Дорнод аймгийн Засаг даргын "Арван тав хоног" мэдээллийн цаг долоо хоног бүрийн даваа гарагт болдог уламжлалтай. Энэ удаагийн мэдээллийн цагаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлэх төв”-ийг байгуулахаар ажиллаж буй тухайгаа дуулгасан юм.
Тус төв нь Төв аймагт байдаг бөгөөд хоёр дахь төв нь Чойбалсан хотод ийнхүү байгуулагдахаар болж байгаа ажээ. Энэ талаар аймгийн Засаг дарга "Тухайн хүнийг согтууруулаад буй шилтэй архитай бус тэр хүний сэтгэлзүйн асуудалтай тулж ажиллах ажлыг зохион байгуулж байж жинхэнэ тэмцэл болно гэж харж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд архи бол сэтгэлийг тайвшруулдаг ганц зүйл биш юм шүү. Өөрсдийгөө болоод бусдыг аюулд өртүүлж мэдэх энэ аргаар бүү тайвширч байгаарай " гэж ярилаа.
Мөн түүнчлэн Засаг даргын зүгээс Хууль зүйн сайдад хандсан хүсэлтийн дагуу аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байрлаж байсан барилгыг засварлан тохижуулахад 300 орчим сая төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр болсон байна. Тус төв ашиглалтад орсноор эмч, харуул хамгаалагч зэрэг олон ажлын байр болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )