖОЛООЧ НАР БЭЬЛЭЭ МӨНГӨ АВЧ БАЙГАА НЬ ЗОХИСТОЙ БИШ ҮЙЛДЭЛ
Автобусны жолооч нар бэоэн мөнгө маш их авч байна. Мөн автобусны жолооч нар зарим нь согтуу, зарим нь сэтгэцийн өвчтэй хүмүүс их байна шүү
76-г буухад нь автобус баазад жолоочоор оруулдаг хууль батла