Шадар сайд Стандарт, хэмжил зүйн газарт “онц муу” дүн тавилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар холбогдох яамны дэд сайд, агентлагийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Стандарт, хэмжил зүйн газарт зочилж, тус газрын дарга Б.Билгүүний мэдээлэлтэй танилцсан юм. Уг танилцуулгаар тус газрын ажил нэгэнт унасныг дахин харууллаа. 

Уг нь “Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөөс стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн агентлагийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Тиймээс Шадар сайд С.Амарсайхан “Би энэ агентлагт гурав дахь удаагаа ирж, үүрэг даалгавар өгсөн. Гэтэл маш хангалтгүй байна. Цаашид стандарт мөрдөх тал дээр, мэргэжлийн болгох шаардлагатай. Байнгын 56 хороо бий, стандартыг нэгдүгээрт тавих ёстой. Стандартыг салбар бүрээр нь үнэлэх дүгнэх шаардлага бий. Би Хотын дарга байхдаа стандартыг мөрдөх шаардлага байгааг дуулгаж, энэхүү ажлыг эхлүүлсэн. Эндээс мөнгө шаардах хэрэггүй. Хагас дутуу стандарт гэж гаргаад мөнгө олох гэсэн байгууллага байж таарахгүй. Бид байгууллагаа мэргэжлийн болгож илүү ил тод ажиллах хэрэг байна” гэдгийг дурдсан.

 

 

Б.Билгүүн нь мэргэжлийн хүн биш бөгөөд энэ салбарын даргаар гурван жил гаруйн хугацаанд ажиллахад ийнхүү Шадар сайдаас “онц муу” дүн удаа дараа авсан хүнээр тодорч байна.

Түүний танилцуулсан материалаас үзэхэд Засгийн газраас баталсан Техникийн зохицуулалт боловсруулж хэрэгжүүлэх ажлын явц туйлын хангалтгүй буюу дөнгөж найм, Техникийн зохицуулалт батлуулсан нь зорилтын 40 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлагатай стандартын 60 хувь нь одоо болтол цаасан дээр бууж баталгаажаагүй гэсэн үг аж.

Мэргэжлийн байгууллага нь ийнхүү хангалтгүй ажиллаж байгаа хойно өөр ямар ч арга алга.

Мөн үеэр илтгэлдээ заавал мөрдөх стандарттай 644 бүтээгдэхүүнийг Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсныг дурьдаад түүний хэрэгжилт 54 хувьтай байна гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд заавал баталгаажуулалтад орсны дараа очиж байх ёстой 10 бараа бүтээгдэхүүн тутмын тэн хагас нь баталгаажаагүй байна. Мөн тэрбээр өөр маш ноцтой мэдэгдлийг хийлээ. Заавал баталгаажуулалтад хамрагдах ёстой 261 бүлэг хүнсний бүтээгдэхүүний дөнгөж 10 хувийг баталгаажуулсан аж. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэх 10 бүтээгдэхүүн тутмын ес нь баталгаагүй байгаа аж. Б.Билгүүн тус агентлагаас 150 аж ахуйн байгууллагын бүтээгдэхүүнд импортын тохирлын гэрчилгээ олгосон гэж тайлагнав.

Монгол Улсын хуулиар зохицуулагдаагүй, олон улсын журмаар хориотой үйл ажиллагаа болохыг хууль, дэлхийн худалдааны байгууллагын баримт бичгээс төвөггүй мэдэж болно. Түүний тайлбарлаж мэдээлснээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь яамд, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой гэсэн санаа байв. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр тэгж бас болохгүй байх. Мэргэжлийн хяналтын үүрэгт баталгаажуулах чиг үүрэг байсан бол чихэж болох нь мэдээж хэрэг. Түүний мэдээллээс харахад салбарын ажил бүхий л түвшинд уналтад орсныг хэрэгжүүлж чадаагүй хууль, мэргэжлийн хяналтын байгууллага болж таарлаа.

Тиймдээ ч энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Д.Амарбаясгалан “Энэ бол шалтаг болохоос шалтгаан биш” гэдгийг сайд, агентлагийн дарга нарт анхааруулж байлаа. С.Амарсайхан сайд энэ байгууллагын ажлыг сайжруулахаар 2021 оноос хойш гурав дахь удаагаа очиж үүрэг өгсөн ч Стандарт, хэмжил зүйн газар огт хэрэгжүүлээгүй гэдгийг ч давхар дурдав. Тодотговол, урьд өмнө буюу 2021 оны тав болон долоодугаар сард ирж Хүнсний аюулгүй байдлын стандартыг шинэчлэх тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчил­гээний стандартад онцгой анхаарал хандуулж шинэчлэл хийх хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжүүлээгүй болохыг мэдэгдэж дахин зэм хүртээсэн юм.

Ялангуяа олон нийтийн анхаарал татаад байгаа хүнсний стандартын шинэчлэлт өөрчлөлт туйлын хангалтгүй байгааг МХЕГ-ын дарга Б.Баасандорж шүүмжилж байв. Харин Б.Билгүүн мэдээлэлдээ эрүүл мэндийн салбарт 744 стандарт мөрдөгдөж байгаа гэсэн боловч эрүүл мэндийн салбарынхан үгүйсгэж, энэ салбарын стандартыг яам баталж байхаар хуульчлагдаад таван жил болж байгаа талаар дуулгалаа. Гэтэл Шадар сайдыг бодит мэдээллээр хангах үүрэгтэй агентлагийн дарга хоёр жил орчим түүнийг буруу мэдээллээр хангасан болж таарлаа. Энэ бол дэндүү хариуцлагагүй үйл­дэл юм. Улмаар тус агентлагийн удирдлагыг солих нь өөрчлөлтийн эхлэл байх ёстой гэдгийг ч салбарынхан дуулгав. Шуудхан хэлэхэд тус салбарт өөрчлөлт шинэчлэлийг манлайлах чадвартай зангараг­тай мэргэшсэн удир­дагч үгүйлэгдэж байна. Б.Билгүүн нь Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн найзын хүү гэдгээрээ давуу байдал эдэлж, төрийн албаны сонгон шалгаруулалтын босгоор алхаж үзээгүй МАН-ын эрх танхил банди нарын нэг гэдгийг ч дурдах учиртай.

Л.Оюун-Эрдэнэ сайдад хэлэхэд Б.Билгүүнийг мэддэг чаддаг салбарт нь шилжүүлж, чадах ажлыг нь хийлгэх нь цорын ганц зам юм. Б.Билгүүний ард байгаа хамгаалагч нар ч одоо болих хэрэгтэй. Учир улс орны гол салбар дампуурч байгааг ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч Шадар сайд С.Амарсайханд энэ салбарыг хэнээр хөтлүүлэх сонголтыг нь эдлүүлэх цаг нэгэнт болжээ. Салбараа удир­даж чадаагүй сул хүнийг шахаад ч шүүс гарахааргүй болсон нь Шадар сайдын оройтсон зэмлэлээс тодорхой харагдлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haltar(66.181.183.184) 2022 оны 10 сарын 12

Zob ajilaas nal\n\n\n

0  |  0
Haltar(66.181.183.184) 2022 оны 10 сарын 12

Zov ajilaas ni hal

0  |  0
Top