“Сургууль, цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд” төслийн хүрээнд Дорнод аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 26 сургууль, 36 цэцэрлэгийн эмчийн кабинетад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Хүүхдийн бие сэтгэхүйн хөгжил, өсөлт хөгжилт, эрүүл чийрэг байхын үндэс суурь нь эрүүл мэнд байдаг. Тиймээс эмнэлгийн цогц аппаратуудын тусламжтайгаар хүүхдийн дархлааг дэмжин, хүндрэлээс сэргийлэх нөхцөл бүрдэж байна.
Энэхүү төсөл нь Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаар хамтарсан тушаалаар хэрэгжиж эрүүл мэндийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бий болгох, ерөнхий боловсролын сургуулийн 18176 сурагч, цэцэрлэгийн 5318 хүүхэд, салбарын 2440 багш, ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.
Сургууль цэцэрлэгүүдийн эмчийн кабинетад шаардлагатай Утлагын аппарат, Хүүхдийн дижитал даралтын аппарат, Пульсоксиметр, Амьсгал тоологч, Чагнуур, Духны үзлэгийн толь, Жин өндөр хэмжигч, Мананцар үүсгэгч буу, Отоскоп /чихний уг дурандагч/, Зайнаас халуун хэмжигч, Туузан метр зэрэг 11 төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл ( 0 )