СЭДЭВ I Наадам, найрын өдрүүдээ орхиод намрын ажилдаа анхаарцгаая

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Бар жилийн зун илүү сартай, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой давхацсан өргөн дэлгэр наадамтай боллоо. Залгуулаад намар цагийн их найр ид хавтгайрах тийшээ хандаж байна. Тун удахгүй намрын дунд сар гарахаар хурим найрын тоо ч олширч, тэр хэрээрээ жинхэнэ хавтгайрна. Нэг ёсондоо өдөр алгасахгүй улаан зээрд явах нь ч гарна.

Гэтэл намрын их ажил цаана нь зуун задгай хүлээж байвал өвөл, хаврын сардаа жинхэнэ модоо барина. Тиймээс л наадам, найрын ажлаа аль болох эртхэн дуусгаад намрын их ажлаа амжуулъя гээд байгаа юм. Ургац, тариа хураалт, түлш эрчим хүч зэрэг улсын хэмжээний ажил яахав тэгсхийгээд болох биз. Сайд, дарга нар нь сайн муугаараа дуудуулсаар ямар ч байсан ард нь гарч таарна. Ёстой л нөгөө Б.Чойжилсүрэнгийн хэлснээр “Аргална даа”.

Гэвч айл хотлоороо амжуулах ажил гэж мундахгүй их. Өвс хадлан, малын тарга хүчээ нэмэх, хот хороогоо додомдох зэргээ сайтар хангаж байж л хүн амьтан, улсаас тусламж гуйлгүйхэн шиг өвлийг өнтэй давна. Энэ жилийн зун, намрын өнгө, ирэх саруудын цаг агаарын байдлаас харахад Монгол орны нэлээд хэсэгт цаг тааруухан болж мэдэхээр буй.

Ялангуяа, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг аймгуудад зуншлага тааруу байсан учраас намрын цагтаа хадлангийн өвсгүй байгаа нь малчдын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Ямар сайндаа Говь-Алтайн Засаг дарга өөрийн аймгийн техник хэрэгслээр Сэлэнгэ аймгийн нутгаас байгалийн хадлан авах билээ дээ. Засаг захиргаанаас нь ингэж сэтгэл гаргасан ч хувь малчин өөрөө найр, наадам хэсээд явбал цагийн хатууд ямар нүүрээрээ фондны өвснөөс нэхээд “Мал, малчин хоёроо хайхарсангүй” хэмээн төр, засгаа зүхэж суухав дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top