Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихдээ Активын чанарын үнэлгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавигдаж буй.
Тэгвэл энэ хүрээнд Монголбанкны зүгээс олон улсад нэр хүнд бүхий, хараат бус зөвлөх компанийг хөлслөн системд нөлөө бүхий 5 банкинд Активын чанарын үнэлгээг гүйцэтгэж байгаагаа мэдэгдлээ.
Тодотгоход, системийн нөлөө бүхий 5 банк нь Хаан, ХХБ, Голомт, Төрийн банк, Хас банк юм.
Энэхүү үнэлгээ нь манай улсын банкны системд хийгдэж буй хоёр дахь удаагийн Активын чанарынүнэлгээ бөгөөд Монголбанкнаас баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын дагуу хийгдэж байгаагаараа өмнөх 2017-2018 оны Активын чанарын үнэлгээнээс онцлогтой аж.
Монголбанк нь Активын чанарын үнэлгээг гүйцэтгэх зөвлөх компани болох “PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP, Kazakhstan”-ыг сонгон шалгаруулалтын үр дүнд хөлсөлжээ.
Үнэлгээнд банкны системд нөлөө бүхий 5 банкны нийт активын 69 хувь хамрагдаж буй бөгөөд тэдгээрт харгалзах 300-400 ширхэг барьцаа хөрөнгийн үнэлгээ болон үнэлгээний баталгаажуулалт хийгдэж байгаа аж.
Монголбанкны зүгээс энэхүү Активын чанарын үнэлгээний үр дүнг эцэслэснээр банкны системд нөлөө бүхий, олон нийтэд хувьцаагаа санал болгох банкуудын үнэлгээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээг тогтоох, улмаар гадаад, дотоодын оролцогч талуудыг мэдээллийн ил тод байдлаар хангах, тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах; ковид цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний нөлөөллийг тодорхойлох, улмаар банкууд хөнгөлөлтөд хамрагдсан зээлүүдийг бодитоор ангилсан эсэх, харгалзах эрсдэлийн санг тооцоолж, тэнцэлдээ тусгасан эсэхэд хяналт тавьж, банкны системийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлон банкны системийн эрсдэл даах чадвар, Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох; Монголбанкны хяналт шалгалтыг хараат бус, хөндлөнгийн этгээдээр баталгаажуулах ач холбогдолтой гэсэн тайлбарыг өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )