ХЭНТИЙ: Олон улсын сургалттай сургууль ирэх сард нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт орон нутагт ажиллах үеэрээ Зүүн бүсийн Олон улсын сургалтын хөтөлбөртэй төрийн өмчийн ерөнхий боловсролын “Бэрх” сургуулийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан сургуулийн захирал Л.Оюунгэрэл болон, зарим багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.
 
Энэ хичээлийн жилд тус сургуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос 208 хүүхэд элсэн орж байна. Шалгалтыг өнгөрөгч 6 дугаар сард харьяа аймаг, нийслэлд БШУГ, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж, 6-9 дүгээр ангид элсэлт авчээ. Үндэсний сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс гадна Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ. Үүнээс дунд ангийн сурагчид байгалийн ухааны хичээлүүдээс сонгон судлах боломжтой юм. Ахлах ангид ОУ-ын хөтөлбөрийн дагуу Англи хэлний сургалттай, Англи хэлээр шалгалтууд өгдөг учраас дунд ангиас элсэлт авч байгааг сургуулийн захирал хэллээ.
 
 
Улсын комисс сургуулийн барилгыг наймдугаар сард хүлээн авсан бөгөөд ирэх 10 дугаар сард сургуулийн нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top