ДУНДГОВЬ: Хорь гаруй төрлийн жимс, хүнсний ногоо тариалж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нарын албаны хүмүүс УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн үйл ажиллагаатай танилцан цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд дээр бүхий л талаар хамтарч, талбайн ашиглалтын байдлыг нэмэгдүүлэх тал дээр тариалан эрхлэгчдийг боломжоороо дэмжиж ажиллахаа хэллээ.
 
Одоогийн байдлаар "Говийн шимт ургац" ТББ, иргэдийн бүлэг нэгдэн гадна болон дотор талбайд юуцай, төмс, сонгино, салатны навч, хууцай, байцаа, цагаан лууван, өргөст хэмх, улаан лооль, тарвас гэх мэтчилэн 20 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногоог тариалан энэ жилийн хувьд Жавхлан, Дундговьд үйлдвэрлэв төв, Дэлгэрэх дэлгүүрүүдээр худалдаалж эхлээд байна.
 
Цаашид аймгийн хөрсөнд ургуулсан жимс, хүнсний ногоогоор иргэдийг хангах, хүлэмж болон хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, эхний ээлжид говьд тэсвэртэй мод, мөн алим болон бусад жимсний мод тарих зэргээр гадна талбайгаа бүрэн дүүрэн ашиглаж ажиллахыг зорьж байгаа ба хамгаалалтын бүстэй болох нэн шаардлагатай байгаа талаараа онцлон танилцууллаа.
 
Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгатайгаар нэмэлтээр ОНХС-ын хөрөнгөөр 90 гаруй сая төгрөгөөр хашаа, гүний худаг, цахилгаан хангамжийн асуудлыг шийдэж өгснөөр тариаланчид нэмэгдэж, нэгдэн ажиллах боломжийг хангасан байна.
Түүнчлэн гадна талбайдаа газар тариалан эрхлэх хүсэлтэй залуучуудтай хамтарч гар доорх материал ашиглан хүлэмж барьж, жимс, хүнсний ногоо тарьж өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхийг залуучууддаа уриаллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top