Дэлхийн банк манай улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс 0.1 хувиар бууруулж 2.4 хувь болгожээ.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланд: Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорио цуцлагдаж, эдийн засаг эргэн нээлттэй болж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь оны хоёрдугаар улиралд эдийн засагт гол дэмжлэг үзүүллээ.
Хувийн болон төрийн салбар дахь хөрөнгө оруулалтууд, өрхийн хэрэглээ өсөж дотоод эрэлтийг дэмжих төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд эдийн засаг 2.4 хувиар л өсөхөөр байна.
Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар 6 хувьд хүрэхээр байна.
Эдийн засгийн төлөв цаашид хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс мөн хамаарахаар байна. Тухайлбал, Украин дахь дайн сунжрах, Хятад дахь КОВИД-19-ын нөхцөл байдал даамжирч тэг-Ковид бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчтэй чангарах зэргээс үүдэн Монголын эдийн засагт төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих зэрэг эрсдэлийг дурдаж болно.
Эдгээр эрсдэлүүд нь Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдлыг улам тодотгож байна. Төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж байгаа энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зайг бий болгоход чухал ач холбогдолтой гэв.
Дашрамд тодотгоход, хил боомтын саатал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг олон улсын зарим байгууллагууд ч бууруулсан.
ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм.
Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байгаа бол “Фитч” агентлаг өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлахдаа, Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2% гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын "динамик тэг Ковид" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна.” гэж мэдэгдсэн.
Харин S&P агентлаг “Түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өснө. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ” гэсэн таамаглалыг өнгөрсөн долдугаар сард танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )