Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн ТӨСВИЙГ НЭМЭЭГҮЙ НЬ УХРАЛТ боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын 2023 төсвийн төслийн талаар байр суурийг нь сонирхлоо.


-Монгол Улсынг 2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Таны хувьд энэ удаагийн төсвийг хэр "амьдрал"тай, хэрхэн дүгнэж байна вэ. Ялангуяа та эрүүл мэндийн салбарын төсвийг нэмээгүйд их шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-УИХ-аас гарах хамгийн том ажил бол 2023 оны төсөв. Гишүүдийн оролцоо ч маш чухал байдаг. Яах вэ, эрүүл мэндийн салбараас парламентад орж ирсэн хүний хувьд энэ салбар 2023 онд урагшлах уу, хойшлох уу гэдгийг анхаарч, том хуулийн төсөл дээр сууж байна. Гэтэл эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхтой ижилхэн орж ирсэн. Үүнд сэтгэл дундуур байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт том реформ хийгээд 2020 онд Засгийн газраас өргөн барьсан даатгалын шинэчлэлийг хийсэн шүү дээ. Энэ хүрээнд том, том өөрчлөлтүүдийг хийж чадсан.

Ингэснээр эрүүл мэндийн салбар төсвөө тав дахин тэлсэн. Дээр цар тахалтай хүнд үед хүндээр өвдсөн олон хүнээ эмчлэх даатгалын шинэчлэлийн хуулийг бол амжилттай хийж чадсан. Энэ нь юу вэ гэхээр гүйцэтгэлээр санхүүждэг болсон явдал юм. Өмнө нь эмнэлгүүд төсвөөс зарим санхүүгээ бэлэн авчихдаг байлаа. Заримыг нь даатгалаас авчихдаг байсан. Үр дүнд нь олон хүн эмчлүүлэх гээд ирэхэд нэг их таатай биш. Болж өгвөл цөөхөн хүн эмчилж, төсвөө хэмнээд ажиллахыг л урьтал болгодог байсан юм. 

Хэрэв санаж байгаа бол өмнөх даатгалын хуулиар жилд хоёр сая хүртэлх төгрөгөөс их мөнгө даатгуулагчид гаргаж болохгүй гэх мэт босго тогтоодог байсан.  Одоо бол тийм зүйл байхгүй. Эмчилсэн, үйлчилсэн л бол санхүүгээ ав. Сайн ажилласан эмнэлэг нь өөрсдийгөө хөгжүүл, ажилчдынхаа цалинг нэм гэдэг болсон. Гэтэл ам.долларын ханш ямар болчихоод байгаа билээ. Дээр нь инфляци өссөн. Монгол Улс чинь хоёрхон хөрштэй. Нэг нь цар тахал гээд хилээ хаачихаад байдаг. Нөгөө нь дайн, байлдаан гээд онгоц дээгүүр нь нисэж болохгүй болчихоод байна.

Ачаа тээврүүд илүү урт зам туулж ирдэг боллоо. Эм, эмнэлгийн хэрэгслийн 90 хувь нь гаднаас орж ирдэг.

Бид чанартай эмийн тухай яриад байдаг. Үнэ нь 60 хувиар нэмэгдэж байна. Нөхцөл байдал ийм байхад яаж ирэх оны төсөв дээр 2022 оныхтой ижилхэн төсөв тавиад орж ирж болох юм бэ. Ингэж болохгүй. Одоо даатгалын сан 11, 12 сарынхаа мөнгийг урьдчилаад хэрэглэчихээд байна шүү дээ. 

-Таны бодлоор эрүүл мэндийн салбарт тавьсан төсвийг дор хаяж хэдэн хувиар нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

-Ядаж 20, 30 хувиар нэмэх ёстой. Засгийн газар мундаг, сайн ажилласан. Санаж байгаа бол 2021 оны төсвийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн эрүүл мэндийн салбарт 750 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн шүү дээ. Ингэж байж цар тахлыг хамгийн бага хохиролтой давсан орны тоонд багтсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг жишээ болгон татаж ярьдаг. Гэтэл санхүүжилт, мөнгө байхгүй болохоор хөнгөлөлттэй эм чинь хүртэл үнэтэй болж байна. Иргэн бараг 70 хувийг нь төлөх болчихоод байна шүү дээ. Энэ бол ухралт. Бид чинь төсвөөрөө дамжуулж хөгжлөө тодорхойлдог биз дээ. Эрүүл мэндийн салбарын хөгжил их зөв зам руугаа явж байснаа ухарч байна. Тиймээс л шүүмжлэлтэй хандаад байгаа юм. 

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж гаргасан. Ирэх 2023 оны төсвийн төслийг харахад хэр хэмнэсэн харагдаж байна вэ?

-Яах вэ, Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж байгаа. Шинэ хөрөнгө оруулалт төслүүд байна. Бид чинь он дамжуулаад аягүй их хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Зарим нь өмнөх онуудаасаа үргэлжлээд явчихсан, дуусдаггүй. Тиймээс энэ дуусдаггүй, замбараагүй 76 тойрог дагасан хөрөнгө оруулалтаа больцгооё. Энэ мэтээр зарчмын зүйлээ яриад тохирчихсон шүү дээ. Үүнийг гишүүд дэмжиж байгаа. Ирээдүйн хөгжлөө, өрийн таазаа Монгол Улсын эдийн засгийн хүнд үед бол зөв авч явахыг ярих нь зүйтэй.

Ер нь гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт хийх, тойргийнхоо иргэдээс ирж байгаа саналыг аваад түүнийх нь дагуу ажил хийх хүсэлт гаргадаг шүү дээ. Тэрийг иргэд буруу ойлгодог. Бид л 4-5 тэрбум төгрөгөөр нь аваад байгаа мэтээр ойлгодог. Тийм биш л дээ.

Бид дандаа л төсөвт нь ямар ажил оруулах вэ гэдэг саналаа л өгдөг. Энэ мэтийгээ бүгдийг нь болиод ямар ч байсан. эхлүүлсэн ажлуудаа дуусгах нь зүйтэй гэдэг дээр тогтсон. Энэ бол зөв. 

Харин эрүүл мэндийн салбар бол өөрөө хөрөнгө оруулалт нэхээгүй. Зарчмын хувьд шал өөр болгочихсон. Гүйцэтгэлээр нь стратегийн худалдан авалт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмчилсэн хүн болгоноор санхүүжилт өгнө. Тэр санхүүжилтээр дамжаад тухайн байгууллага нь цалин хөлсөө нэмнэ. Дээр нь тоног төхөөрөмжөө сайжруулах ёстой байгаа юм. Одоо нэг л баахан үнэтэй төмөр зардаг, барилгын тендер зарладаг Эрүүл мэндийн яам байх аа болих хэрэгтэй. Стратегийн худалдан авалтаар дамжуулан сул байгаа салбаруудаа хөгжүүлье. 

-Тухайлбал?

-Бид 2021, 2022 оныг гүйцэтгэлийн санхүүжилтээр яваад үзчихлээ. Ерөнхийдөө лавлагаа шатлалын буюу том эмнэлгүүд төсвөө 4-10 тэрбум төгрөгөөр нэмүүлсэн байна. Хуучин онтойгоо харьцуулахад санхүүжилт авч чадаад байгаа юм байна. Үүгээрээ дамжуулж эмнэлгүүд тоног төхөөрөмж, цалин хөлсөө нэмж чадаж байна. Та нар анзаарсан бол сүүлийн үед эмнэлэг болгон л цалингаа 40-50 хувь нэмчихсэн байна. Нэмэгдээд оцоож овоосон зүйл бол байхгүй. Гэхдээ л тодорхой хэмжээний урам өгч байна шүү дээ. Хөгжиж байна гэсэн үг.

Магадгүй аймаг, дүүргийн эмнэлгүүдэд санхүүжилт бага оногдож байж мэднэ. Тэгвэл тэр аймаг, дүүргийн эмнэлэгт хамгийн их үзүүлдэг тусламж, үйлчилгээнийх нь тарифыг 2-3 хувиар нэмэхэд л тэнд мөнгө нь нэмэгдэж, орж ирж байгаа орлого нь өснө. Сайн эмч байлгахыг хүснэ, наад зах нь. аль болох аймгаасаа, аймгийн иргэдийг хот руу явуулдаггүй байх тэр тогтолцоонд шилжинэ.  Үүнийг стратегийн хөрөнгө оруулалтаараа шийдэх ёстой. Одоо эрүүл мэндийн даатгал дээр харагдахгүй байгаа нэг зүйл байна.

-Юу тэр билээ?

-Бид эрт илрүүлгийг их чухалчилж үздэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрт илрүүлгийг зайлшгүй хийнэ гэж оруулсан. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс 67 тэрбум төгрөгтэй эхэлсэн ажил. Одоо гэтэл төсөвт нь харагдахгүй байна.

Би сайдаас нь асуулаа л даа. Уг нь, 100 тэрбум төгрөгөөр оруулсан. Сангийн яам зөвшөөрөөгүй гэж байна.

Одоо 67 тэрбум төгрөгөөрөө хэвээрээ байгаа гэж хариулсан. Тэгэхээр бид өвчнөөсөө урьдчилан сэргийлж чаддаг, өвдсөн хойно нь биш эрт үед нь оношилдог түүгээрээ дамжуулж даатгалын сангийнхаа мөнгийг хэмнэнэ. Нөгөө талаараа өвчнөөр ард түмнээ алдахгүй байх том боломж шүү дээ. Гэтэл ийм л байна, харамсалтай л байна. 

-УИХ-ын дарга ирэх 2023 оны төсвийг олон нийтэд ил тод хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд хэд, хэдэн томоохон хэлэлцүүлгийг ч хийх юм шиг зүйл ярьсан. Энэ хэр зөв алхам, үг вэ. Та ямар байр суурьтай байна вэ?

-И-парламент гээд онлайн плататформ бий болчихсон. Иргэд төсөвтэй холбоотой саналуудаа өгөх ёстой. Ялангуяа эрүүл мэндийн салбарт санаа зовдог, ажиллаж байгаа хүмүүсийг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг болчимоор байна. Мөнгөгүйгээсээ болж эмчлүүлж чадахгүй байна гэдэг бол төрийн гутамшиг. Ард иргэд санхүүгийн дарамтад орохгүйгээр өвдсөн ч эмчлүүлж чаддаг болох ёстой. Энд УИХ онцгой анхаарч, гишүүд ч дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. 

-Ингэхэд хүүхдийн мөнгө халамж уу?

-Хүүхдийн мөнгө халамж биш. 

-Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийг эхлүүлээд байна. Халамж хавтгайрлаа ч гэж ярьж байна. Гэтэл хүүхдийн мөнгийг 90 хувьд нь олгохоор боллоо. Иргэдийн зүгээс хүүхдүүдийг алагчилж үзлээ, төр Үндсэн хууль зөрчиж байна гэх зэргээр шүүмжилж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хүүхэд төрөхдөө аав, ээжээ сонгодоггүй. Хүүхдийн аав ээж залхуу, хөгжлийн бэрхшээлтэй ч байж болно. Тэглээ гээд хүүхэд хэрэглэдэг хэрэглээнээсээ хасагдаж болохгүй. Гагцхүү тэр хүүхдийн мөнгө зөв зүйлдээ л зарцуулагддаг байх ёстой. Тэр зохицуулалтыг нь төр хийж өгөх л хэрэгтэй. Харин халамж бол хавтгайрч болохгүй. Энэ бол тусдаа асуудал. Бид халамжийн бодлогыг хэтрүүлэх юм бол хөдөлмөр хийдэг Монгол биш хөгжлөө ухраах үйлдэл юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(64.119.24.93) 2022 оны 10 сарын 12

Чинбүрэн шиг чадваргүй, авилгалчин хүмүүсээс болж Монголын анагаах ухаан доройтож байгаа юм. Монголчууд хорт хавдраар пэдхийд тэргүүлж байгаа нь эмчийн чадваргүй ЧИнбүрэн мэтээс болж байгаа юм. Салбар нь дэлхийн сүүл барьж байхад энэ новш мөнгө л ярихаас өөр юм чадахгүй. Хавдраар өвдсөн хүмүүсийг оройтсон байна, насгүй болсон гэхээс өөр юм чадахгүй ийм эмч байдаг юм уу? Тийм л учраас Монгол дэлхийд хавдраар тэргүүлж Чинбүрэн баяжиж байна.

0  |  0
г(202.126.89.180) 2022 оны 10 сарын 11

Асуудлииг шиидэх гэж алхам ч хиигээгүи баиж попорох юм. Сологост 2-туслах нь очижчихсон хувиин эмнэлэг баигуулах хөрөнгө оруулагч хаигаал манаи гишүүн ерөнхиилөгчиин наиз юуг ч зохицуулж чадана гээд ёстои Сэүлээр нэг онигоо болж баина гэсэн.

0  |  0
Zochin(202.126.89.226) 2022 оны 10 сарын 11

Малаа чи өөрөө үхэр юмуу үг хөөхөөр үйл хөө гэдгийн ийм л хүмүүсийг сонгож,сайд болгож удирдуулж бна даа бид ээ чаавайс гэж

0  |  0
Зочин (66.181.179.15) 2022 оны 10 сарын 11

ӨӨӨӨӨ НЭМЭХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА МОНГОЛЧУУД НЯЛХ ХҮҮХДЭЭСЭЭ ЭХЛЭЭД БҮГД ХОРТОЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ ГЭЭД АМАР ТАЙВАН АМРААХГҮЙ БОЛСООН. ЕР НЬ МЭРГЭЖИЛЭЭРЭЭ ХАЛХАВЧ ХИЙГЭЭД ЭМЧ БҮХЭН ЯМАР Ч ХАМААГҮЙ ӨВЧНӨӨР АЙЛГАХ БОЛСОН НЬ НУУЦ БИШ. ДАНДАА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ОДОО ТЭГЭЭД ИРГЭД ЯДУУ АИЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГАА ҮЕД ШИНЖИЛГЭЭ ЭНЭТЭР ГЭЖ ХЭРЭГЧ ҮГҮЙ ХООЛОО ЯАЯ ГЭЖ БАЙНА.

0  |  0
Top