$33 тэрбум давсан гадаад өрийн 30% нь л татвар төлөгчдөд ХАМААТАЙ гэв

2022 оны 10 сарын 11

Монгол Улсын гадаад өр энэ оны нэгдүгээр улирлын эцсээр 33.9 тэрбум ам.доллар байсан бол хагас жилийн дүнгээр 33.3 тэрбум ам.доллар байна гэсэн мэдээллийг ҮСХ-ноос өгч буй. ОУВС-гаас өгч буй мэдээллээр ковид болон ОХУ-Украины дайнаас үүдэн дэлхийн эдийн засагт бэрхшээлүүд тулгарсаар буй нь хөгжиж байгаа орнуудыг дефолтын эрсдэлд оруулж, орлого багатай орнуудын 60% нь өрийн хямралтай тулаад байна. Түүнчлэн энэ нь манай Монгол Улсад ч хамаатай буюу ойр асуудал гэсэн байр суурийг  Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөлөөс анхааруулж,  “Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн билээ. Манай улсын тухайд инфляцтай зэрэгцэн  гарч байгаа нэг гол асуудал нь гадаад өрийн төлбөрүүд бөгөөд одоогоор дефолт зарласан болон зарлах эрсдэл өндөртэй орнуудад гарч байгаа нийтлэг урьтал нөхцөл нь тухайн улс орнуудын инфляц болоод байгааг Төсвийн зөвлөлөөс онцолсон.

Тэгвэл төрийн байгууллагуудын зүгээс Монгол Улсын гадаад өрийн статистикийг нарийвчлан тайлбарласан мэдээллийг өгч буйг хүргэе.

 

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: Өр зээлээ бид зөв зарцуулж байна уу,  гэдэг л хамгийн чухал 

Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад өр замаа алдлаа, нэг хүнд ногдох өр (бүр хүүхэд төрөнгүүтээ өрөнд орж байна гэх мэт) 30 сая төгрөг давлаа гэж шагшрах хүмүүс олон боллоо. Үүнтэй холбоотой хэдэн зүйл тодруулж бичсэн нь зүйтэй гэж бодлоо.

1. Манай улсын гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.долларт хүрсэн нь санаа зовох хэмжээнд хүрсэн өндөр дүн үү гэвэл өндөр дүн. Учир нь гадаад өрийг эдийн засагтай харьцуулахад 2.2 дахин том болсон байгаа. Энэ нь ижил төстэй орнууд дунд бид хамгийн өндөртөө орж байгаа хэрэг.

2. Тэгэхдээ гадаад өрийн бүтцийг бид харах хэрэгтэй. Доорх зурагт үзүүлсэнчлэн энэ 33.3 тэрбум ам.долларын өрийн 9.2+2.5 тэрбум нь буюу 11.7 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Төв банкны буюу Монголын төр/татвар төлөгчдийн хариуцах хэсэг. Харин хамгийн том хэсэг нь буюу 12.1 тэрбум нь хөрөнгө оруулагчийн зээл буюу Оюутолгой ХХК, Энержи Ресурс гэх мэт компаниудын гадаадад байдаг толгой компаниасаа авсан зээл, 8.1 тэрбум нь бусад Монголын аж ахуйн нэгжүүдийн зээл. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Төв банкнаас бусад гадаад өрийг тухайн төсөл, аж ахуйн нэгж хариуцна гэсэн үг.

3. Эцэст нь хэлэхэд бидэнд валютын хуримтлал байдаггүй, иймд аливаа том төсөл хөтөлбөр хийхэд гадаадын зээл зайлшгүй хэрэгтэй болно. Тэгэхээр өр зээлээ бид зөв зарцуулж байна уу, энэ нь эргээд улсын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж чадаж байна уу гэдэг л хамгийн чухал үзүүлэлт.

Дээрээс нь цаашид орж ирж байгаа зээлийн доллар болгоноос аль болохоор олон центийг дотооддоо үлдээхийн тулд яах ёстой вэ гэдгээ зөв тооцоолох ёстой гэсэн үг. Үүнд татвар, төсөв, мөнгө, ханш, хүү, хөрөнгө оруулалтын цогц бодлого хэрэгтэй болно.

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:  Нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт 

2022 оны 1 дүгээр улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд, дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь Оюу толгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.  

Мөн нийт өрийн 30% орчим нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70% орчим нь хувийн хэвшлийн өр байдгийг анхаарах нь зүйтэй. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм.

Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, аж ахуйн нэгжүүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт УБҮ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна. Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг. Бас нэг жишээ дурдахад, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиар унаж байсныг санаж байгаа байх. Тухайн үед Энержи ресурс компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн байдаг. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий юу, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал юм.   


 

Тодотгоход, нийт гадаад өрийг бүтцээр нь харахад 1/3 нь л төрд ногдож байгаа ч тэр 30%-ийн цаана бгаа өр төлбөрүүд, тэдгээрийн эргэн төлөлтийн хугацаа болон манай эдийн засаг, төсөв, валютын нөөцийн нөхцөл байдал анхаарах асуудал мөн үү гэвэл мөн.  Төсвөөс жилдээ 1 их наядыг төрд ногдох гадаад өрийн  хүүнд төлж байна. Төрд ногдох гадаад өрийн хэмжээ $11.7 тэрбум буюу  гадаад валютын нөөцөөс одоогийн байдлаар бараг 4 дахин өндөр байна. Валютын нөөц нь түүхэндээ өсөөд өсөөд 5 тэрбумыг л шүргэж байсан,  буцаад импортын төлбөрөөр гараад явчихдаг, нөөцийн өсөлт тогтвортой байх боломж одоогоор хэцүү харагдаж байгаа. Ийм нөхцөлд төрд ногдох 30%- ийн өрийн дүн анхаарах асуудал мөн л дөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top