Манай улсад 15-29 насны идэвхтэй ажлын байр хайж байгаа 37.137 иргэн байгаа ажээ. Тэгвэл эсрэгээрээ улсын хэмжээнд нийт ажилгүй иргэдийн 36.7 хувийг 15-29 насныхан эзэлж байгаа юм.
Ажил олгогчдын зүгээс хүний нөөцөө бүрдүүлэхийг хүссэн ч ажлын зараар хайгаад ер хүн олдохгүй байна гэх. Үүний шалтгааныг зөвхөн иргэд ажил хийх хүсэл сонирхолгүй, халамжлуулахыг хүсэж байна хэмээн буруушааж буй. Нийгмийн нэгээхэн хэсэг халамжлуулах ёстой. Ямар ч улсын нийгэмд тийм л байдаг. Харин яагаад хүний нөөц бүрдүүлэхэд асуудал үүсээд байгааг олох хэрэгтэй. Халамжаас хамаарч байгаа юу гэвэл үгүй.
Үүний хамгийн том шалтгаан бол цалин. Ажлын зараар очсон ч дээрх насны иргэд ажлаасаа богино хугацаанд гардаг шалтгаан бол ерөөсөө л цалин байдаг. Тухайн байгууллагын өгч буй цалин нь өдрийн хоол, унааны мөнгөнөөс хэтрэхгүй бол тэр жинхэнэ асуудал. “Залуу хүн туршлагажих хэрэгтэй, тиймээс цалингаа бага хэмээн голж болохгүй” хэмээн хэлэх хүн бий. Залуу байлаа гээд мөнгөний хэрэгцээгүй байна гэж юу л бол.
Амьдрал ахуйнхаа төлөө хүн хөдөлмөрлөдөг. Тэгэхээр тэр хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа бол хэрэгцээгээ хангах газрыг хайх нь зүй ёсных. Энэ насны иргэдийн хувьд голчлон үйлчилгээний газар ажилладаг. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй залуус байгаа боловч үйлчилгээний салбар тэдний амьдралын хэрэгцээг хангаж чадах цалин өгч байгаа учраас л дийлэнх хэсэг нь зүглэж буй хэрэг. Товчхондоо бид тэдний сонголтыг буруушааж болохгүй.
Ажил олгогч нь асуудлаа шийдвэл ажиллагч нэгэн аяндаа л олдоно. Товчхоноор бол дотооддоо ажил хийж чадахгүй байна хэмээн хэлэгдэх иргэд харь нутагт яагаад ажиллаад байна вэ. Ердөө л тэдний хөдөлмөрийг хангалттай хэмжээнд үнэлж буй хэрэг. Аливаа зүйл олон талтай ч энэ бол ердөө нэгээхэн өнцөг нь гэдгийг уншигч та тунгаагаарай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )