Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг сумын нэг голомтод мялзан өвчин бүртгэгдээд байна. Тус голомтод нийт 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогдож, гурван малыг зориудаар устгажээ. Одоогоор мал нэмж өвчлөөгүй байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Бог малын гоц халдварт мялзан өвчний үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг ажээ.
Уг өвчний вирус нь гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэргээр дамждаг байна. Бог мал халдвар авсан тохиолдолд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг аж. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 0 )