Бага залуу наснаасаа ажилласан сэтгүүл зүй, түүний доторх телевизийн ай сав нь яарч гүйхээс өөр сонголт өгөхгүй гэдгийг гадарлана. Өдгөөгөөс хорин хэдэн жилийн өмнө радио, телевиз дээр таарахад бараг л гүйх зуур үг солиод өнгөрсөн нь тод санагдана. Арваад жилийн өмнө их зохиолч Д.Намдаг багшийнхаа нэрэмжит шагналыг хүртсэн даруйд баяр хүргэхэд гүйн харайх зуурт л хэдэн үг сольсон нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно. Өнгөрөгч зун “Нутгийн дүү ирээд уулз, ярих юм байна” гэхээр нь цаг болзон, газар товлоод очлоо. Гэтэл хоёр гурван үг сольчихоод өөрийнхөө дурсамжийн номоо гарын үсэг зурж өгчихөөд гүйгээд явчихлаа.
Саяхан Төрийн соёрхол хүртэхэд нь утас цохиж баяр хүргэхэд амьсгаа өндөр гүйж л яваа сонсогдсон. Миний таних идэрхэн Гүрээ ах гүйж л явсан, өнөөдөр далан насны босго дөхөж яваа Гүрээ ах гүйж л явна. Тэгэхээр түүний гүйдлийг гүйцэхгүй учраас хойш тавиад, амдаж тоссон нь дээр гэж бодлоо.
Төрийн их баяр цэнгэлийн босгон дээр Шагдарсүрэнгийн Гүрбазар Төрийн соёрхол хүртэхэд нутгийн ахмадууд “Алтанширээгийн алаг толгодод ихээхэн учир бий” хэмээн уулга алдацгаав. Нэгэнтээ Ардын уран зохиолч Б.Догмид ах миний “Алаг толгодын хууч“ номын босго үг дотор “Алтанширээ арван гурван эрдэнийн ширээтэй, ширээ тус бүр дээр нутгийн нэр алдартай уран бүтээлчид зохиол бүтээлээ туурвиж суугаа” хэмээн бичсэн нь энэ өдөр санаанд зурасхийн орж ирэв.
Энэ л энгийн өгүүлбэрт чухамхүү ямархан том агуулга нуугдаж байгааг Гүрээ ахыг төр соёрхоход бүрэн ухаарснаа хэнээс ч нуухгүй ээ.
Тиймдээ, Дорноговь аймаг хоёр Төрийн шагналт зохиолчтой, тэр нь Алтанширээ нутгаас төрөн гарсан, дөрвөн Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолчосс эхлээд үзэг түшсэн олон хүн байгааг тунгаасан ч “Алтанширээгийн алаг толгодод ихээхэн учир байна” гэхээс өөр яахав. Тэр өөрөө ч Төрийн шагнал хүртсэн даруйдаа сэтгүүлчдэд “Монголоо, нутаг, уул, усаа гэж санаж, залбирч явах хариуд нь их том буян өгдөг юм байна. Миний шүлэг бүтээл дандаа нутгийн тухай байдгийг та бүхэн мэднэ дээ” хэмээгээд гүйчихнэ лээ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн Төрийн шагнал олгох зарлигт “Монголоороо гоёдог, Монголын үнэртэй салхи, Би Монголтойгоо адилхан” зэрэг эх орны олон бүтээл туурвисан тул хэмээсэн байдаг нь ч цаанаа учиртай байж таарна.
Монголын их утга зохиол, сэтгүүл зүйн салбарт хос морьтой гялалзан гарч ирсэн хүн бол өдгөөгийн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар гэдэгтэй маргах хүн үгүй. Түүнтэй маргаж болох ч түүний бүтээсэн гурван яруу найргийн ном, 60 гаруй жүжиг, 400 гаруй дууны уран бүтээл, шүлэглэсэн романтай хэн маргах юм. Түүнд бусад уран бүтээлчээс ялгарах нэгэн том онцлог байгаа нь уран зохиол, сэтгүүл зүйн олон төрөлд өөрийгөө сорьж бичсэн. Бас ажиллаж амьдарсан, алдаж оносон л хүн. Цаг наргүй сэтгүүл зүйн салбарт өнөөдрийг хүртэл гүйж явахдаа үзэгний бэх хатааж, өсгөгчөө тавиагүй ажилласан. Ийм хүнээс төдий их бүтээл гарна гэдэг амаргүйг энэ салбарт ажилладаг хүний хувьд маш сайн мэднэ. Тэр зүгээр нэг бичээд суудаггүй. Хаана ямар арга хэмжээ, хэний ямар тоглолт болж байна, тэр л хөтөлчихсөн гүйж явна. Ялимгүй хазайхад соёл, урлаг, сэтгүүл зүйн салбарт уран нугарч, бүжиглэхээс бусдыг амжуулж гүйсэн хүн байх.
Тэгэхээр Ш.Гүрбазар гэдэг нөхөрт аав ээжээс авч төрсөн авьяас, ус нутгаасаа хөглөж боссон билиг онгодоос гадна хувь хүний няцашгүй чанар байна. Гүрээ ах шиг авьяастай хүнд юу байхав гэж бодох хүн цөөнгүй байгаа ч бараг л боломжгүйн дундаас тэр олон зүйл босгож чадсан. Магадгүй энэ их эрч хүчийг өнөөх “Алтанширээгийн алаг толгод” өгсөн байхыг хэн үгүйсгэх юм. Үүнээс гадна өөрийнхөө төлөө, уран бүтээлийн төлөө тэмцэж чаддаг чанар байна. Түүний “Миний ном” дурсамж дотор нэг зүйл бий. Тэр Багшийн дээдийн оюутан болж, ургац хураахаар явжээ. Орой үдэшлэг зохион байгуулаад тусгай хөтлөгчтэй шүлэг уншиж, хөгжим хуур болон бүжиглэнэ.
Мань эр шүлгээ уншмаар санагдах авч түүнийг тоох хүн байдаггүй. Зохион байгуулагчид ч хэлээд тусыг эс олно. Тэгэхээр нь нэг өдөр хонины дал, дөрвөн өндөр чанаад үдэшлэг зохион байгуулагчид өгчээ. Ийнхүү оюутны намар ногооноос өөр хоолгүй өлсөж байсан оюутан шүлгээ уншихаар дал, дөрвөн өндөр зохион байгуулагчид өргөн барьснаар үдэшлэг дээр шүлгээ дуудах болсон гэдэг. Бодоход ногооноос өөр хоолгүй хөдөөний хүүхэд шүлсээ залгин зогссон биз. Ийм л аугаа чанартай, ясны уран бүтээлч гэдгийг ганцхан энэ өгүүлбэрээс харж болно.
Түүний энэ мэт зорьсондоо хүрч чаддаг чанар нь олон уран бүтээлийн ард гаргаж, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байж таарна. Амьдралынх нь замнал тэр чигээрээ салхилж давшсан хөг аятай. Ш.Гүрбазар Дорноговь аймгийн арван жилийн сургуулиа төгсөөд бие давхар эхнэрээ дагуулан, “Зохиолч болно” хэмээн Улаанбаатарт ирж байв. Ингээд зогсохгүй 16 настайдаа Зохиолчдын хорооны босго давж, нэрт эрдэмтэн Ш.Гаадамбатай уулзаж, 22 настайдаа нэрт зохиолч Д.Намдагийн гэрийн босго давж шавь нь болж байсан түүхтэй. Тэр эхнэр Г.Мөнхцэцэгтэйгээ 16 настайгаасаа хойш амьдарсан хүн. Гүрээ ахын үзэгчдийн таашаалд нийцсэн олон жүжиг бол их Д.Намдагийн босгыг зориглон давсны буян. Тухайн үед бие давхар эхнэрээ дагуулаад хэрхэн гүйж байсан бол доо гэхээс инээд хүрнэ. Ид залуухан, ёстой л гүйж явсан байх.
Монголын утга зохиолын наяад оныхонтой уралцаж, нөхөрлөж гарч ирсэн уран бүтээлч. Их утга зохиолын ачааны хүндийг үүрч ирсэн, үүрч яваа Д.Нямсүрэн, О.Дашбалбар агсан, Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн тэргүүтэн аваргуудтай “Гал” нэгдэлд үзэж тарж, нөхөрлөж явсан эр. Үүнээс гадна 1980-аад оны гол төлөөлөл болох Д.Төрбат, Ц.Түмэнбаяр, Д.Чинзориг гээд олон залуус бие биендээ билүү нь болж, нэгнээ хурцалж өдий зэрэгт хүргэсэн нь дамжиггүй. Тэр зөвхөн үүгээр зогсохгүй Зохиолчдын эвлэлийн хоймор эзэлсэн аваргууд болох нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, нэрт зохиолч С.Эрдэнэ, Д.Мягмар нарт хүлээн зөвшөөрөгдөж, Зохиолчдын эвлэлийн гишүүний батлах гардаж явсан.
Энэ үед тэр дөнгөж Багшийн дээд сургууль төгссөн залуу, алдарт "Дугуй хээтэй наадам" шүлгээрээ нэрлэсэн яруу найргийн түүврээ хэвлүүлчихсэн, "Цэргийн ар гэр" жүжиг биччихсэн, чамгүй олон тоглолт, цэнгүүн хөтөлчихсөн, ганц хоёр дууны шүлэг тэрлэчихсэн, “Хүний амь” кинонд дүр бүтээчихсэн лут амьтан Зохиолчдын хорооны өндөр босго алхаж байгаа хэрэг шүү дээ. Их эрч хүч, өөрийнхөө төлөө зүтгэж чаддаг чанараас гадна ихээхэн хөөрүү хүн. Энэ хөөрүү чанар нь түүнийг олон уран бүтээлийн ард түдэх юмгүй гаргадаг гэж боддог. Хэрвээ дүлий дүмбэ, сэтгэл хөдлөлгүй сууж байсан бол тэр их цаг наргүй ажлын дэргэд яаж ийм олон уран бүтээл туурвих юм гэж боддог. Би л хөөрүү гээд байгаа болохоос бус уран бүтээлчийн, хувь хүний сэтгэл хөдлөл юм шүү, ойлгоорой.
Аливаа уран бүтээлч олон бүтээл туурвиж болно. Гагцхүү тэр нь ард түмэнд хүрч байна уу, үгүй юу гэдгээр тухайн уран бүтээлчийн чанар чансаа харагддаг. Ш.Гүрбазарын “Санаанд илхэн хань”-иас эхлээд өдгөө ард түмний аманд аялагдаж явдаг олон дууг юу гэх вэ. “Дугуй хээтэй наадам”, “Хоршоо Дэрэм”-ээс эхлээд олон алдарт шүлгүүдийг юу гэх вэ. “Хүний хань”, “Жаргаагүй нар” тэргүүтэн жүжгүүдийг юу гэх вэ. Мөн сэтгүүл зүйн салбарт бүтээсэн “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” тэргүүтэн өдгөө ч үзэгч олны зүрх сэтгэлд байдаг олон нэвтрүүлэг, бүтээлийг юу гэх вэ. Энэ мэтээс харахад л Ш.Гүрбазар нь ямархан том орон зайтай уран бүтээлч вэ гэдэг нь харагдана. Түүнчлэн “Хүний амь”-иас гадна “Тэнгэрийн муухай арилдаг”, “Амин мөр" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээж, “Их бүрдийн домог”, “Өдрийн чимээ” нэртэй яруу найргийн цомог хэвлүүлж, Дэлхийн залуучууд оюутны наадмыг шууд дамжуулж, хожим Энэтхэгийн “Дарамсала”-д очиж, IX Богдыг залахаар явахдаа Далай ламын нэвтрүүлэг бэлтгэж гээд түүнд гараа хумхин суусан нэг өдөр ч байхгүй болов уу. Тайван алхах битгий хэл гүйгээгүй өдөр ч үгүй байх. Түүний эцгийг Гомбын Шагдарсүрэн гэж манаач хүн байж. “Хоршоо Дэрэм”-ийн гол баатар гэхэд болох болов уу. Аавынх нь төрсөн дүү Монгол Улсын Алдарт уяач Г.Шоовдор гэж эрдэмтэй хүлэгч байсныг түмэн мэднэ. Яах аргагүй хүлгийн эрдэмд нэвтэрсэн, том уяач байсан даа. Түүний үеэл дүү аймгийн Алдарт уяач Шоовдорын Хүрэлбаатар өдгөө ус нутагтаа нэрд гарсан эрдэмт уяач аавынхаа уяаны эрдмийг өвлөн, хүлэг морьдоо хурдлуулж явна.
Гүрээ ахын намтарт Дорноговь аймгийн Алтанширээ, эсвэл Иххэт суманд төрсөн гэж хоёр зүйл байдаг. Учир нь Г.Шагдарсүрэнгийнх гэдэг айл хуучин Дэлгэрхэт сум байхад тэнд харъяалагдаж байсан өрх аж. Ийнхүү Дэлгэрхэт сум татан буугдаж, тус сумын айлууд Иххэт, Алтанширээ суманд хоёр хуваагдаж харъяалагдах болжээ. Дэлгэрхэт сум нь өдгөөгийн Алтанширээ сумын Тойг багийн төв. Тэр өөрөө Тойг бригадаас хойш Өнгөт ногоон толгойд төрсөн хүн. Ингэхээр тэр аль ч сумаар овоглосон болох учиртай. Өөрөө ч Алтанширээ, Иххэт сумыг хоёуланг нь төрж өссөн нутгаа гэж боддог хэмээн хэлж байна лээ. Яах аргагүй ялгаж салгахааргүй энэ л нутгийн заагт төрсөн хүн. Энэ тухай онигоо ч бий.
Дорнын говиос хөл хүнд эхнэрээ дагуулаад “Зохиолч болно” гээд гарсан арван хэдтэй хүү Улсын багшийн дээд сургууль, “Гал” нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, Монголын телевиз, Улсын эрдмийн драмын театр, Кино үйлдвэр гээд дандаа утга, урлагийн гэгээн сүмээр “нутаглаж” гүйхдээ алдар хүндийн төлөө бус хийж бүтээхийн төлөө шунаж явсан гэдгийг үеийнх нь уран бүтээлчид хэлдэг. Нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хэлсэнчлэн “Амьтны урьдуур орж Алдрын хаалгаар чихэлдэж явсангүй”. Мөр зэрэгцэн туурвисан анд нөхөдтэйгөө зэрэгцээд, заримаас нь хоцроод бүтээл туурвилаа шат шатанд үнэлүүлж иржээ.
Тухайлбал, 1993 онд “Сэрүүн зүүд” тэргүүтэн жүжгээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг нэлээд хожим, 38 насандаа хүртжээ. Тэгэхэд утга, уянгын нэгэн тулга тойрон итгэлийн цучил өргөж суусан нөхөд нь аль эрт шагналаа авчихсан байсан. Тэгвэл 2005 онд зуугийн талыг наслахдаа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Аанай л наяад оны төлөөллүүдээс энэ шагналыг хүртчихсэн байв. Гэтэл Д.Намдаг багшийнхаа нэрэмжит шагналыг хамгийн эхэлж хүртэх учиртай Ш.Гүрбазар 2013 онд авсан. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн шагналыг 2016 онд 60 насны босго алхаад ерээд оны төлөөллүүдтэй хүртсэн. Сая, 2022 онд Төрийн шагнал хүртэж байгаагаас харахад тэр “алдрын хаалгаар чихэлдэж яваагүй” нь харагдана. Үүнийг дурдахын шалтгаан нь гагцхүү бүтээл туурвил нь ард түмэнд аль эрт үнэлэгдэж, он цагийг даан, түмний зүрх сэтгэлд хоногшин үгүйлэгдэх цагт бүтээлийг нь үнэлж байсан нь бусдаас ялгарах том онцлог. Өөрөөр хэлбэл тэр шагналын хойноос бус уншигч, сонсогч, үзэгч түмэн гүйж л яваа Ш.Гүрбазарын бүтээлээр дамжуулан, салбараас болон Төрөөс шагнал авч өгч байжээ гэдэг нь харагдана. Ямартай ч эрхэм ахыг Төр соёрхож, олон түмнийг, тэр тусмаа дорноговьчуудыг баярлууллаа.
Их Монгол Улс, эх орны нэгэн хэсэг Дорнын шаргал говь, түүний ай сав доторх Алтанширээгийн алаг толгодууд, Б.Догмид ахын хэлсэнчлэн “Арван гурван эрднийн ширээ түшин суугаа нэр алдартай уран бүтээлчдийн” нэг нь яах аргагүй Шагдарсүрэнгийн Гүрбазар болой. Анх танилцахад гүйж л явсан Гүрээ ах, өнөөдөр ч гүйж л яваа Гүрээ ах. Маргааш ч гүйж л явах Гүрээ ах. Тэгэхээр алаг замуулингийн нар, хуртай өдрүүдэд амдаж тосон уулзсаар байхын ерөөл өргөн өндөрльюү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
долдой
зохиолчид гөлөг гэж дуудадаг юм билээ. мань хүн тэд нараас хулгай хийдэг учраас тэгж нэрлэсэн юм билээ. өмнөговийн гурвөнтэсд 30 гаруй насны залуу байдаг. энэ гүрбазарын хүүхэд гэж нутгийн улс хэлцдэг юм билээ
худал үнэн ярьж төмөр авч энгэртээ зүүсэн энэ тагжгар хар одоо гэртээ сууж бусдад зай тавьж өгөх болоогүй юу. солиотой хар пиздаа
нүдэнд харагдтал үнэн бичжээ гүрээдээ эрүүл энх улам их амжилт бүтээлийг ерөөе