Амьтан тэжээхдээ орон байраар хангах орлогын үүсвэртэй байх үүрэгтэй

2022 оны 09 сарын 29

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ  Төрийн ордонд боллоо.

Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч гэдэг ойлголтыг тодорхойлж, тэдгээрийг үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал, асран хамгаалагч тэжээвэр амьтнаа олон нийтийн газар дагуулж явах үедээ зориулалтын хөтөлгөө, хошуувчтай авч явах, нохой, мууранд бичил чип суулгуулж бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулах, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, хогийн цэгт хаях зэрэг үүрэг хүлээх юм.

Тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Өнгөрсөн онд “Азтай савар” ТББ-ын төлөөлөгчид надтай уулзсан. Эзэнгүй нохой, муурны асуудал, хүүхэд хазуулж байгаа асуудал, утсгахдаа харгис устгалд хамруулдаг, хөрсөнд их булснаас үүдэн халварт өвчин дэгддэх эрсдэл байдаг талаар хөндөж ярьсан. Миний хувьд маш их сонирхолтой сэдэв байсан. Уулзахад энэ бол амьтны тухай хууль биш. Юун түрүүнд хүний тухай хууль юм байна гэдэг ойлголт төрсөн.

Нохой бол хүний сайн анд. Дэлхийн 120 гаруй улс гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай. Иймд энэ хуулийн төслийг санаачилсан” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хүний төлөө явж чадахгүй байж мал амьтан яриад байдаг боллоо” гэх шүүмжлэл байсан. Хүн ашиг хонжоо харсан үед хүн хүндээ чоно байдаг. Хүн төрөлхтөн ганцаараа энэ дэлхий дээр оршиж байгаа биш. Олон зуун мянган тэжээвэр амьтан зэрэгцэн оршиж байна. Хайр гэдэг бол байгаль орчиндоо хэрхэн хандаж байгаагийн илрэл юм. Хамгийн хүнлэг үзэл, агуу үйл хэргүүд бэрхшээлтэй үед гарсан байдаг. Хэцүү цаг үед байгаа нэгнээ энэрэнгүй үзлээр хайрлах ёстой гэж би үздэг гэлээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг гэнэ.  Албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг байна.

Дахин нэг баримт сөхье. Өдгөө нийт орон сууцанд амьдардаг 12 айлын нэг нь нохой, муур тэжээдэг. Харин гэр хорооллын айлын 30 гаруй хувь нь нохой, муур тэжээдэг гэх дүн мэдээ байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн 50 хувь нь нохойндоо вакцин хийлгэдэггүй бол, гэр хорооллын иргэдийн 77 хувь нь мөн л нохойндоо вакцин болон туулга хийлгэдэггүй аж. Цаашлаад нохойныхоо үржлийг иргэдийн 88 хувь нь хаалгадаггүй. Үүний үр дагавар нь Улаанбаатар хотод эзэнгүй 320 гаруй мянган нохой, муур буй болоход хүргэсэн юм.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар заслага, спэй хийлгээгүй эр, эм нохой таван жилийн хугацаанд 96 мянга болж өсдөг. Харин заслага, спэй хийлгээгүй эр, эм муур таван жилийн хугацаанд 420 мянга болж өсдөг гэнэ.

Улсын төсвөөс нэг муурыг устгахад 12 мянган төгрөгийн төсөв төсөвлөдөг гэнэ. Нохойд ч мөн ялгаагүй тэр багцааны зардал төсөвлөдөг аж. Хэдэн зуун мянгаараа тоологдох тэр их амьтдыг зэрлэг аргаар буудаж тэмцэж байгаа нь өнөө цагт хэтэрхий мунхаг үйлдэл ч гэж хэлж болох. Гэвч иргэдийн аюулгүй байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр үүнийг хийхээс өөр арга байхгүй тухай албаныхан учирлаж байна.

Багцаа тоогоор нийслэлд жилдээ 1.2-1.8 тэрбум төгрөг муур, нохойн устгалд зарцуулагддаг гэх. Зөвхөн устгаад зогсохгүй  сэг зэмийг нь бүрэн устгахад 130 сая төгрөг зарцуулдаг гэх тоо ч байна. Хэрвээ тэр их сэг зэмийг устгаж чадахгүй бол хөрсний бохирдлыг маш аюултай төвшинд аваачдаг аж. Зөвхөн Улаанбаатар хотод 80-100 мянган нохойг буудаж хогийн цэг дээр булдаг. Тэнд ямар ч өвчтэй нохой, буудуулсан байж болно. Тэр сэг зэм ялзарч, өмхийрч байгаа. Харин бид тэр агаараар амьсгалж байна. Энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотой. Энэ бүхнээс дүгнээд үзвэл, нохой, муурны асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлага үүссэнийг илтгэж буй юм.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top