ОЛОН ӨНГӨ: Хүний сэтгэл сэвэлзүүлсэн Хөвсгөл нуурын намар

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Ай даа, өдийд манай нутагт намар шиг намар болж байгаа даа. Өглөө, оройдоо зузаахан шиг хөвөнтэй дээл өмсөхгүй бол ар нуруунаас жиндүүлэх хэрнээ үд дундаа зулай дээрээс наран ээж, өлмийгөөс өөжин цагаан нуур усан мэлтийгээд л...

Ажилтай, анхиатайхан шиг нь наадмын дарааханаас хадлан тэжээлээ сайтар бэлдэж, өвөлжөөгөө бөмбийлгөөд авчихсан байх бол зуны сарыг зургаа юм шиг гол ус өгсөж уруудаж явсан давилуухан шиг нэг нь хоёр суганыхаа булчирхайг цочтол уулын модонд хадуур дарж зогсоо. Манай тэнд хадлангийн талбай бага учраас модны чөлөө хаддаг юм. Модны чөлөөг хэзээнээсээ л “Цол” гэж нэрийднэ. Нэг тийм хүндэтгэлийн нэр шиг санагддаг нь одоо ч хэвээрээ.

Нагац ахыгаа дагаж хэдэн жил цолны өвс унагаж, шараар бухал чирч явсан сан. Ууланд гарчихаар усаа л үгүйлээд байна. Бушуухан буухын хүслэн цээжин цаана оволзоод ирэхээр урдах ажлаа хурдхан дуусгахыг хичээнэ. Ингэж, ингэж нуурынхаа зах, мартагдаж хоцорсон сууриндаа буугаад ирэхээр өнөөх л янзаараа мэлтийж угтана.

Гэм нь буцах шувуудынх нь дуу сэтгэл зүрхийг гэгэлзүүлж нэг, сэмлэж нэг, сэвэлзүүлж нэг хийсгэнэ. Нар ургах, унахын хооронд нуурын ус нэг л янзаараа ч шөнөдөө учиргүй шуугин давалгаалж, эргээ цохин сүртэй чимээ гаргах нь сонин. Намрын намарт ийм л дүр зураг давтагдана. Шувууд нь гунигаа асган ганганаж, нуур нь эргээ хаялан мяралзсан ийм л хальсийг хэдэн өдөр давтан давтан үзсэн хэн хүний сэтгэл сэвэлзэхгүй, сэмрэхгүй байж чална гэж үү дээ.

Харин нэг л өглөө шувуудын дуугүй сэрээд нуурын усыг харах бүрд аавын ажил явдлын дараа ээжтэйгээ хоёулхнаа үлдсэн маань л санагддаг юм даа. Тэгэхээр нуур, усны хийгээд хүмүүний гуниг, шаналан ижилхэн ч байж мэдэх ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top