ОУВС: Төр зардлаа танахгүй бол иргэд зээлээ төлөхөд бэрх болох эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Монгол Улсын ирэх оны төсвийг боловсруулан, хэлэлцэж байх үеэр ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлалаа. Мөнгөний бодлогын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй тус байгууллагын ажлын хэсэг Монгол Улсад энэ сарын 15-28-ны хооронд айлчилж буй. Иймд тэд айлчлалынхаа төгсгөлд үр дүнгээ тайлагнав.

Хурлын үеэр ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи энэ оны үр дүнгийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг удирдаж, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа идэвхитэй сэргэж байна. Засгийн газрын зүгээс цар тахлыг хяналтандаа авч чадсаны үр дүнд Монгол Улсын дотоод эдийн засгийн идэвхижил сайн байгаа. Мөн БНХАУ руу гарч буй экспортын бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх чадвар сайжирсан. Гэсэн хэдий ч яг энэ цаг үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байдалд хүрчээ.

Юуны түрүүнд инфляц өндөр байна. Үүний үндсэн шалтгаан нь дэлхийн зах зээлд борлуулагдаж буй шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотой юм.

Монгол Улс дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн ихээр импортолж авдаг тул импортод зарцуулах зардал өсөж инфляцад нөлөөлж байна.

Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас бүх иргэдэд халамж хүртээсэн. Үүнийг хүртээхдээ өрхүүдийн орлогын ялгааг харгалзан үзэлгүй тэгш дүнтэйгээр хавтгайруулж олгосон байдаг. Ялангуяа орлого өндөр, чинээлэг давхаргын хүмүүст халамжаар олгосон мөнгө төдийлөн хэрэгтэй байдаггүй. Өөрсдийн үндсэн хэрэгцээгээ хангалттай хангаж байгаа хүмүүс халамжаар ирсэн мөнгийг аялал зугаалга зэрэгт л зарцуулах хандлага бий.

Мөн үүнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс цалин болон тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмсэн. Тэгэхээр энэ арга хэмжээ нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байгаа хэлбэр гэж харж байна.

Монгол Улсад тулгамдаж буй асуудлаас хамгийн ихээр анхаарал хандуулах шаардлагатай байгаа чухал сорилт бол төгрөгийн ханш, гадаад валютын нөөц байгаа юм. Экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн импортын хэмжээ дагаад өссөн. Импорт нэмэгдэж байгаа шалтгаан нь түрүүн дурдсан цар тахлын үед чинээлэг давхаргын иргэдэд шаардлагагүй байсан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдал байсан.

Мөн бидний олж мэдсэн өөр нэг зүйл нь өнгөрсөн онд Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Монголын томоохон ТӨХК-иуд Хятадын ТӨХК-иудтай хамтран хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байна. Тус гэрээнд экспортонд гаргасан бүх барааны борлуулалтын орлогоо ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хятадын гэрээт компаниудад өгөхөөр тохирсон байж. Энэ гэрээнд заасан ажлууд нь Монгол Улсад хийгдэх дэд бүтцийн ажлууд байсан. Зарим нь улсын нууцад хамаарах зэрэглэлийн баримт бичиг тул бид бүгдтэй нь танилцаж чадаагүй” гэв.

 

ЗАСГИЙН ГАЗАР ОУВС-ИЙН ҮГЭНД ОРОВ

 

Тус ажлын хэсгээс гарсан зарим үр дүн сонирхол татахаар байлаа. Тухайлбал, Ирэх онд манай улс бондын эргэн төлөлтөө хийж эхлэх томоохон ажилтай болсон. Тиймээс УИХ, Засгийн газар төсвөө батлахдаа илүү бодлогын шийдвэр гаргах ёстойг ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчид онцолсон юм.

Мөн Засгийн газар Төв банкаа дэмжиж ажиллах, ТӨХК-ийн зардлыг танах хэрэгтэй гэсэн асуудал ч багтжээ. Хэрэв ТӨХК-иуд зардлаа танахгүй бол энгийн иргэд өр зээлээ төлж, амьдрал ахуйгаа хөтлөхөд бэрх болох аюул ойртох аж. Түүнчлэн тус ажлын хэсгийн гаргасан нэгэн шийдвэр, зөвлөмж манай улсын нийт иргэдийн сэтгэлд нийцэхгүй байх магадлалтай.

Учир нь ажлын хэсэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот бүлэгт өгөх нь зөв гэсэн байр суурин дээр хатуу зогсож байна. Харин Засгийн газар ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Ингэснээр улсын хэмжээнд 1.1 сая хүүхэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж авах ба үлдсэн есөн хувьд багтах багачууд мөнгөнөөс хасагдах аж. Гэвч өндөр орлоготой бүлэг хэмээн тодорхойлсон есөн хувь эзлэх айл өрхийн орлогыг 3.5 саяас дээш хэмээж буй. Ингээд нийт 1.4 их наяд төгрөг зарцуулж хүүхдийн мөнгө олгохоор болсон шийдвэр нь иргэдийн эсэргүүцлийг дагуулсан ч ОУВС-ийн зөвлөмжийг дагасан шийдвэр болсон байна. Үүнээс гадна ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын мэдээллийг УИХ ил тод байлгаж иргэдэд мэдээлэн эргэн хянаж байх ёстойг онцгойлон анхааруулсан юм.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ АВРАХ ХАНГАЛТТАЙ АРГА БИШ

 

ОУВС-ийн зүгээс ипотекийн хөтөлбөрийн зээлийг энэ оны эцэст дуусгах хэрэгтэйг мөн уламжиллаа. Хөтөлбөртэй холбоотой барилгын салбар идэвхтэй байгаагаас импортын эрэлт нэмэгдэн, валютын нөөц багасаж байна. Өнгөрсөн гурван жил үүнийг хязгаарлах арга хэмжээ аваагүйг сануулав. Түүнчлэн ирэх оны төсвийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгохыг дэмжиж, энэ хэмжээгээр валютын нөөцөд дэмжлэг болно хэмээн онцоллоо.

Мөн хурлын үеэр ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өмнө нь инфляц дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалан өдөөгдөж байсан. Харин одоо инфляцад дотоодын хүчин зүйл илүү нөлөөлж байна уу?

-Тийм ээ. Өмнө нь дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хүчин зүйл инфляцад нөлөөлөх нь давамгай байсан. Харин одоо үнийн өсөлт тогтворжиж ерөнхийдөө буурч байгаа учраас дотоод эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, төгрөгийн ханшын уналттай зэрэгцэн импортын зардал өсч байна. Иймээс инфляц дагаад өсөж байгаа юм.

-Монголбанк он гарснаас хойш хоёр удаа бодлогын хүүгээ нэмлээ. Тэгэхээр бодлогын хүүг дахиад нэмэх орон зай байна уу?

-Цаашид бодлогын хүү өсгөсний үр нөлөө инфляцад нөлөөлж байна уу гэдгийг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Өчигдөрхөн нэмээд маргааш нь шууд инфляц буурна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс үүний үр дүн тодорхой цаг хугацааны дараа нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмээд валютын ханшийг илүү уян хатан тогтоох нөхцлийг бүрдүүлээд ажиллаа ч гэсэн одоогийн эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад хангалттай арга хэмжээ болж чадахгүй. Үүнтэй зэрэгцэн ТӨХК-иуд өөрсдийн зардлыг нэлээд хэмжээгээр танах хэрэгтэй байна. Ингэхгүй бол Монголбанк дангаараа хичээсэн ч банкны салбарын зээлийн хүүнд шууд нөлөөлнө. Ийм байдалд хүрэхгүйн тулд Засгийн газар төсөв дээрээ нухацтай арга хэмжээ авах хэрэгтэй.

-Монгол Улс эдийн засгийн агшилтад орчихсон уу?

-Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрнэ хэмээн тооцоолж байсан. Гэвч энд ирж ажилласнаас хойш эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүрнэ хэмээн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмсэн. Энэ нь дотоодын эдийн засаг бидний тооцоолж байснаас арай хурдан хугацаанд хэвийн түвшиндээ очсонтой холбоотой. Мөн цар тахлын эсрэг хязгаарлалт алга болсон зэрэг нь нөлөөлсөн.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top