Монгол Улсын хэмжээнд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага гарын арван хуруунд багтана. Сүүлийн жилүүдэд нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүний мөс, мөн чанар, зан төлөв дордож сэтгэл сэртхийлгэж, зүрх зүссэн мэдээ мэдээллүүд олноор гарах болоо. Тэр дундаа хүүхэд, багачуудыг эрэмдэг болгох цаашлаад бэлгийн дур хүслээ зүй бусаар хангах, бие махбод сэтгэл зүйн дайралт хийж тэдний хувийн орон зайд халдан амьдралд нь арилшгүй толбо үлдээж байгаа нь туйлын эмгэнэлтэй.
Үүний нэг тод жишээ 13 настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх хэрэг юм. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын баг, хүүхдийн байцаагчид хамтран энэ сарын эхээр Төв аймгийн сумдад зохион байгуулсан уулзалтын үеэр 13 настай охин хойд эцэгтээ удаа дараа хүчирхийлүүлсэн тухайгаа ярьжээ. Тодруулбал, 38 настай Б нь 13 настай дагавар охиноо долоо хоногт 2-4 удаа хүчирхийлж, бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Цагдаагийн албан хаагчид Төв аймгийн харьяат, 38 настай Б-г дээрх хэргийн улмаас цагдан хорьж охиныг Улаанбаатар хотод авчран одоогоор Түр хамгаалах байранд байлгаж байна.
Охины ээж, “Жилийн өмнө аав намайг чангаагаад байна гэхэд нь би нөхөртөө итгэсэндээ харамсаж байна” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ мэт цэцэг цэврүү шиг охид, хөвгүүд гаж этгээдүүдийн харгислалыг тэвчсээр байна. Манай улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хүчирхийлийн дуудлага мэдээлэл, хохирогчдод ямар тусламж үйчилгээ үзүүлдэг талаар мэдээллийг энэ удаад хүргэхийг зорилоо.
ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ УРАГ ТӨРЛИЙН ДУНД ИХЭЭР ҮЙЛДЭГДДЭГ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар онлайнаар 859, утсаар холбогдсон 444, биечлэн 348 хүн зөвлөгөө авсны 52 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-18 насны 53 хүүхэд болон асран хамгаалагчийн хамт хандаж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээ мэдээлэл авчээ.
Тус төвийн түр хамгаалах байранд одоогоор бэлгийн болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 10 хүүхэд байрлаж байгаа гэдгийг хуулийн зөвлөх Д.Санчир онцолсон юм.
Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл ураг төрлийн дунд ихэвчлэн үйлдэгддэг бөгөөд алслагдсан бүсийн буюу орон нутгийн иргэд хотод байрлах ах, эгч дүүгийндээ хүүхдээ үлдээдэг байдлаас хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг нь судалгаагаар батлагдсан байна. Ураг төрлийн хүчин гэдэг нь хохирогчтой цусан болон ойрын төрөл садангийн хэн нэгэн этгээд түүнийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглан, гэр бүлийн ариун журамт ёс, хайр, хүндэтгэл, итгэлийг эвдэж, хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөг зөрчиж, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан гэмт үйлдлийг хэлнэ гэж хуульд заажээ.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төвд бэлгийн хүчирхийллийн золиос болсон 13-17 насны хүүхдүүд ихэвчлэн ханддаг бөгөөд энэ он гарсаар 21 хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ. Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар энэ онд нийт 611 хүүхэд түр хамгаалах байранд хүлээн авчээ. Үүнээс эрэгтэй 297, эмэгтэй 314 хүүхэд, 0-5 насны 188, 6-10 насны 163, 11-15 насны 192, 16-18 насны 70 хүүхэд байна. Хүчирхийллийн хэлбэрээр ангилж үзэхэд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 83, үл хайхрах хүчирхийлэлд 344, бэлгийн хүчирхийлэлд 48, сэтгэл санааны хүчирхийлэлд 35, гуйлга гуйсан 11, төөрсөн 21, хараа хяналтгүй 38 хүүхэд хохирчээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын түр хамгаалах байранд одоогоор 27 хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэллээ. Судалгаанаас үзэхэд хүүхэд хүчирхийллийн золиос болж буй шалтгааны 70 хувь нь архины хамаарлаас, үлдсэн 30 хувь нь эцэг эхийн хараа хяналт, гэр бүл салалт, маргаан уур бухимдал, хоол ундны хүрэлцээ, сэтгэцийн эмгэг зэргээс үүдэлтэй аж. Түүнчлэн дийлэнх хувь буюу 56 хувийг үл хайхрах хүчирхийллийн тохиолдол эзэлдэг гэнэ.
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙСАН НЭГ ХҮҮХЭД ЭНДЖЭЭ
Улсын хэмжээнд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд анхдагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын нэг бол ГССҮТ юм. Тэгвэл тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар 0-18 насны 122 хүүхэд үйлчлүүлсэн байна. Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1-2 хүүхэд ирдэг бол жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 3-4 хүүхэд Нэг цэгийн үйлчилгээнээс мэдээ мэдээлэл, тусламж авдаг байна.
Эдгээрийг насны ангилалаар нь авч үзвэл 4-12 насны хүүхдүүд ихэвчлэн таньдаг хүн буюу ураг төрлийн хүний хүчирхийлэд өртсөн байдаг аж. Тухайлбал, саяхан бэлгийн хүчирхийлэлд өртсөн 12-16 насны хүүхдүүд мэсээр өөрсдийгөө хүнд гэмтээсэн нэлээдгүй тохиодол бүртгэгдсэн гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Ташрамд, энэ онд ГССҮТ-д үл хайхрах хүчирхийллийн улмаас хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан нэг хүүхэд энджээ.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрд эрүүл мэндийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж, цаашлаад төрөлжсөн нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээ болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг бусад салбарын оролцоотой хамтран үзүүлж эргэх холбоотой ажиллахын зэрэгцээ хүүхэд ахин өөрийгөө гэмтээж бэртээхээс, хүчирхийлэлд өртөхгүй байх тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгууллагын сэтгэл зүйч болон СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмчид холбон зуучилдаг байна.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны энэ үетэй харьцуулахад 79.3 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл он гарсаар эхний есөн сарын байдлаар 65 хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлсэн. Улсын хэмжээнд түр хамгаалах байр 21, Нэг цэгийн үйлчилгээний 14 төвөөр 3103 хүн үйлчлүүлсэн бөгөөд үүний 2102 нь хүүхэд байжээ. Ийн холбогдох байгууллагуудаас гаргасан дүн мэдээллээс харахад жил ирэх тусам хүүхдийн эсрэг хүчирхийлэл өсч байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.
“Хүүхэд бол цагаан цаас шиг” хэмээн монголчууд хэлж, ярьдаг эргээд буруу үр дагавар дагуулж байна. Учир нь хүүхдүүдийг юу ч ойлгодоггүй, мэдэрдэггүй гэж харьцах нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Гэвч тэд бол бүхнийг ойлгодог, мэддэг, мэдэрдэг хүмүүс. Ялгаатай нь тэд өөрсдийгөө бүрэн илэрхийлж чадахгүйд л оршдог. Тийм ч учраас энхрий нялх үрсийг санаатай болоод санамсаргүйгээр хэн ч хохироож, хүчирхийлж, үл хайхарч болохгүй. Хэдийгээр энэ тухай төрийн байгууллага, дээд албан тушаалтнууд байнга ярьдаг ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурах нь бүү хэл улам бүр нэмэгдсээр байгааг та бүхэн дээрх тоо баримтаас бэлхнээ харсан биз ээ.
Улс орны хөгжил, эдийн засгийн чадвар гэсэн том, том асуудал ярьж, томчууд биднийг худлаа цэмцэгнэж байх хооронд эх орныхоо ирээдүй хойч болсон үр хүүхдүүд маань энэ мэтчилэн хүчирхийлэлийн золиос болж, зарим нэг нь амь насаараа хохирсон олон жишээг дурдаж болно. Иймд хүүхдүүдийнхээ төлөө хийж хэрэгжүүлдэг ажлаа улам чамбайруулж, төрийн байгууллагууд нь цаасан дээр тоо бөглөхийн оронд хүчирхийлэлд өртсөн хүүхэд нэг бүрд хүрч, ийм байдалд орж болзошгүйг нь урьдчилан сэргийлж ажиллах шаардлага тулгараад байгааг дуулгах нь зүйтэй. Ер нь гэр бүлийн элдэв маргаан, томчууд бидний зохисгүй үйлдлийн цаана хамгийн ихээр хохирч үлддэг нь хүүхдүүд билээ.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )