Олон жилийн өмнө “Охидоо хаана нуух вэ” хэмээн сонины хуудаснаа сэдэв хөндөж байлаа. “Гандангийн тагтаа, траншейны хүүхэд хоёр яагаад цөөрөв” хэмээн эрэн сурвалжилга хийсэн минь ч мөнөөх сонины шарласан хуудаст бий. Сэтгүүлч бид сэдэв эрж хайдаг, эрэн сурвалжилдаг, асуудал дэвшүүлдэг. Харин Монголын төр үүнд анхаардаг гэж үү.
Саяхан Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг дэлхий даяар эрх нь зөрчигдөж байгаа охидод туслах, тэдний эрх тэгш боловсрол эзэмших, сурч хөгжих, эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх тухайд “хонх” болгож ирсэн юм билээ. 2012 оноос эхлэн жил бүр тэмдэглэсэн гэхээр 10 жил өнгөрчээ. Харин манай улсад энэ өдөр төрийн байгууллагууд тийм ч их ач холбогдол өгдөггүй гэж болно.
Төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагч, хуульч өмгөөлөгчид байр сууриа илэрхийлэх, судалгаа танилцуулах зэргээр идэвхтэй өнгөрүүлж ирсэн. Сүүлийн үед тэдний дуу хоолой суларч, аав ээжүүд “Охидын өдөр” хэмээн хөөрцөглөж, цахим орчинд охиныхоо зургийг тавьж баяр хүргэхээс хэтрэхгүй байх шиг. Яс юман дээр охиноо эрсдэлд оруулж байгаагаа ухаарахгүй байна шүү дээ. "Охид бол нууж явах эрдэнэ юм шүү" гэж үүгээр дамжуулан хэлье.
Энэ өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 15 хүүхэд ор сураггүй алга болсон гэх бараан мэдээллийг хууль хяналтын байгууллагууд гаргасан. “Хүүхдийн” гэх тодотголтой газрууд таг чиг. Тэдгээр хүүхдийн хэд нь охин байсан бол. Нийгэм зэрлэгшиж, элдэв гэмт хэрэг, тэр дотор хүчирхийллийн гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, ёс бус хандсан үйлдлүүд улам ихээр гарах болсонд Монголын төр, хүүхэд хамгаалах байгууллагууд анхаараасай. Охидоо нууж яваарай. “Нуу” гэдэг нь хамгаалж яв гэсэн үг юм шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )