E-Police аппликэйшнд ирдэг зөрчлийн мэдээлэл 5 дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран E-police аппликэйшнийг 2018 онд нэвтрүүлж байсан билээ.

Тэгвэл Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт E-police аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Тодруулбал, E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.


 

“ЗОГСООЛОО ШИЙДЧИХЭЭД СТАНДАРТ ЯРЬ” ГЭВ

 

Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Баасанбаяраас зөрчил, мэдээллийн талаар тодрууллаа. Тэрбээр “Энэ оны аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар E-police аппликэйшнд ирүүлсэн зөрчлийн мэдээллээс 75334 тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулсан. Өдөрт 700-1000 орчим мэдээлэл ирж 400-500 орчим нь зөрчилтэй гэж баталгааждаг. Учир нь иргэдээс ирсэн зарим зураг нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хаяг, утасны дугаарт мессеж илгээн ажиллаж байна.

Харин E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэн тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах тухай мэдээлэл гарснаар нэг өдрийн дотор 4200 иргэн мэдээлэл илгээсэн байна” гэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болох талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар журам гарах ёстой аж.

Энэ талаар иргэдийн байр суурийг хүргэе. Иргэн У.Эрдэнэчимэг “Нэгийг нь нөгөөгөөр нь хэмлүүлж байхаар автомашины зогсоол, явган хүнийхээ замыг хүрэлцээтэй болгож өгмөөр юм. Хаа газар явсан автомашины зогсоолгүйн улмаас явган хүний зам дээр гарч зогсохоос өөр аргагүй байдалд ордог. Аль аль талдаа л бодох хэрэгтэй асуудал байх” гэв.

Мөн иргэн Б “Зогсоолын асуудлаа шийдчихээд стандарт ярих хэрэгтэй. Шинээр ашиглалтад орж байгаа барилгуудынхаа зогсоолын асуудлыг шийдчихээд улсын комисс нь хүлээж авах нь зүйтэй. Яагаад төрийн ажлыг иргэд бид нэг нэгнээ матаж, мууг нь үзэж хийж урамшуулал нэртэй 4000 төгрөг авах ёстой юм. Бидэнд зогсоолын асуудал шийдэж өгч чадах юм уу. Эсвэл өөрсдөө хуваагаад идээд дуусгах уу” гэлээ.

 

1.3 САЯ ЗӨРЧЛИЙН 96 ХУВИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө “Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг урамшуулдаг гурван хуулийн заалт манайд хүчин төгөлдөр үйлчилж байна. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд жилд 1.3 сая зөрчил баталгааждаг. Энэ зөрчлийн 96 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчлүүд эзэлдэг. Мэдээлдэг болсноор иргэд нийтийн эзэмшлийн талбайд автомашинаа дур зоргоороо байрлуулах асуудал цэгцэрч байна” гэсэн юм.

Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг “Энэ бол зөвхөн зогсоолтой холбоотой асуудал биш л дээ. E-police аппликэйшн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд иргэдийг идэвхтэй оролцуулах, урамшуулах заалт байгаа. 200 нэгж хүртэлх торгуульд 20 хувь, 200 нэгжээс дээш хэмжээний торгуульд 10 хувийн урамшуулал олгоно гэсэн хуулийн заалттай. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын журмыг энэ сардаа багтааж гаргах тушаал гарсан. E-police аппликэйшнийг 42 мянган хүн хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 56 мянга болж нэмэгдсэн байна” гэв.

 

Н.СУГАР: БАГА ТОЙРУУД АВТОМАШИН ЗОРЧДОГГҮЙ БОЛГОНО

 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг явган хүнд зориулсан, иргэдэд ээлтэй болгохыг зорьж байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн бага тойрууд байгаа явган хүний замуудыг шинэчилсэн. Явган хүний зам тэргэнцэртэй хүн явахад ямар ч саадгүй байх ёстой. Автозам, явган хүний замын зааг нь нэг түвшинд байх ёстой. Ямар нэгэн дугуйт хэрэгсэл явлаа гэхэд түүнийг өргөх шаардлагагүй болох боломжийг бүрдүүлэх нь хамгийн гол зорилго байгаа юм. Ийм байдлаар өөрчлөөд эхлэнгүүт явган хүний зам, замын хажуу талын хашлага, уулзвар, гарц бүр дээр автомашин зогсоод байна. Энэ зөрчлүүдийг илрүүлэхэд иргэдийг татан оролцуулдаг хууль өмнө нь ч байсан. Нийслэлийн зүгээс замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн 30 гаруй багц ажил байдаг. Эдгээр ажлаас иргэдийг замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй, соёлтой оролцдог, нэгийнхээ эрх ашгийг зөрчдөггүй байх нь маш чухал ач холбогдолтой ажил. Бид өмнө нь явган хүний зам дээр автомашин байрлуулсныг хараад “соёлгүй, бүдүүлэг юм аа” гээд л өнгөрдөг байсан. Харин одоо хариуцлага тооцуулах боломж бүрэн бүрдсэн.

Ирэх онд Улаанбаатар хотын дөрвөн байршилд томоохон хэмжээний зогсоол хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр бага тойрууг автомашингүй болгох үүрэг өгсөн. Тиймээс бага тойруугийн гадна талд зогсоол хийнэ. Хотын төв рүү орох шаардлагатай хүмүүс энэ зогсоолд машинаа байршуулаад алхах эсвэл нийтийн тээвэрт сууна гэсэн үг” гэж хэллээ.

E-police аппликэйшнийг 40300 хүн татаж авч, бүртгүүлжээ. Үүнээс 7000 хүн өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар нэг сая гаруй зөрчилд 30 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгуулийг тухайн жолооч хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор төлж барагдуулах ёстой. Гэвч энэ хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Тухайлбал, одоогийн байдлаар 30 саяас долоон тэрбум гаруй төгрөгийг төлсөн байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top