Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд сурталчлах, хууль тогтоох ажиллагаанд аж ахуйн нэгжийн оролцоог хангах, санал хүсэлтийг тусгах хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл 80 гаруй оролцогч, цахимаар МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимын төлөөлөл оролцов.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан, Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлэлцүүлгийг эхэнд тэмдэглэв. Түүнчлэн, Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн, хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдсэн байгааг тэмдэглэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн хяналт шалгалтын давхардал үр ашиггүй тогтолцоог залруулах зайлшгүй шаардлага үүссэн. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг салбарын яам руу шилжүүлэх, давхардсан, үр ашиггүй системийг залруулах, стандартын хэрэгжилт, хяналтад зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, зөвхөн шаардлагатай үйл ажиллагаанд төрөөс зөвшөөрөл олгодог байх, түүнтэй холбоотой үүсэж болох хүнд суртал, ойлгомжгүй байдлыг бууруулах шаардлага байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр иргэн, аж ахуй нэгж бизнесээ эрхлэхэд төрөөс ирэх дарамт, хүнд суртал эрс багасах, хэрэглэгч, үйлчлүүлэгч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авах, хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хохироосон, чанар, стандартын шаардлага хангаагүй, хууль тогтоомжийг мөрдөөгүй үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах төрийн үүрэг хэрэгжих боломж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байна” гэж уулзалтын эхэнд онцолсон юм.
Мөн тэрбээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг нь төрийн албаны дотоод хариуцлага, ёс зүй, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэнэ, Засгийн газрын бүтцийн бүх түвшинд хяналт шалгалтыг явуулж, үр дүнг сайжруулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана гээд Төрийн алба маш ихээр данхайсан. Хэрэгцээ шаардлагагүй орон тоо төрд ихээр бий болсон. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад энэ байдал нийтлэг тохиолддог болсон. Хэрэгцээ шаардлагагүй орон тоог бий болгож, цалинжуулах явдал байгаа нь тодорхой харагдаж байгаа. Төр алдаа дутагдлаа засах үүднээс дотоод хяналт, шалгалтын агентлагийг бий болгож, жил бүр атестатчлал явуулж, үнэлгээ дүгнэлт өгдөг, иргэддээ үзүүлж буй үйлчилгээний дүгнэлтийг бүх түвшинд бодитой гаргахыг зорьж байна. Засгийн газрын 340 дүгээр тогтоолоор бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй, аливаа төрлийн бизнесээс төр үе шаттайгаар татгалзах ажлыг зохион байгуулна. Урьдчилсан байдлаар 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас төр татгалзаж, 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзсэн гэдгээ мэдэгдэв.
Үүний дараа МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэх хяналт шалгалтын тогтолцоо”-ны талаар танилцуулж, бизнес эрхлэгчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн Б.Болдбаатар: Төр хувийн хэвшлийн хооронд маш том, нурахааргүй “хана” бий болсон. Бид асуудлаа шийдвэрлүүлэх гээд бичиг өгдөг ч судалж байна, шийдвэрлэх бололцоотой зэрэг бөөрөнхий хариулт өгдөг. Би Нийслэл рүү Холбооныхоо зүгээс, МҮХАҮТ-аар дамжуулан, холбогдох яамаар дамжуулан гурван удаа Үйлдвэрлэлийн зориулалттай барилга барихад 12 давхар барилга барихтай тэнцэх хэмжээний бичиг цаас шаардаж байгааг болиулах талаар албан бичиг өгсөн. Үйлдвэрлэлийн зориулалттай барилга нэгээс хоёр давхар сэндвичэн барилга л байдаг, үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг ашиглалтад хүлээн авах цонхыг нээгээд өгөөч гэж хүсээд одоо хүртэл хариу алга.
Сав баглаа, боодлын үндсэн түүхий эд болох ундаа усны савны түүхий эдийг дэлхий нийтийн жишгээр үйлдвэрлэгчийн чанарын шаардлага хангасан баталгааны бичгийг үндэслэн нэвтрүүлдэг атал манай улс заавал шинжилгээ авна гэдэг. Энэ байдал олон улсын жишигт нийцэхгүй байна гээд ХХААЯ-наас ГЕГ-руу энэ түүхий эдүүдийг хил, гаалийн нөхцөлөөс хөнгөвчлөх талаар бичиг явуулсан ч шийдвэрлээгүй. Шинэ хуулийн төсөлд хэд хэдэн удаа бичиг өгөөд шийдвэрлэгддэггүй, мухардалд орсон ийм асуудлыг хэрхэх талаар тусгасан уу?
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Бидний нийгмийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчин бодит амьдралд нийцэж, үйлчилж чадахгүй байгаа дүр төрх энэ юм. Нэг талдаа баримтлан ажиллаж буй хууль, нөгөө талдаа албан байгууллага, албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх хэмжээнээс гадуурх эрх хэмжээг бий болгож, хэрэгжүүлж ирсэн гажуудал бодитой оршин тогтнож байна гэж үзэж байна. Монгол Улс 6500 гаруй стандарттайгаас 2800 нь хэрэгжиж байна. Засгийн газрын стандартын асуудалд ахиц гаргахад анхаарч ажиллаж байгаа. 12 давхар барилга барих стандарт нэг өөр, үйлдвэрлэлийн зориулалттай барилга барих стандарт өөр байх ёстой. Үүнийг нэг зохицуулалтаар хийгээд байгаа нь хүндрэл, хүнд суртлыг бий болгож байгааг таслан зогсоох ажил руу орно. Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, стандартын хууль эрх зүйн орчныг дэлхийн жишигт нийцүүлэх, өдөр тутмын амьдралд зохицуулалт хийдэг стандартуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бодитоор хэрэгжүүлье, аль стандартыг зайлшгүй дагаж мөрдөх ёстой юм, аль нь жишиг болох ёстой гэдгийг тодорхой болгоё гэж байгаа. Төрийн худалдан авалттай холбоотой ажиллагааг стандарттай холбоод үзэхээр стандартад үндэслэгдээгүй, төсөвт тусгагдсан мөнгөн дүнд тааруулаад шалгаруулалт хийдэг. Худалдан авах ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, мэргэжлийн ТББ-уудын оролцоонд суурилж шалгаруулалтыг явуулдаг болох шаардлага ч үүсэж байна.
Төр, иргэн хоёрын харилцаа дундаа асар том хана хэрэмтэй хоёр туйл болчихсон. Үүнийг Засгийн газар ойртуулж, дунд нь боссон хана хэрмийг нураах ажлыг хийх ёстой гэж үзэж, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор Төрийн дотоод хяналт шалгалтын газрыг байгуулах гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )