Инфляц тогтворжих хугацаа хойшлох хандлагатай боллоо гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогыг нэмж чангаруулан, Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэснийг өчигдөр /2022.09.20/ мэдээлсэн.

Тодруулбал, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, өргөн болгох болон банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах багц шийдвэр гаргаад байна.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд “Жилийн инфляц энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарсан.  Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна” гэв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Нийт инфляцын тал орчим хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, үүний дам нөлөөг оруулж тооцвол инфляцын 2/3 нь импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр, логистикийн зардлаас хамаарч байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч инфляц буурах хүлээлттэй байгаа ч гадаад орчны нөхцөл байдал, худалдааны түнш орнуудын өндөр инфляц, нийлүүлэлтийн саатал хэзээ бүрэн арилах нь тодорхойгүй байгаа тул инфляцын төлөвт эрсдэлийг дагуулж байна. Дунд хугацаанд гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хугацаа хойшлох хандлагатай боллоо.

Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна. Энэ нь мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэн хийх, гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.  Түүнчлэн, гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна” гэв.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд “Эдийн засгийн өсөлт эхний хагас жилд харьцангуй өндөр гарлаа. Хилийн хязгаарлалт тодорхой хэмжээнд суларсан хэдий ч уул уурхай, тээврийн салбарт үзүүлэх сөрөг нөлөө үргэлжилж байна. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбарын өсөлт 2022 оны хоёрдугаар улиралд эрчимжиж, энэ оны эхний хагас жилд цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшнээс давлаа. Өрхийн хэрэглээ сүүлийн гурван улирал дараалан өсөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ онд уул уурхайн бус салбарын идэвхжил үргэлжлэн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна.

Банкны системийн эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсөж байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна... Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй.  Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ”  гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top