Дундговь аймгийн Засаг дарга "Оюунлаг" сургуулийн хооронд байгуулсан "Дундговь-Боловсролын чанар" санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан ЭЕШ-ын сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх сургалт семинар аравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Мандалговь хотод боллоо.
Тус сургалт семинарт Дундговь аймгийн Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөл, БШУГ-ын дарга, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын найман сургуулийн захирал, сургалтын менежерүүд, хими, биологи, математик, англихэл, монголхэл, физик, нийгмийн ухааны хичээлийн ахлах ангийн багш нар сумдын Засаг дарга нарын 140 орчим хүн оролцжээ.
Энэхүү сургалт семинарын онцлог нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ЭЕШ-ын 10 хичээл тус бүрээр сургууль бүрийн хэв шинж, онцлогийг харгалзан сүүлийн 10 жилийн хугацаанд ЭЕШ-аар үзүүлж буй дундаж онооны үзүүлэлтийг тодорхой журамд заагдсан хувь хэмжээгээр ахиулсан мэргэжлийн багийн амжилтыг 10 - 30 сая төгрөгөөр урамшуулан шагнах, 300 сая төгрөгийн шагналын сангийн шийдлийг ИТХ-аараа хэлэлцүүлэн дэмжиж шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.
Энэхүү шийдвэр нь орон нутгийн боловсролын салбараа бодлогоор дэмжиж, багш нартаа ажиллах эрч хүч өгсөн, багаар ажиллахын урам зориг, итгэл хайрласан, бусад аймгуудад жишиг болно гэж уулзалтад оролцогчид ам сайтай байсан юм.
Мөн ЭЕШ-ын сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн арга зүйн туслалцаа, боловсролын үйлчилгээний бодлогыг чиглүүлэгч БШУГ, сум орон нутгийн засаг захиргаа, сургуулийн захирал, сургалтын менежер тус бүрийн ойрын хугацаанд хийж гүйцэтгэвэл зохих 5-6 ажилбар чиглэлийг тодорхойлон зохих зөвлөмжийг гардуулан өгөв.
Мөн 9-р ангийн сурагчдын мэргэжил сонголт сонирхлын баталгаажсан судалгаа, мэргэжлийн багш нарын үнэлгээ дүгнэлт өгөх, эцэг эх асран хамгаалагчидтай хийх гэрээ зэрэгт үндэслэн хичээл сонголт хийдэг ажлын туршлагууд танилцуулагдаж холбогдох материалуудаар хангахаар болсон байна.
Түүнчлэн уулзалт, семинарын хүрээнд Хими, биологи, математик, англихэл, монголхэл, физик, нийгмийн ухааны хичээлүүдийн судлагдахууны ай, шалгалтын гүйцэтгэлийн гол матрицад түшиглэсэн үнэлгээнд суурилсан хэлэцүүлэг сургалтууд, аймгийн хэмжээнд мөрдөх хичээл тус бүрийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнүүд боловсруулагдан гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )