Утга зохиол хэмээх ай савнаа “Сүүн Бэх” хэмээх айл бууриа засаж, өрхөө татаад нэгэн жилийг ардаа орхижээ. Нэгэн жил гэдэг богино хугацаа хэдий ч тус айл нь өдрөөс өдөрт бүл нэмж, уран бүтээлийн арвин их ургац хураасан учраас уншигч олондоо тайлагнахаар болжээ. Тиймээс “Сүүн Бэх” утга зохиолын нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйтэй хөөрөлдлөө.
-“Сүүн Бэх “ утга зохиолын нэгдэл гэдэг их айл өнөр олуулаа санагддаг. Танай нэгдэл хичнээн гишүүнтэй вэ. Анх үүсэн байгуулагдсан түүхээсээ хуваалцаач?
-Сонгинохайрхан дүүргийн утга зохиолын нэгдэл гэж яриагаа эхлэх юм бол 50 жилийн түүхтэй. Нэрний хувьд он цагийн салхинд өөрчлөгдөж, шинэчлэгдэж бас үүд хаалгаа барьчихсан байсан. Энэ үед өнөөгийн “Сүүн Бэх” утга зохиолын нэгдэл үүссэн. Нэг үгээр хэлэх юм бол бид ахмад уран бүтээлчдийнхээ өвийг залгамжлаж яваа. “Сүүн Бэх” утга зохиолын нэгдлийг анх гурвуулаа байгуулж байсан. Өнөөдөр 1000 хол гарсан дагагчтай 200 гаруй гишүүнтэй болжээ.
- Улаанбаатар хотод яруу найраг, утга зохиолын чиглэлээр үйл ажиллагааг бодитоор явуулж байгаа ганц нэгдэл гэж ойлгож болох уу?
- Яруу найраг, утга зохиолын чиглэлээр дугуйлан, сургалт бол олон байна. Монголын зохиолчдын эвлэл ч уран бүтээлчдийн чанар чансааг сайжруулахын тулд дэргэдээ сургалт явуулдаг. Энэ бол зөв замын эхлэл. Манай утга зохиолын нэгдлийн хувьд Улаабаатар хот дахь дүүргүүдийн дундаас идэвхитэй яваа нь гэж хардаг. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаагийн удирдлагад жил гаруй сургалт явуулж, дугуйлан ажлуулдаг. Мөн зохиолч, яруу найрагчидтай уулзалт хийлээ.
- “Нэргүй Баатрууд” нэртэй яруу найргийн наадмыг санаачлан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ талаараа яриач?
-Манайд хэлмэгдэгсдэд зориулсан үр өгөөжтэй арга хэмжээ гэж байхгүй. Хэлмэгдэгсэдийн өдөртэй атлаа тухайн өдөр нь хөшөөнд цэцэг өргөөд өнгөрдөг байсан. Харин СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарын санаачлага, дэмжлэгтэйгээр энэ наадам анх үүссэн. Б.Хуягбаатар дарга дүүргийн цагаатгалын комиссын тэргүүний албыг давхар хашдаг юм. Мөн Өнөөдөр зөвхөн “Сүүн Бэх” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчдээс гэхэд хэлмэгдэгсдэд зориулсан 300 шахам шүлэг, яруу найраг төрсөн байна. Мөн “Нэргүй баатрууд” яруу найргийн наадмыг санаачилснаар хэлмэгдэл гэж юу вэ, түүний үнэ цэнэ, түүх хаана гуйвж байв гэдгийг хойч үе бүрэн мэдэх боломжтой болж байгаа юм.
-Цахим ертөнцөд яруу найргийн группүүд их болж. Үүнийг хэр их зөв хандлага гэж боддог вэ?
-Нэгэн үе нийгэм жаахан сүүдэртэй байсан. Энэ сүүдэр нь хүн бүхний сэтгэлийг бүүдгэр болгосон. Ийм үед азаар цахим ертөнц хөгжиж эхэлсэн. Үүнийг дагаад цахим ертөнцөд яруу найраг, шүлэг сонирхогчид сэтгэл нэгдэж эхэлсэн. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг гэрэл гэгээ тийш хөтлөх зөв зам. Ер нь би цахим шүлгийн группүүдийг үгүйсгэх, буруутгахын эсрэг байдаг хүн. Мэдээж тэнд сонирхлоороо бичдэг хүмүүс байгаа болохоор алдаа оноо байгаа. Яруу найргийг хэн шүүдэг юм. Хэн тэднийг буруутгах юм. Буруутгаж байгаа хүн нь өөрөө сул талтай. Өөр өөрийнхөөрөө бичиж л байг. Өөр өөрийнхөөрөө хүмүүсийн сэтгэлд их бага гэгээ түгээж л байг л дээ.
-Таныг олны танил сайн яруу найрагчийн нэг гэдэг. Гэхдээ цахим ертөнцөд оршдог сул шүлэгтэй хүмүүсийг өмөөрдөг гэж багаггүй шүүмжилдэг. Ер нь шүлгийн хэмжүүр юу вэ?
-Миний сайн яруу найрагч гэж юу байх вэ. Шүлэг, яруу найргийн хэмжүүр бол он цаг. Нөгөөтэйгүүр шүлэг өөрөө сэтгэл. Тиймээс би хүний сэтгэлийг хүндэлж хайрладаг хүн.
- Танай утга зохиолын нэгдлийн уран бүтээлдийн уран бүтээлийг дэнсэлбэл?
-Маш сайн гэж хэлэхгүй. Гэхдээ нэг жилийн хугацаанд маш сайжирсан. Би үүнийг хаана ч хэлнэ. “Сүүн Бэх” утга зохиолын нэгдлийн гишүүн хэн нь ч байсан хаана ч солгой хөгтэй шүлэг уншихгүй байх. Нэрлэвэл бүгдийг нь л нэрлэчихнэ. Яах вэ намайг шүүмжлэх хэн нэгэн байж болно.
-Монголын Зохиолчдын эвлэлтэй хэр холбоотой ажилладаг вэ?
-МЗЭ-ийн Удирдах зөвлөл, удирдлага бидний ажил үйлсийг дэмжиж ажилладаг. Ер зохиолчдын эвлэл өөрөө бусдыг хүндэлдэг тэр дундаа хүний сэтгэлийг хайрлаж чаддаг байгууллага санагддаг. Ийм болоод зөвхөн манайхыг биш утга зохиол, яруу найргийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа салбар, зөвлөл, нэгдлүүдийг ихэд дэмжиж ажилладаг.
-Ойн арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй ярьвал?
- “Сүүн Бэх” гэдэг айл нэг жилийнхээ ургацыг ард түмэндээ тайлагнаж үзүүлэх. Бид эв нэгдлийн хамт олон. Эдийн засгаар нэгдээгүй хүмүүсийн зүрх сэтгэл, нөхөрлөл ариун байдаг. Тиймээс л хэн нь ямар уран бүтээлч вэ гэдгийг Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдэд болон Монголын зон олонд хүргэж байгаа юм. СХД-ийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдардаг уран бүтээлчид хэн бэ, бид юу хийдэг вэ гэдгээ л тайлагнаж байна гэж ойлгож болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )