Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2022.10.18/ хэвлэлийнхэнтэй "Зангиагүй уулзалт" хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь учраас Засгийн газар стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна" хэмээн тодотголоо.
Монгол Улсад өнөөдөр 6524 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.
Үүнээс үндэсний стандарт 3715, үндэсний болгон баталсан Олон улсын стандарт 2364, адилтгасан стандарт 445, олон улсын түвшинд хүрсэн стандарт 2809 байгаа нь нийт стандартын 43 хувийг эзэлж байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг салбараар нь ангилах аваас дараах тоон мэдээлэл гарч байгаа талаар албаныхан мэдээлэв.
Үүнд:
1. Хүнс-645
2. Эрүүл мэнд-744
3. Аялал жуулчлал-15
4. Хөдөө аж ахуй-381
5. Боловсрол-150
6. Хүрээлэн буй орчин-235
7. Барилга, барилгын материал-655
8. Уул уурхай, ашигт малтмал-341
9. Авто зам-214
10. Авто тээвэр-133
11. Төмөр зам-161
12. Эрчим хүч-167
13. Хэмжилзүй-282
14. Мэдээлэл, харилцаа холбоо-213
15. Менежментийн тогтолцоо-41 байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа зарим стандартыг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэх шаардлагатай гэж ярьж байна. Гэхдээ гол асуудал нь тэр олон стандарт нь шаардлага хангахгүй байна уу, эсвэл стандартыг дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байна уу. Үүнд та тайлбар өгнө үү?
-Манайд стандарт байхгүй биш байна. Гэхдээ хоёр, гурван янз байна. Нэг хэсэг нь шаардлага хангаж байна. Шаардлага хангахгүй байгаа хэсэг ч байна. Ойролцоогоор 50 орчим хувь нь байна. Энэ бүхнийг тэнцвэржүүлж шаардлага хангаж байгааг нь улам хэвшүүлэх, мөрдүүлэх шаардлагатай. Харин шаардлага хангахгүй, стандарт байхгүй газрыг нь стандарттай болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, цаг үетэйгээ нийлүүлж стандартаа шинэчилдэг байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, стандартыг мөрдүүлэх тал дээр аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, төрийн бус байгууллага, бүх орон нутаг үндэсний түвшинд ойлголтыг бүрэн дүүрэн өгөх шаардлагатай байна. Бид стандартыг мэддэг байж стандартаа шаардана. Стандартаа шаарддаг байж тэр хүсээд байгаа хөгжлөө бий болгодог байх хэрэгтэй.
Стандарт бол хоёр, гурван ач холбогдолтой. Нэгт, хөгжлийн хэмжүүр яах аргагүй мөн. Хоёрт, аюулгүй амьдрах орчны шалгуур болдог. Амьдралын чанарыг сайжруулахад маш чухал шаардлагатай. Бид хөгжил яриад байдаг хэр нь тэрийг бий болгодог стандартаа орхигдуулчихсан. Эзэнгүй шахуу болчихсон учраас эзэнтэй болгох ажил хийе. Ингэхээр бодлого тодорхой болгодог. Энгийн ойлголт учраас хууль эрх зүйн орчноо сайжруулах нь зүйн хэрэг юм.
-Нийгмийн ямар салбарт нь түлхүү стандарт хэрэгждэггүй, түүнийг шинэчлэх шаардлагатай гэж харж байна вэ?
-Ер нь, бүх салбарт. Стандарт зөвхөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний байгууллагад биш. Төрийн албанд ч байна. Бичиг хэрэг, ёс зүйн стандарт зэрэг ажил амьдралын алхаа гишгээ бүртээ хэвшүүлж, шинэчлэх шаардлагатай байна. Стандартыг эрэмбэлж, дараалаад зэрэг явуулах ёстой.
-Хариуцлага, хяналтын асуудлыг яаж шийдэх юм бэ?
-Бид хариуцлага шаардаад байдаг. Тэгсэн хэр нь хэнээс ямар хариуцлага нэхээд байгаа нь тодорхойгүй байдаг. Хэн нэхээд байгаа юм, хэн хариуцаад байгаа юм гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Хариуцлагыг нэхэхийн тулд эзэнжүүлэх ёстой. Эзнийг нь үүрэгжүүлэх ёстой. Тэр үүрэг нь стандарт байх ёстой.
Сэтгэгдэл ( 3 )
Стандартыг нь хийж өгөөд 2 жил хүлээж байна.
СТАНДАРТГҮЙ ЗАСАГЛАЛ БАЙЖ БОЛОХ УУ? МОНГОЛ НОМАД ГЭДЭГ КОМПАНИЙ ҮХРИЙН МАХТАЙ БУУЗ /17МЯНГАН ТӨГРӨГНИЙ / ШАНЗНЫ МАХ НЬ ЗҮГЭЭР ТАТСАН ШҮРМЭС . ЭНЭ БОЛ ЭНЭ КОМПАНИЙ СТАНДАРТ. МОНГОЛД СТАНДАРТ БАЙНА. МУУ ЭМИЛГЭЭ, ХОРТОЙ ЭМ, ХОРТОЙ ХҮНС, ЛУЙВАРЧИН ГЭМТ ХЭРЭГТЭН ГИШҮҮД.,САЙД
өө тэдгээр бүгд хамгийн гол стандартууд бн ш дээ монголд тэгээд шаардлага хангаж байгаа стандарт гэж байхгүй юм биш үү