Б.Ганхуяг: “Эрдэнэс тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, татварт 800 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.


-Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тогтоол, тэмдэглэл гарч, уул уурхайн компаниудад тэр тусмаа ЭТТ чиглэгдсэн мөнгөн дүнтэй болон борлуулалттай холбоотой хэд хэдэн нарийвчилсан зохицуулалт хийгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч, энэ шийдвэр ЭТТ-д яаж нөлөөлөхөөр байна? 

-Зөв тогтоол, цагаа оллоо. Аль ч улсын эдийн засгийн гол хүчин зүйлийн тэргүүн эгнээнд гадаад валютын нөөц, түргэн хөрвөх чадвар, байнга өсөн нэмэгдэж байх үзүүлэлт чухал байдаг. Сүүлийн жилүүдэд ковидын нөхцөл байдал гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан бол дээрээс нь нэмэгдээд ОХУ-аас Украйнд хийж байгаа дайны нөлөөлөл хөрш зэргэлдээ орны хувьд тэр дотроо Монголд илт муугаар нөлөөлж, хүндрэл учруулчихлаа. Нэгэнт улс орны эдийн засгийн үндсэн ачааг үүрч байгаа уул, уурхайн салбарынхан, тэр дундаа тэргүүлэх үүрэгтэй оролцдог Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрт зайлшгүй үүрэх ёстой ээлжит ачаа болон ирнэ. Энэ бол зүй ёсны хүлээх ёстой ачаа. Өмнө нь ковидын үеийг давахад үүрч байсан вакцин худалдан авах, шинжилгээ, халдваргүйжүүлэлт, түлшний үнийн зөрүү, иргэд, ААН-ийн цахилгааны төлбөрийг даасантай адил хэрэгжүүлэх ёстой үүрэг гэж ойлгож болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 22-ны Засгийн газрын тэмдэглэл гарсан өдрөөс он дуусах хүртэл хугацаанд 500 сая ам.долларыг Монголбанкнд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн, одоогийн байдлаар 130 сая ам.долларыг тушаагаад байна. Оны эхнээс 640 сая ам.доллар тушаасан. Он дуустал олох 500 сая ам.доллароос 200 орчим сая нь ЭТТ ХК-ийн хувьд төлөвлөгдөөгүй байсан орлого хэдий ч санхүүгийн менежментийн хувьд боломжтой байхаар тооцож, худалдан авагч болон тээвэрлэгч талуудтайгаа ажиллаж эхлээд байна.

-УИХ-ын Чуулган дээр нүүрсний борлуулалт болон экспортын асуудлаар хэд хэдэн гишүүн, ЭЗХ-ийн сайдаас асуулт асууж, тайлбар авсан мэдээлэл нийтэд хүрсэн. Сайдын зүгээс танай компанийн өр, авлагатай холбоотой тоон мэдээллийг өгсөн. Энэ талаар тодруулах шаардлагатай байна? 

-Дутуу мэдээ уншигдсан. Өр төлбөрийг зөв мэдээлсэн боловч авлагын зарим хэсгийг орхигдуулж уншсан. ЭТТ ХК тайлангийн хувьд авлага нийт 3.6 их наяд төгрөг буюу Зүүнбаян төмөр замаас 1.3 их наяд, Тавантолгой төмөр замаас 2.1 их наяд, Эрдэнэс Монгол, Багануур, Шивээ овоо компаниудаас 74.5 тэрбум төгрөг, бусад төсөл хөтөлбөрүүдээс 190 тэрбум төгрөгийг авах бол өр төлбөр 3.4 их наяд төгрөг байна. Өр төлбөрийн хамгийн том дүн нь худалдан авагчдаас авсан урьдчилгаа болон барьцаа төлбөр 2.1 их наяд төгрөг, ЭТТ-Бондын 789 тэрбум төгрөг байна. Энэ харьцааг өнөөгийн хүчин чадлаар тооцоход жилд 25 сая тонн нүүрс олборлож, 24 сая тонн нүүрс борлуулах үед компанид ямар ч ачаалал ирэхгүй. Цаашид бүрэн хүчин чадалдаа хүрэх тохиолдолд санхүүгийн өгөөж огцом өснө. Нэгтгээд дүгнэхэд ЭТТ ХК-ийн өр, авлагын харьцаа зохистой байгаа төдийгүй ойлгомжтойгоор илэрхийлбэл “өр ба авлага” гэж хоёр ангилаад үзвэл 200 орчим тэрбум төгрөгийн авлагатай буюу нэмэх үзүүлэлттэй байна. Өр төлбөрийн 70 орчим хувийг худалдан авагчдаас урьдчилж авсан 2.1 их наяд төгрөг эзэлж байгаа нь санхүүгийн ойлголтын хувьд төлбөрийн таатай нөхцөл бүхий шийдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, арилжааны зээл биш, бонд биш, ямар нэг хүү, алданги, торгууль тооцохгүй, үндсэн төлбөрийг эргэж мөнгөөр төлөх нөхцөл тавигддаггүй, хатуу нөхцөл тулгасан санхүүгийн хэрэгсэл биш. Ер нь бүхий л шатны бизнес эрхлэгчдийн хувьд урьдчилгаа төлбөрөөр санхүүжилт босгох өндөр сонирхолтой байдаг, мэдээж хийж байгаа бүтээгдэхүүнийг нь хэн нэгэн урьдчилж сонирхоод мөнгөө өгч авна гэдэг бол бизнесээ өргөтгөх, чанаржуулах, дараагийн том зорилт руугаа шилжихэд бүрэн нийцсэн маш сайн нөхцөл гэж үздэг. Жижиг ч бай, дунд, том ч бай ямар ч бизнесийн байгууллага бүтээгдэхүүнээ үйлдвэрлээгүй байхдаа орлого олохын тулд бүхий л маркетингийн зардал, зар сурталчилгаагаа үүнд чиглүүлдэг нь нууц биш, гол нь тэр бүр аж ахуйн нэгжүүдэд олдоод байдаг боломж ч биш, дэлхийн хэмжээний томоохон стратеги бүхий өрсөлдөх чадвар өндөртэй корпорациудын амжилттай хийсэн менежментийн гол онцлох хэсэг нь байсаар байна. 

Мөн зөрүүтэй тоон мэдээлэлд санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхож байсан. Энэ бол ил байх үүрэгтэй тоо, тиймээс ч ЭТТ ХК-ийн хувьд олон жил нээлттэй тавьсаар ирсэн. 2022 оны гүйцэтгэлийн хувьд төлөвлөгөөт тайлангаар 3-р улирлын байдлаар улсын төсөвт 541.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эцсээр 808 тэрбум төгрөг, цэвэр ашиг одоогоор 800.1 тэрбум төгрөг байгаа бол оны эцэст 1 их наяд руу дөхөх төсөөлөлтэй байна. 

Нэмээд нэг зүйл шулуухан хэлчихэд Тавантолгойн орд бол 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүнээс 65 хувь нь эрчим хүчний болон хагас коксжсон нүүрс, 35 хувь нь хатуу коксжсон нүүрс байгаа учир хатуу коксжих нүүрсийг үнэд хүргэх, угааж бусад нүүрстэй холих замаар сайн чанарын бүтээгдэхүүн гаргахад голлон анхаарах бол эрчим хүчний болон хагас коксжсон нүүрсийг аль болох урьдчилж борлуулж, үнэ уналтаас сэргийлэх, цаашилбал Дэлхий нийтээрээ хатуу ярьж, хөдөлж эхлээд байгаа дулаарал, нүүрс хүчлийн хийн эсрэг заалтууд хэрэгжиж эхлэхээс өмнө орлогоо бүрдүүлж авах нь хамгийн том зорилт болоод байгааг нуух шаардлагагүй. Ер нь ЭТТ-н хөрөнгө оруулсан төслүүд, гарсан шийдвэр, оруулсан хөрөнгийн тоо хэмжээ, борлуулалттай холбоотой үнэн худал маш олон мэдээлэл яваад байна. Үүнийг шалгаж нягтлаад, нэг тоо мэдээлэлтэй болгох шаардлагатай. Иргэд хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой. Тиймээс ч ЗГХЭГ, Үндэсний аудитын газарт хандан, ажлын хэсэг байгуулж шалгаж өгөх хүсэлт тавьсан. ЭТТ олон нийтийн оролцоотой компани. Энэ утгаараа тогтмол хяналт шалгалт хийгддэг. Жил бүр Үндэсний аудитын газар, МХЕГ, Гааль, татвар, Худалдан авах ажиллагаа, ТӨБЗГ, бүр ШӨХТГ-аас давхардсан шалгалтууд 6-7 сарын турш хийдэг нь ажилд жаахан саадтай, дарамттай байдаг. Хуулийн байгууллагуудын хамтарсан шалгалт ч явдаг. Тиймээс нэгдсэн байдлаар шалгаж тогтоогоод явах нь зөв өө.

-Шууд асууя. ЭТТ компани 5-7 жилийн нүүрсээ урьдчилаад зараад идчихсэн, улсад валют орж ирэхээ больсон гэсэн маягийн зүйл УИХ-ын танхимд зарим гишүүд, сайд нар хэлэх боллоо. Үнэн юм уу. Хэдий хэмжээний нүүрс урьдчилж зараад, хэдэн төгрөгийн орлого олсон, энэ орлогоо юунд зарцуулсан юм бэ. Компанийн эдийн засаг санхүүгийн байдал ямаршуу байна вэ?

-Үндэслэлгүй тооцоо байсан. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЭТТ ХК-ийн нэр дээр экспортлогдсон нийт 6.7 сая тонн нүүрс байгааг шууд 2022 оны жишиг үнэ болох 278 ам.доллар (үндэслэлгүй тооцсон үнэ)-оор шууд үржүүлээд 1.8 тэрбум ам.доллар болгоод тавьчихаж байгаа юм. Гэтэл тэр 6.7 сая тонн нүүрсний 1.9 сая тонн нь л 2022 онд борлуулагдсан бол 3.3 сая тонн нь 2021 онд зарагдсан, 1.5 сая тонн 2020 онд зарагдсан нүүрс буюу тухайн ондоо орлого нь бүртгэгдэж, зарцуулагдаж, 812 сая ам.доллар нь Монголбанканд тушаагдсан байна. Мөн 2020, 2021 ондоо уг нүүрс нь тухайн үеийнхээ үнээр жишиг үнээр буюу 110 орчим ам.доллароор зарагдаад, татвар, тээвэр, бүх төлбөрөө төлөөд, төслүүдээ хүртэл санхүүжүүлсэн орлогыг давхар бүртгэж, нийлбэрийг нь бичих ёстой байтал зөвхөн 2022 онд 510 сая ам.долларыг бичээд мөнгө дутлаа, аймаар зөрүү гарчихлаа гэж ярих нь утгагүй. Харин ч бүгдийг бичих ёстой бол энэ 510 сая ам.доллар дээр 2020, 2021 оны орлого, мөн манай компанийн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн компаниудын 2020, 2021, 2022 оны орлого болох 1 тэрбум орчим ам.долларыг хүртэл нэмээд, нийлбэрийг тавих хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол асуудал нь болон ЭТТ ХК-иас гадна, “Энержи Ресурс” ХХК ХХК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монэнко” ХХК зэрэг нүүрс олборлогч компаниудын “Гаалийн мэдүүлгээр-Жишиг үнийг үржүүлсэн тоо”-ноос 51-69 хувь зөрүүтэй байгаа нь нүүрснээс орж ирж байгаа бодит орлого, гарсан нүүрсийг шууд үржүүлж өсгөсөн тооны зөрүүгээс шалтгаалж Монгол Улсын төсвийн тэнцэл хүртэл буруу бодогдсоор ирснийг анхаарах цаг болсон. Сангийн яамны жишиг үнэ гэдэг нь биднээс АМНАТ тооцож авдаг үнэ бөгөөд бодит амьдралаас хэт өндөр тогтоогдож, хөөсөрчихөөд байна. Гэтэл Хятадын гаалийн мэдээний үнэ гэхэд 190 орчим ам.доллар байхад Монголын гаалийн жишиг үнэ 278 ам.доллар байх жишээтэй. Энэ зөрүү компаниудын худалдан авагч талуудтайгаа байгуулсан гэрээ буюу борлуулалтын бодит үнээс хэт өндөр байгаа нь дээрх зөрүүг олон жилийн туршид үүсгэж байна. Ер нь бүх компани нүүрснийхээ үнийг тогтоодог дэлхий нийтийн жишиг аргачлал гбайдаг. Харин ч ЭТТ ХК-ийн хувьд дээрхи аргачлалаас гадна өөрийн сайт дээр борлуулах нүүрснийхээ доод үнийг нь тавьж, дуудлага худалдаа зарлах байдлаар 2019 оноос хойш явуулж, үнийг бодит зах зээлийн үнэнд дөхүүлсээр ирсэн давуу талтай. Та бүхэнд дэлхий нийтэд нүүрсний үнийг тогтоодог Монголд хамаарах хэд хэдэн индексийн мэдээллийг товчхон танилцуулах ёстой. Үүнд 5 индексыг ЭТТ ХК баримталж, үнээ тогтоодог: 

• CR China Coking Coal Price Index,

• MB Coking Coal Index, HCC CFR China

• Shanxi Liulin Seam 4 Coking Coal Price

• Platts HCC 64 Mid Vol., CFR China

• Production Areas Primary Coking Average

Харин Сангийн яам жишиг үнийг тогтоохдоо 2021 оны 07 дугаар сараас эхлээд борлуулагч компаниудын Гэрээний үнийг харгалзахаа больсон. Ингэснээр хэт хөөсөрсөн өндөр үнээр тооцож, татвар хураамж авдаг нэг төрлийн дарамтыг бий болгоод удаж байна. Би ойлгомжтой болгох хүрээнд өмнө нь яриад байсан жишиг үнэ болон бодит үнэ, мөн БНХАУ-ын гаалийн тооцсон үнэ, бусад компаниудын үнэ зэргийг харьцуулсан нэг хүснэгт харуулья. 

-Нүүрсээ урьдчилж зараад идчихсэн, хэдэн жил энэ компани иргэдэд байтугай улсын төсөвт юм өгөхгүй гээд байгаа?

-Нүүрсний нийт 88 гэрээ байна. Эдгээрээс 84 нь их, дунд, бага хэмжээтэй үнийн дүн бүхий урьдчилгаа төлбөртэй гэрээнүүд байдаг. Үүний 40 нь коксжих нүүрсний гэрээ, 44 нь эрчим хүчний нүүрсний гэрээ. Гэрээний нийтлэг хугацаа 1-5 жил хүртэл хугацаатай. Гэхдээ нүүрс татан авалтаас хамаарч гэрээний хугацааг багасгаж тооцдог бөгөөд зургаан сарын гүйцэтгэлийн үр дүнгээр гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэж явдаг. Яг энэ үзүүлэлтээр 2022 оны дөрөвдүгээр сард 16 гэрээг хүчингүй болгосон. Эдгээр гэрээнүүд 2 төрөлтэй. Байгуулагдсан 88 гэрээний үлдсэн 4 нь нүүрсээр төлбөрийг нь төлдөг оффтейк гэрээ байдаг. ЭТТ ХК-ийн нийт 88 гэрээнд туссан дүнгээр 75 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс багтдаг. Үүнээс 5 сая тонноос дээш нүүрсний 7 компани буюу урьдчилгаа төлбөрт Глори таун 14 сая тонн, И коммодит 13 сая тонн, Жиаёо 15 сая тонн гэсэн 3 компани, мөн моффтейк буюу нүүрсээр төлбөр төлөх Бодь интернейшнл 5 сая тонн, Богд хан төсөл 6 сая тонн, Норинко газрын тос 3 сая тонн, Нүүрс баяжуулах үйлдвэр 3 сая тонн буюу оффтейк гэрээний нийт 18 сая тонн болж байна. Үлдсэн 15 сая тонн нүүрсийг нэр бүхий 81 компани байна. Харин ЭТТ ХК жилд 25 саяас 45 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажилладаг. Зөвхөн 2022 оны гүйцэтгэлээр буюу нийт 6.7 сая тонн нүүрсний 770.000 тонн буюу 11 хувь нь оффтейк гэрээтэд нүүрсээр төлбөр төлсөн бол, харин их хэмжээний урьдчилгаа төлбөрт гэрээгээр 1.3 сая тонн буюу 18 хувь, үлдэх 69 хувь нь бусад дунд болон бага урьдчилгаа төлсөн гэрээт компаниуд авсан байна. Бид 2023 онд 25 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн. Энэ 25 сая тонн нүүрсний 15 хувь буюу 3.7 сая тонн нүүрсийг оффтейк гэрээний хүрээнд нийлүүлэх бол их хэмжээний урьдчилгаа төлсөн гэрээт компанид 30 хувь буюу 7.5 сая тонн, үлдэх 13.8 сая тонн нүүрсийг бусад дунд, бага буюу богино хугацаат гэрээ байгуулсан компаниудад нийлүүлнэ. 

Ер нь олон улсын жишгээр аль ч төрлийн ашигт малтмал олборлогч компанийн хатуу барьдаг бодлого бол бараа, бүтээгдэхүүнээр төлбөр төлдөг гэрээний хэмжээг 30 хувиас ихгүй байхаар төлөвлөдөг. Харин ЭТТ ХК-ийн хувьд 13-18 хувийн дээд хязгаартай байхаар бизнес төлөвлөлтөө хийж, их хэмжээний урьдчилгаа буюу 100 сая ам.доллараас дээш төлбөр төлсөн томоохон топ түншлэгчиддээ тухайн жилд олборлосон нийт нүүрсний 25-30 хувь байхаар тооцсон. Үлдэх 45-55 хувийг спот буюу богино хугацаат гэрээтэй компаниуддаа нийлүүлдэг. Энэ нь ч аль талаасаа эрүүл бөгөөд зохистой харьцаа төдийгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт тасралтгүй байх, улс орны валютын нөөцийг тогтмол, байнгын өсөлттэйгээр нэмэгдүүлэхэд хувь оруулах ёстой.

Өмнө нь нүүрсээ өгч явуулчихаад хойноос нь мөнгийг нь хөөцөлддөг жишигтэй байсныг өөрчилсөн. Энгийнээр хэлбэл дараа төлбөрт биш урьдчилсан төлбөрт болсон. Энэ бол ЭТТ ХК-д ямар ч эрсдэлгүй, маш сайн менежментийн хэлбэр мөн. Цаашид ч нүүрс авах гэж байгаа хэн ч бай мөнгөө төлөөд төлсөн мөнгөнийхөө 50 хувьд нүүрсээ авсны дараагаас дахин мөнгөө төлж авахдаа, ЭТТ ХК-иас тогтоосон квотын хязгаарт нүүрсээ авдаг зарчмаар л явна. Энэ бүтэц таалагдахгүй, эвдэхийг хүсэж байгаа хүмүүс байсан, одоо ч байсаар байна, цаашид ч энэ хүслээ дарж чадахгүй юм шиг байна. Тэгэхээр хэдэн жилээр нүүрсээ урьдчилаад зарсан гэдэг яриа хэр үндэслэлтэй гэдэг нь ойлгогдох байх. 

-Хэдэн их наядаар хэмжигдэх Оффтейк гэрээ сонгон шалгаруулалтгүй хийчихсэн, одоо тэр гэрээний дагуу нүүрс өгөөд таарч байна, гуравхан хувийнх нь мөнгө орж ирж байна гэсэн мэдээлэл сайд өгсөн байсан. Ямар дүнтэй хэдэн оффтейк гэрээ хийсэн, яаж шалгаруулсан, гүйцэтгэл ямар байгаа, гэрээнүүдийн хэдий хэмжээний өр байгаа вэ?

-Нийт 4 гэрээ нүүрсээр төлбөр-(оффтейк)-ийг нь хийх нөхцөлтэй байгуулагдсан. Бүх гэрээнүүд Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төдийгүй энэ гэрээнүүдийн хүрээнд холбогдох яамдын сайд, төрийн байгууллагуудын 100 гаруй тогтоол, тэмдэглэл, захирамж, шийдвэрүүдээс гадна ЭТТ ХК-ийн ХЭХ, ТУЗ-ийн шийдвэр, олон тооны тогтоолуудаар баталгаажсан. Мөн “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч барьцалдуулагч, түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж, туршилтын хагас коксжсон түлш нийлүүлэх зарим гэрээний хэсгийг нүүрсээр төлөх, бүр шаардлагатай тохиолдолд валютаар төлөх нөхцөлтэй гэрээнүүдийг онцолж болно. За ЭТТ ХК-ийн байгуулсан 4 оффтейк гэрээг танилцуулья.

  1. Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам. Гүйцэтгэгч нь Бодь интернэйшнл ХХК. Нийт өртөг нь 1 тэрбум ам доллар. Засгийн газрын 2019 оны 304-р тогтоол, ТУЗ-ийн 2019 оны 53,56-р тогтоол, УУХҮЯ-ны 2019 оны 19/20, 19/22, 19/23 тоот удирдамж, УУХҮ-ийн Сайд, ЗТХ-ийн сайд, ТӨБЗГ-ын даргын хамтарсан А/184, 284, А/2389 дугаартай тушаалын дагуу гэрээ байгуулж, 10 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замыг үргэлжлүүлэн барьсан. Бодь интэрнэйшнл ХХК өөрсдөө хөрөнгөө гаргаж бариад, төлбөрийг нь ЭТТ нүүрсээр төлөх агуулгатай ийм гэрээ. Энэхүү гэрээний дагуу Гашуунсухайт чиглэлд 1-р зэрэглэлийн 235 км төмөр зам баригдаж дуусаад ашиглалтад орсон. Өнөөдөр 7 хоногт 300-450 чингэлэг нүүрс тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн өртөг хэд дахин буурсан, эдийн засгийн ач холбогдол өндөртэй төсөл. Одоогийн байдлаар энэ оффтейк гэрээгээр 454 сая ам.долларын нүүрсийг төлбөрт өгсөн. 
  2. ЭТТ ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ. Засгийн газрын 2021 оны 113 дугаар тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 14 дүгээр тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2022 оны 1-р сарын 28-ны өдрийн удирдамжаар байгуулсан. ЭТТ ХК арав гаруй жил нүүрсээ түүхийгээр нь зарж ирлээ. Цаашид угааж баяжуулах, гүн боловсруулалт хийж кокс үйлдвэрлэж экспортлох төлөвлөгөөтэй. ТУЗ-өөр батлуулсан А-6/20 бизнес төлөвлөгөөний дагуу Нүүрс баяжуулах үйлдвэр бариулахаар Олон улсын тендер зарласан. Энд БНХАУ-ын Норинко гэж компани шалгарч, барилгын ажлаа эхлээд эрчимтэй явж байна. Төсөв нь 314 сая ам.доллар буюу 3 сая тонн нүүрс нийлүүлнэ.
  3. Богдхан төмөр зам. Засгийн газрын 2021 оны 206, 353 тоот тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 28, 31 дүгээр тогтоол, Эрдэнэс Монгол ХХК-ийн 2022 оны 2-р сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу гэрээ байгуулсан. Нийт өртөг 1.4 тэрбум ам доллар. Нүүрсээр 7 сая тонн. Энэ бол нийслэлийн авто замын ачаалал, ачаа эргэлт, экспорт, импортын өндөр ач холбогдолтой төсөл. 
  4. Газрын тос дамжуулах хоолойн гэрээ. Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 23 дугаар тогтоол, Эрдэнэс Монгол ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжтай. Манай улс Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгааг бүгд мэднэ. Энэ үйлдвэрт нефть дамжуулах хоолой барих санхүүжилтийг ЭТТ хариуцаж, төлбөрийг нүүрсээр хий гэсэн шийдвэрийг УУХҮЯ гаргасан. Сонгон шалгаруулалтыг ч УУХҮЯ хийсэн. Нийт өртөг 388 сая ам доллар буюу 3 сая тонн нүүрс нийлүүлэгдэнэ. Нийтдээ дээрх оффтейк гэрээнүүдэд нийтдээ 18 сая тонн нүүрсийг нийлүүлнэ.

-Эдгээр гэрээнүүд чинь бүгд нууц уу. Танайхыг чинь нууцаар гэрээ хийгээд нүүрс зараад байдаг гэх юм?

-Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулагддаг асуудал. Дотроо Төрийн болон Албаны гэж хоёр янз гэсэн үг. Манай компанийн хувьд байгууллагын буюу албаны нууцад авсан гэрээ болон худалдан авалт байхгүй, бүгд нээлттэй, ил тавигдаж явдаг. Харин хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотойгоор хэд хэдэн төрийн нууцын жагсаалтад хамрагддаг ажлууд байгаагаас Төмөр замын хоёр төсөл, усны систем, түлш үйлдвэрлэл гээд улсын стратегийн шинж чанартай хэд хэдэн үйл ажиллагаануудыг нэрлэж болно. Эдгээр нь Засгийн газрын тогтоолоор эрх олгогдож, төрийн нууцын тухай хуулийн дагуу жагсаалт бичигддэг. Дээрх төслүүдэд ер нь нуугаад байх зүйл их ховор доо, тиймээс аль болох нууцад оруулахгүй байх арга хэмжээг эхнээс нь авч ажиллавал их сайн санагддаг. Нэгэнт орчихсон зүйлийг гаргахын тулд өмнөх бүх тогтоол, шийдвэрүүдээ цуцлах шаардлага үүсэж, шат дараалсан олон ажлыг буцааж хөрвүүлэх хэрэгтэй болох байх.

-Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замууд баригдаж дууссан гэж ойлгож байгаа. Тээвэр явж байгаа юу. Гашуунсухайтын замыг хил болон уурхайтайгаа холбогдоогүй гэсэн шүүмжлэл гардаг? 

-Аль аль нь дууссан. Гэхдээ хоёр замыг хооронд нь болон уурхайтай холбох, Гашуунсухайтын замыг хил дээр холбох ажлууд дутуу үлдсэн, одоо хийгдэж байгаа. Зүүнбаян чиглэлийн төмөр замаар “Тавантолгой Түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэж байна. Гашуунсухайтын замаар туршилтын тээвэр долдугаар сараас эхлэсэн. Сая есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийсэн. Төслийн хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг давхар шийдсэн. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэг ээлжиндээ 50 вагоноор чингэлэгтэй нүүрс тээвэрлэлт хийж байна. 

-Таныг Эрдэнэс Тавантолгойн захирлаар ажиллах болсноосоо хойш огцом хөрөнгөжсөн, тансаг хаусанд амьдардаг гэхчлэн мэдээлэл сошиал орчинд мэр сэр гардаг. Хуурамч хаягнаас голдуу гарч харагддаг ч гэсэн Та хэр хөрөнгөтэй хүн бэ. Хардаад байгаачлан гадаадад нуусан данс, мөнгө төгрөг байдаг юм уу? 

-Ажил хийж байгаа хүн цалин авдаг. Тэр хэмжээндээ л Хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр бөглөөд өөрчлөлт гарвал тухайн үед бүртгүүлээд явдаг. Тэр ХОМ-ийн мэдээллээс хэн ч харж болдог, сонирхож байгаа бол судлаад, харьцуулна биз дээ. Задлаад хэлэхэд авлага гэх юм алга, худлаа үнэн үнэт эдлэл, хувьцаа, мал, амьтан гэх зүйл бага. Харин автомашины зээл болон хүүхдийн сургалтын төлбөрийн зээл гээд хэд хэдэн өглөг байгаа. Сар сард нь төлөөд явж байна. Хаустай гэж бичсэн байсан. Үнээн үнэн. 2019 онд өөрийн орон сууц, зуслангийн байрыг борлуулаад, зөрүү төлөх замаар 850 сая төгрөгний үнэлгээ бүхий хувийн байшин авсан. Эхнэр бид хоёр дундаа нэг хувийн машин унадаг. Гэхдээ гол нь хүлээсэн үүрэг, хариуцуулсан ачааг хэнээр ч муу хэлүүлэхгүй хэмжээнд, бусдаас дутахгүй хийгээд явчихья гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг даа. Ядаж л бүх ажилчдаасаа өмнө эрт ирэх ёстой гэсэн хандлагыг ажил хийж эхэлсэн цагаасаа хойш л баримталсан, одоо ч хэвээрээ. Учир нь хэн нэгэнд ажил үүрэг өгч, ачаа үүрүүлэх гэж байгаа бол эхлээд тэр хүмүүст шаардлага тавих эрхтэй болох хэрэгтэй. Энэ нь бүх ажилдаа чадах хэмжээнд гүн орж, асуудлыг ойлгож, ядаж л заавал боловсруулсан материал, төслийг нь уншсан байх ёстой. Тэгэж байж эргээд хариу нэхэж, илүү байх, удирдах, чиглүүлэх үүрэг үүснэ. Тэрнээс биш ажилчдаасаа хэзээ хойно, үд өнгөрсөн хойно ирчихээд, явуулсан материалыг нь сөхөж ч үзээгүй байж, ойлголтгүй асуудлаар чиглэл өгч, удирдана гэж юу байхав дээ. Тиймээс жижиг, том хамаагүй ямар ч байгууллага удирдаж байгаа хүн бусдаасаа илүү ажиллаж, илүү санаачлага гаргаж, илүү хөдөлмөрлөж байж ажил бүх түвшиндээ ахиж, амжилт авчирдаг гэдэгт би итгэдэг, цаашид ч ийм байж, энэ чигээрээ ч дуусах байлгүй дээ.

-УИХ-ын гишүүн асан Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойгоос алдагдсан 260 мянган тонн нүүрсний асуудлыг хэдэн жил ярьсан. Хэргийг шалгаад дууссан, хулгайчдыг барьж хорьж шийтгэх гээд байсан, өнөө хүртэл таг. Танай компанийн талбайгаас орон нутгийн Тавантолгой нүүрс олборлоод экспортолчихсон асуудал гэж ойлгодог. Та нарын өмнөөс Энхболд гэж хүн алдагдсан нүүрсийг чинь олж өгөх гээд яваад байх шиг байх юм? 

-Чухал асуудал. Хэзээ ч орхигдуулж, мартаж болохгүй. Л.Энхболд гишүүний хичээл зүтгэл, шаардлага бодит үр дүнд хүрсэн. Хууль, хяналтын байгууллагын бүрэлдэхүүн орсон хамтарсан Ажлын хэсэг нэлээдгүй урт хугацаанд ажиллаж, шалгалтын шугамаар хийсэн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ нь ЭТТ ХК-ийн лицензийн талбайтай шууд зэрэгцээ байрладаг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК олборлолт хийх явцдаа техникийн хувьд өртсөн буюу зам талбай гаргах, өргөтгөх, уурхайгаас шинэ траншей нээх, ул, тааз бэлдэх зэрэг олон ажлын хүрээнд манай талбайгаас нүүрс олборлож авсан асуудал гарсны дагуу шалгаж, нийт 341.000 тонн нүүрсийг ЭТТ ХК-д өгөх үүрэг хүлээсэн дүгнэлт ирсэн. Энэ дагуу хамгийн сайн чанарын нүүрсийг тус компаниас авахаар гэрээ байгуулж, одоогоор 63 мянган тонн нүүрс авсан. Л.Энхболд гишүүний ачаар ЭТТ ХК-ийн 2.5 сая иргэн болон төр өөрийн өмчөө баталгаажуулж авсан гэж хэлж болно.

-Ногдол ашиг хэзээ хуваарилах бол гэсэн хүлээлт иргэдэд их байдаг. Энэ жилийн ашгаас ногдол ашиг өгөх үү?

-Ногдол ашиг өгөх шийдвэрийг ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргадаг. Гүйцэтгэх удирдлагын баг ашигтай ажиллуулж, ногдол ашиг хуваарилах санхүүгийн боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. А-6/20 бизнес төлөвлөгөөнд тооцсоноор 2020, 2021 онд компани төслүүддээ хөрөнгө оруулж, ногдол ашиг хуваарилахгүй гэж үзсэн. Цар тахлаас үүдэлтэй нүүрсний экспорт, тээвэр зогсож, компанийн ашиг ч бага гарсан. Харин энэ жил компани нэлээд ашигтай гарах төлөвтэй байна. Есдүгээр сарын байдлаар гэхэд 800 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа. Оны эцэст нэг их наяд орчимд дөхсөн дүн гарах байх. Ногдол ашиг өгсөн 2019 оныхтой дөхөх үзүүлэлт. Тиймээс 2022 оны ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг ТУЗ гаргана. Гүйцэтгэх удирдлагын багийн хувьд ногдол ашиг өгөх саналаа ТУЗ-д танилцуулна гэсэн бодолтой байгаа.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.243.186) 2022 оны 10 сарын 27

Энэ том орлого оруулж байгааюм бол баялаг бүтээгч ажилчиддаа зориулж орон сууц, цалин нийгмийн талд нь анхаараасай гэж бодогддог.

0  |  0
Top