"Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Үүнтэй холбоотойгоор тус компанийн захирал Б.Ганхуягийг ажлаас нь халсан, тамгаа аваад зугтсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх талаар хамтран ажиллана гэж та өөрөө мэдэгдсэн байсан?
-Эрдэнэс Тавантолгой бол хувьцаа эзэмшигчидтэй, хуралтай, Төлөөлөн удирдах зөвлөлтэй хувьцаат компани. Төр 81.7 хувийг нь эзэмшдэг учраас төрийн гаргасан шийдвэрийг шууд биелүүлнэ. Дөрвөн асуудал бий.
Эхнийх нь, валютын нөөцийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр гол бүрдүүлэгч учраас үүн дээр онцгой анхаарах ёстой. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч өөрөө төсвийн урдаа барих маш том төлөөлөл учраас энэ тал дээр томоохон шийдлүүд яригдаад явж байна.
Хоёрдугаарт, ЭЗХ-ийн сайд болон Эрдэнэс Тавантолгойгоос гаргасан тоон мэдээллүүд зөрөөд байгаа. Энэ нь гаалийн бүртгэлээр гараад борлогдсон нүүрстэй холбоотой зөрүү гарсан. Наймдугаар сарын 30-ны байдлаар 6.7 сая тонн нүүрс гарсан байна. Үүнийг зөвхөн энэ оны нүүрс мэтээр тайлбарласан. Гэтэл үүний 3.3 сая тонн нь ноднин жилийн нүүрс, 1.5 сая тонн нь 2020 оны нүүрс. Тэгэхээр 2020, 2021 онд ковидоос шалтгаалан маш их экспортын бөөгнөрөл үүссэн. Үүнийг цэгцлэхийн тулд хоёр тал тоо нэгтгэх ажлыг хийгээд явна. Мөн орон нутгийн Тавантолгойтой холбоотой 341 мянган тонн нүүрсний асуудал яригддаг. Ер нь 500-600 сая ам.доллар босгоно гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ одоогийн гарч байгаа экспортыг зөв зохицуулах асуудал байгаа. Бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх түвшинд хамтарч ажиллаж байна. Ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Хүлээсэн үүргийн дагуу бүх мэдээллээр хангаад явж байна.
-Таныг тамгаа аваад зугтсан гэсэн мэдээлэл явсан?
-Тийм юм байхгүй, би өнөөдрийг хүртэл зугтаж биш зүтгэж ажилласан. Тамга угаасаа надад ч байдаггүй. Төрийн байгууллагын тогтсон журмаараа манай Тамгын газрын даргад тамга байдаг. Байж байгаа газраа л байгаа. Үүн дээр буруу зөрүү битгий ойлгоосой. Харин ч үүн дээр талууд хамтраад урагшаа явна. Эцсийн дүндээ Монголын эдийн засаг сайжирна л гэж ойлгох хэрэгтэй.
-Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж байж заавал валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай юу. Үүнээс өмнө та ажлаа хийж чадаагүй гэсэн үг үү?
-Бид IV улиралд 300-350 сая ам.доллар бүрдүүлнэ гэдгээ хэлээд Засгийн газрын тогтоол гарч байгаатай холбогдуулан саналаа өгсөн. Үүнийг 500-600 сая ам.доллар болгох боломжтой гэж ЭЗХЯ, Сангийн яам, холбогдох гааль, экспортынхон үзсэн байна лээ. Ингэж чадвал сайн л биз. Нэгэнт үүрэг өгсөн учраас зүтгээд ажиллана. Нөөц бололцоо бол 300-350 сая ам.доллар гэж ойлгож болно.
-Өдөрт хэчнээн машин гарч байгаа вэ. Үүрэг болгосон 500-600 сая ам.долларыг бүрдүүлэхийн тулд машины тоог нэмэх шаардлагатай юу?
-Өдөрт хилээр 560-600 машин гарч байгаа. Үүний 60 хувь нь Эрдэнэс Тавантолгой, 25 хувь нь Энержи ресурс, 15 хувь нь орон нутгийн Тавантолгойн машин. Уртын тээвэрт 800 машин явж байгаагаас манай 360 машин бий. Тэгэхээр уртын тээврийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ онд гарсан нийт нүүрсний 11-13 хувийг нь оффтейк гэрээнийхэн авсан. Их хэмжээний урьдчилгаа төлбөртэй буюу 100 сая ам.доллароос дээш урьдчилгаа өгсөн компаниудын нүүрс 18 орчим хувьтай гарсан. Одоо урьдчилгаагүй нүүрс гэж Эрдэнэ Тавантолгой компанид байхгүй болсон.
-Танай компанийн гүйцэтгэл хэр байгаа вэ?
-Гүйцэтгэл өндөр хувьтай байгаа. Бид 9.3 сая тонн нүүрс олборлож, 8.3 саяыг экспортлоно гэсэн төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 5.7 сая тонн гаруйг гаргаад байна. Компанийн санхүүгийн хувьд энэ сарын 26-ны байдлаар 808.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үзүүлэлттэй гарсан. Улсад 650 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Харин 3.6 их наяд төгрөгийн авлагатай байгаа. Үүний 1.3 их наяд нь Зүүнбаян төмөр зам, 2.1 их наяд нь Тавантолгой төмөр зам, үлдсэн нь бусад авлагууд байна. Мөн бид 3.4 их наяд төгрөгийн өглөгтэй байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Мөрөөрөө хүнийг гүтгэхээ болио Сэтгүүлч гуай тамгаа авч зугтаадаг нь Ардчилсаг Намынхан шүү дээ
“Одоо урьдчилгаагүй нүүрс гэж Эрдэнэ Тавантолгой компанид байхгүй болсон.“ — Сэтгүүлч Ганхуяг хоёрын хэн нь андуураад бнаа?! \n“Нөөц бололцоо бол 300-350 сая ам.доллар гэж ойлгож болно.“\n— БЭТ очлоо гээд 500 хүргэж чадах уу?!\n\n