“Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татан эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг 2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байгаа аж. Сануулахад, 2020 онд “Оюу Толгой” компани Монголын Засгийн газрыг татварын асуудлаар хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан бол Засгийн газрын зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг гаргасан юм.
“Рио Тинто”-гийн зүгээс 2021 оны наймдугаар сард Монголын Засгийн газарт хандан, Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ царцааж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан билээ. Мөн талуудын хэлэлцээний явцад буюу өнгөрсөн оны сүүлчээр ч айлын тал Арбитрын маргаанд 6 сарын хугацаатай завсарлага авах санал гаргаж байсан.
Тэгвэл Монголын Засгийн газар айлын талын саналыг хүлээн авснаар, ирэх оны наймдугаар сар хүртэлх хугацаанд арбитр дээр татварын маргаан түдгэлзээд байна.
Арбитрын шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “...Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн зүгээс уг анхаарал татсан асуудлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн араас татварын асуудлыг түр царцаая гэх хүсэлтийг манай талд тавьсан юм.
Мөн “Оюу Толгой” ХХК Татварын албанаас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг Монгол Улсад шилжүүлсэн. Харин уг мөнгийг ковид цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох Засгийн газрын шийдвэрийн хүрээнд тараасан юм.
Нэг ёсондоо эцэслэн шийдвэрлэгдээгүй татварын маргааны хүрээнд “Оюу Толгой” ХХК-иас орж ирсэн 1 их наяд гаруй төгрөгийг Монгол Улс цар тахлын үед хэрэглэчихсэн. Цаашлаад татварын асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч энэ мөнгө Монгол Улсын хувьд өр болох уу, орлого болох уу гэдэг нь шийдвэрлэгдэнэ.
Мөн нөгөө талаас хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн зүгээс санал болгож байгаачлан татварын асуудлыг эвээр шийдвэрлэсэн тохиолдолд, Засгийн газраас нэгэнтээ зарцуулсан 1 их наяд 26 тэрбум төгрөг бидний хувьд орлого болон үлдэж болох ч, цаашлаад төслийн явцад татвартай холбоотой үүсэх шинэ асуудлууд, эрсдэлүүдэд хэрхэн яаж зохицуулалт хийх вэ гэдэг нь гол асуудал гэдгийг өмнө нь бичиж байсан билээ.
Тодотгоход, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өдгөө УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж буй. УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Ажлын хэсэг бүтцийн хувьд хэвээрээ бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
103 дугаар тогтоолын хүрээнд, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор олон жил яригдсан асуудлууд шийдвэрлэгдэхийн сацуу татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан.
Ер нь Оюутолгойн хэлэлцээний явцад шийдвэрлэгдсэн хийгээд шийдвэрлэгдэх боломжтой талаар талуудын дунд өнгөрсөн хугацаанд яригдсан асуудлуудаас онцгойлон анхаарах гол асуудал юу вэ гээд аваад үзэхээр, яах аргагүй татварын талаар онцлох хэрэгтэй л болдог.
Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал Монголын эдийн засагт чухал нөлөөтэйг хаа хаанаа ойлгож буй. Гэхдээ Оюутолгой төсөлтэй холбоотойгоор ирэх жилүүдэд яригдах шаардлагатай асуудлуудын эхэнд суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлууд яах аргагүй байж л байх юм. Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдгийг өмнө нь Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” гэдгийг тэрбээр тодотгож байсан юм.
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг тэрбээр хэлж байв.
Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй. Люксембург, Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд хэлдэг гэдгийг дурдаж байсан.
Мөн Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг төлөөлөн “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа. Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, Монгол Улсын татварын албаны чадавх сайжирч, үнэ шилжилтийн тайлангуудад нь хяналт, шалгалт хийх шаардлага тавьж, шалгалт хийдэг болсон аж. Тодруулбал, “Рио Тинто” компани аль болох татвар бага төлөх газар руу ашгаа шилжүүлж, манайд төлөх татвараа багасгасан хэвээрээ байх ёсгүй гэж татварын алба үзэж байна. Өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед буюу 2008-2009 онд дэлхийн бусад улс орнуудын хувьд ч үнэ шилжилтийн асуудалд одоогийнх шиг анхаарал хандуулдаггүй, татварын нарийвчилсан зохицуулалт дутмаг байсан. Харин одоо бол үндэстэн дамнасан компаниуд татвараа шударгаар төлдөг байх ёстой гэсэн санал санаачилгууд дэлхийн хэмжээнд идэвхжиж буй. Тэгэхээр засаглалын сайн жишиг ярьдаг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд ч өөрсдийн үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, хариуцлагатай хандах шаардлагатай гэсэн байр суурийг манай тал баримтлаж байна. “Рио Тинто” компани үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад улс орнуудад үнэ шилжилтийн хяналт, шалгалт хийлгүүлдэг хэрнээ Монгол Улсын хувьд уг хяналт шалгалт хийлгүүлэхээс татгалзаад байдаг нь зохисгүй юм.
Тэгэхээр Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолд тусгагдсан “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн агуулгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах том ажлыг Засгийн газар, УИХ хүч нийлэн хийж чадах уу гэдэг нь анхаарал татсан сэдэв хэвээрээ байна.
Сэтгэгдэл ( 0 )