Өдийд манай нутагт намар дуусах яагаа ч үгүй байгаа. Баастын тал, Туулайн талд сар тэнгэрээс бөхөлзөх агшинд шүүдэртэй өвс түмэн зул шиг мандан харагдаж байгаа даа. Арван тавны саран дор асаж дүрэлзэх шүүдэртэй өвсний гэрэл гэгээг гүйцэх гоёомсог нь орчлонд юусан билээ дээ. Тэгээд салхин сэвшээ зөөлрөх үдийн наранд шүүдэртэй өвс түмэн зул шиг бөхөж харагдана даа. Ийм л цагаар талын өвс эрмэг байдлаа орхиод өмнийн салхинд бөхөлзөх нь уйтай ч ирж яваа цагийн үнэр үндэснээс нь хан тавих нь жаргалтай. Жигүүртэн ч амарч туулах энэ их талын үрчлээнд юу эс байгаа бол доо гэж бодохоор бүгдийг нь нэгжиж мэдмээр.
Даанч хүний амьдрал, энэхэн насны тоо дэндүү багадах орон зай энэ талын ай савд байдаг аж. Ийм л талын дундуур манан дундаас цайвалзан наашлах морьтон маргаашийн өвөл, хаврыг хөтлөөд ирэх шиг санагддаг байв. Яах аргагүй л тэр морьтон хөтлөөд ирсэн юм шиг өвөл, хавар болдог доо.
Бага залуухан насанд мөнгөн цасны дор яргуйн үндэс зүүдэлж, мөдхөн амрагийн минь үснээс үнэртэх шиг санагддаг байв. Хүн гэдэг амьтан байгаль ижийтэй хүйн холбоотой гэдэг нь харагдана. Хүн ч тэгээд байгалийн амьтан бөгөөд байгаль өөрөө хүнийг шалгаж, тэр шалгуурыг хүн давж гардгаараа онцлогтой. Ханагар данагар намрыг туулж, хатуу хахир өвлийг давж урин цагтай золгох шиг сайхан зүйл гэж хаа байхав.
Хүний сэтгэл, малын зоо тэнийсэн энэ л өдрүүдэд ирж буй цагийг харцнаасаа гэрэлтүүлж, инээд асгасаар амраг охид ирдэг тэр л тал нутгийн минь инээд хөөр өнөө хүртэл зүрхэнд жингэнэнэ. Тэр л охидын инээдийг дагаад хавар ирэхэд чийгтэй өвсөн дунд талын шувууд өндөглөж байдаг сан. Хүн байгалийн шүтэлцээ, амьд харилцаа гэдэг энэ. Жил жилийн аравдугаар сарын тэнгэр дор зогсож айсуй өвөл, хаврыг өртөөлөн бодлогширч зогсох сайхан даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )