Автозам ашигласны төлбөрөө НӨАТ-ын буцаалтаас суутгуулах БОЛОМЖТОЙ

2022 оны 10 сарын 26

Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сараас даатгалд хамрагдаагүй, болон торгууль, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд танилцуулж байсан. Тэгвэл энэ ажил хэдэн хувьтай байгаа талаар өчигдөр ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ. Ийн Айцын даваан дахь Түргэний төлбөр авах цэг дээрээс тээврийн хэрэгслийг хэрхэн цахимжуулсан талаар сурвалжилсан юм. Энэ үеэр ЗТХЯ-ны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж сэтгүүлчдэд мэдээлэл өгч ажиллаа.

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгсэл нэвтрэх есөн цэг бий. Үүнээс зургаа нь олон улс, улсын чанартай зам руу нэвтэрч буй цэгт хамаарна. Одоогоор Дарханы чиглэлийн зам буюу Баруунтуруун дахь нэвтрэх хэсэг бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор орох хэсэг түр хугацаагаар ажиллахгүй байгааг холбогдох албаныхан хэлж байна. 

Г.ПҮРЭВЖАРГАЛ: ТОВЧООДЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХАД 10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Тэгвэл үлдсэн товчоодод авто тээврийн хэрэгслийн төлбөрийн асуудлыг  цахимжуулах ажил хэдэн хувьтай байгаа талаар ЗТХЯ-ны Төрийн өмчит үйлчилгээний  газрын захирал Г.Пүрэвжаргал мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Одоогоор Налайх, Эмээлт, Манзуширын хийд, Замын-Үүд чиглэлийн төлбөр авах цэгийг цахимжууллаа. Цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажил арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд бүрэн хэрэгжиж дуусна.  Өчигдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүдийг RFID технологи ашиглан бүртгэж, төлбөрийн мэдээллийг утасны дугаар луу нь илгээх байдлаар ажиллаж эхэллээ.

Бид автозам  ашигласны  төлбөр гэж жилд 10 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Цахимжуулснаар энэ  орлого илүү нэмэгдэнэ. Үүнийг шаардагдах зам засварын ажилд зарцуулдаг. Гэвч 10 хувьд нь ч хүрэхгүй. Одоогоор төлбөр авах дөрвөн цэгийг  цахимжуулахад 380 орчим сая төгрөг зарцууллаа. Товчоодыг бүрэн шилжүүлэхэд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж төлөвлөсөн. Үүнийг улсын төсвөөс биш боломжит эх үүсвэрээс гаргахаар ажиллаж байна” гэлээ. Ийн жолооч нар ROADPAY.MN болон SMARTCAR.MN, ЕBARIMT.MN, QPAY зэрэг цахим хэрэгслүүдээр нэвтэрч  улсын дугаараар хайлт хийн  нэхэмжлэлээ төлж барагдуулах үүрэгтэй  юм. Түүнчлэн ЕBARIMT аппликэйшнээр дамжуулан НӨАТ-ын буцаан  олголтоосоо суутгуулах боломж бүрдсэнийг онцолъё. Одоогоор энэ нөхцлөөр төлөх хүсэлтэй 191 мянган иргэн байгаа аж.  Харин банкны  аппликэйшнээр төлбөрөө төлөх иргэдийн данснаас шууд татан  авах зохицуулалтыг хийжээ. Түүнчлэн  зам ашигласны төлбөр хураамжийг тухайн тээврийн хэрэгсэл  оношилгоонд орох,  нэр шилжүүлэх үе  хүртэл бүрэн  барагдуулсан  байх учиртай. Өөрөөр хэлбэл энэ хүртэлх хугацаанд хуримтлуулж байгаад төлж  болно гэсэн үг.

 

Л.ӨЛЗИЙХИШИГ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР БОЛОН  МАРК ЗӨРӨХ  ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙНА

Түргэний төлбөр авах цэг нийт 12 ажилтантай бөгөөд тус товчооны ажилтан Л.Өлзийхишиг “Бид 24, 48 гэсэн ээлжээр ажиллаж байна. Сэрүүний улиралд гадаа зогсож  мөнгө хураана гэдэг тулгамдсан асуудал байсан. Үүнийг халж цахим  хэлбэрт шилжүүлсэн нь  том  ахиц.  Тухайн тээврийн хэрэгслийн төлбөрийн мэдээллийг цахимаар баталгаажуулж холбогдох байгууллагууд руу илгээх үүрэгтэй. Ингэснээр ебаримт олгохоос эхлэн олон давуу тал бий болсон. Мөн түгжрэл үүсгэхгүй хурдан шуурхай үйлчлэх боломж  бүрдсэнд  таатай байна. Постоор өдөрт 1200 гаруй тээврийн хэрэгсэл  орж гарна. Үүнээс 200 орчим нь том оврын тээврийн хэрэгсэл байдгийн 10 нь зөрчилтэй байх жишээний. Цахимаар бүртгэж эхэлснээр торгууль татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн мэдээлэл гарахын зэрэгцээ улсын дугаар болон марк зөрөх зөрчил илэрч байна.  Бид үүнийг цаг тухайд засч ажилладаг.Түүнчлэн гурван тэнхлэгтэй 17 тонны ачаа ачих машин даацаа хэтрүүлсэн байвал компьютерийн дэлгэц дээр мэдээлэл гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар дөрвөн том оврын машин даац хэтрүүлэн нэвтэрсэн. Үүн дээр холбогдох байгууллагын ажилтан хяналт тавьж байна” хэмээн ярилаа. 

Бид ийн постоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн мэдээлэл хэрхэн баталгаажиж,  бүртгэгдэж буй үйл явцтай танилцлаа. 9390 УБМ улсын дугаартай машин нэвтрэхэд серийн дугаарын нэг орон нь байхгүй байх бөгөөд 390* УБМ гэх байдлаар дэлгэц дээр гарч байсныг оператор засч илгээх юм. Энэ мэтчилэн  зөрчил нэлээдгүй гарч байгааг ажилтнууд хэлж  байв. Ташрамд товчоогоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч нарын сэтгэгдлийг сонссон нь энэ.

Жолооч Х.Ганбаяр “Би Улаанбаатараас Төв аймаг орох зорилготой явж байна. Ийм  болсныг сая мэдлээ. Миний утсанд 132001 дугаараас Таны эзэмшдэг .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2022 оны 10 цаг 24 минутад Түргэний төлбөр авах цэгээр нэвтэрсэн тул хураамжийг энд дарж төлнө үү гэх утгатай мессэж ирсэн. Би хаан банкны аппликэйшн ашиглан дор бүр нь төлөөд явна. Түгжрэл үүсгэхгүй түргэн шуурхай үйлчилгээ нэвтрүүлсэнд талархаж байна” гэв.

Жолооч М.Өлзийцэцэг “Би Төв аймгаас  хот руу ажилдаа явдаг. Товчоогоор нэвтрэхэд төлбөр хурааж байна гээд түгжрэл үүсч хугацаа алддаг. Харин цахим хэлбэрт шилжсэнээр  энэ байдал халагдсан  гэж ойлголоо. Төлбөрөө цахимаар төлөх бүх нөхцөл нь боломжийн санагдлаа” гэдгийг онцолж байна. Цаашдаа татвар болон торгууль төлөөгүй тээврийн  хэрэгсэл нийслэл рүү нэвтрэхгүй болох бөгөөд цаг хугацаандаа оношилгоонд орох техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдал  бүрэн хангагдах, жолооч бүр хариуцлагатай  болох гэх мэтчилэн үр өгөөжтэй ажил хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.

Түүнчлэн цахим шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа  нөлөө  бүхий том ажлуудын нэг нь энэ. Төлбөр авах цэгүүдийг ийн цахимжуулснаар хүн хүч болон бусад урсгал зардлуудыг  танаж  зам засварын бүтээн байгуулалтын ажилд төсвийг түлхүү зарцуулах бодлого баримтлахаар зорьж байгаа аж.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top