Монголчууд "Жендэр, жендэрийн тэгш байдал” гэсэн үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай мэтээр ойлгож ирсэн. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих гээд байгаа хэрэг биш. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцааг ижил тэгш түвшинд байлгах бодлого юм.
Орчин үеийн улс төрийн намууд жендэрийн тэгш байдлын тухайд тусгайлсан хөгжлийн хөтөлбөр, концепц боловсруулж, сонгуульд оролцож, олон нийтийн дэмжлэгийг хүлээх бодлого барин ажиллаж буй. Энэ тал дээр МАН Монголын улс төрийн намуудаас нэг алхамаар түрүүлж, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүний нэг нь 2024 оныг хүртэл хэрэгжүүлэх төсөл юм. Эрх баригчид 2021 оны арванхоёрдугаар сард болсон 30 дугаар Их хурал дээрээ Хүний эрхийг дээдлэгч дэвшилтэт нам болох бодлогоо зарласан. Энэ бодлогын салшгүй нэг хэсгийг жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилт гэж үзсэн тус нам НҮБ, КОЙКА зэрэг байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Мөн Фридрик Эбертийн сантай хамтран эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалт, уулзалтуудыг орон нутгийн намын байгууллагуудтайгаа хамтран өнгөрсөн 7, 8 дугаар сард 21 аймгийн хэмжээнд эрчимтэй зохион байгуулжээ.
Энэ ондоо багтааж, жендэрийн сэдвээр сургалтуудыг орон нутагт болон нийслэлд бүх шатандаа зохион байгуулах гэнэ. Энэ ажлуудын үр дүнд МАН жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан гаргах аж. Ингэснээр МАН Монголын улс төрийн намуудаас хамгийн түрүүлж жендэрийн үзэл баримтлалаа баталсан улс төрийн нам болох юм. Жендэрийн тэгш байдлын талаар тодоор дуугарч эхэлнэ гэдэг бол олон нийтэд нөлөөлөл үзүүлэх ялангуяа шийдвэр гаргах түвшинд тодорхой үр дүн гарах боломжийг нээнэ гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )