“За одоо хэд болж байна, сайн тоолоорой аав аа” гэх дууг сонсоод хэрэгт дурлан харвал зургаа орчим настай охин аавтайгаа цуг бутархай мөнгө тоолж зогсож байх нь тэр.
Гэрийн хажуугийн дэлгүүрт өнөөдрийн шинэ талх аль хэдийн дууссан тул өөр тийшээ явахаар үүд рүү зүглэв. Дэлгүүрийн хаалгаар гадаа тааралдсан аав охин хоёр хөтлөлцөөд орж ирлээ. Харин би гэнэтхэн найруулдаг кофе авах ёстойгоо санаад дэлгүүрийн кассанд дугаарлан хэсэг зогсов. Охин гэнэт л уйлагнаад аавынхаа хормойноос зуурч байх юм. Эргээд харвал аав нь энгэрийн халаасандаа нуусан мөнгөө гаргаж ирээд архи авахаар лангуу өөд гараа сарвайж байна. Энэ зуур охин цурхиртал уйлангаа, “Би танд дахиж битгий архи уу гэж хэлсэн биз дээ. Та амлалтаа зөрчлөө. Аав муухай” гэж хэний ч голыг зүсмээр хэдэн үг хэлж орхив. Тэр хооронд их зүйл бодогдлоо.
Өдөрт хэчнээн хүүхэд эрүүлжүүлэх явсан, гэртээ агсам тавьсан аав, ээждээ үнэн голоосоо гомдож уйлдаг бол. Амлалт болгон заавал биелэх алба үгүй. Гэвч үр хүүхэдэдээ өгсөн эцэг, эхийн амлалт бол яавч зөрчиж болохгүй зурвас, тасдаж зүрхлэмгүй гагнаас шиг нандин зүйл.
Хүүхэдэдээ хүнс авч өгөхөөсөө хумслан, харамлан байж өвөртөлсөн мөнгөөр авсан архи хоолой давахдаа айхавтар зурдаг л байх. Ямар ч архичин хүнд нэр төр бий. Гэхдээ нялх үрийнхээ инээд, бага насны дурсамж, хоногийн хоол хүнсээр нь арилжиж авсан архи тэр хүнд адгийн муу архичин гэсэн гуншин л нэмэх биз ээ. Бяцхан охин дэлгүүр орохдоо юу авч идэхийг хүсэж, бодож төлөвлөсөн юм бол доо. Аавдаа архи авч өгөхийг лав хүсээгүй дэг.
Сэтгэгдэл ( 0 )