“Дампуурлын менежмент дээр сэтгэлгээний бас эрхзүйн шинэчлэл хийх цаг нь болсон”

2022 оны 11 сарын 03

Дэлхийн банкнаас гаргадаг “Doing Business–2020”  тайланд нийт 190 улсыг бизнес эрхлэхэд таатай орчныг хэр бүрдүүлсэн бэ гэдгээр нь эрэмбэлэн жагсаахад, Монгол Улс дампуурлын эрхзүйн орчноор 150 дугаарт эрэмбэлэгджээ. Тодруулбал, Монгол Улсын бизнесийн орчны нөхцөл байдлыг хойш нь чангаасан гурван гол хүчин зүйлийн нэг нь дампуурлын эрхзүйн орчны дутмаг байдал аж.

Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлс байдгийн нэг нь дампуурал гэдгийг эдийн засгийн агуулгаар нь ойлгож, хүлээж авдаг, дараа дараагийн менежментийг хэрэгжүүлдэг хандлага, тогтолцоо манайд бүрэлдээгүйтэй холбоотой юм.

Сүүлийн мэдээллээс үзэхэд, Дампуурлын тухай хуулийн нэрийг Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгон өөрчилж, шинэчилсэн найруулгын хувилбараар УИХ-д оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн сард анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Шинэчилсэн найруулгын зорилт нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах замаар төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн тодотголтой байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ. Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль  эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.

Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн  ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өгсөн.

Шинэчлэн найруулсан төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэнэ.

Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой.  Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсан гэсэн мэдээллийг сайд Х.Нямбаатар өгч байгаа юм.

Тэгвэл дампуурлын эрхзүйн орчинд шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж буй энэ үед эдийн засагч Ч.Отгочулуу “Дампуурах эрх чөлөө бол бизнесийн эрх чөлөө мөн” хэмээн байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр дампуурлын асуудлаар дараах мэдээллийг өгч буй юм.

“Бизнесийн эрх чөлөө сайтай орнуудын эдийн засаг хурдтай өсдөг. “Нуур амгалан бол нугас амгалан” гэгчээр эдийн засаг хэмээх нуур томорч байвал тэнд илүү олон нугас ирэх болно. “Нугас” бүрийн цаана залууст ажлын байр олох эсвэл бизнесээ эхлүүлэх боломж ихэсдэг.

Тэгвэл Монгол Улсын хувьд ямар сорилт биднийг хойш нь татаад байна вэ? Дэлхийн банкнаас гаргадаг “Doing Business–2020”  тайланд нийт 190 улсыг бизнес эрхлэхэд таатай орчныг хэр бүрдүүлсэн бэ гэдгээр нь эрэмбэлэн жагсаажээ. Үүнд 86.8 оноотойгоор  Шинэ Зеланд хэмээх жижиг улс тэргүүлж, улмаар 86.2 оноогоор Сингапур удаалжээ. Харин сүүлийн гурван байрыг Венесуэл (30.2 оноотой), Эритрей (21.6) ба Сомали (20.0) улсууд эзлэв.

Монгол Улс маань 67 оноотойгоор 81-р байрт жагссан бөгөөд Киргизстаны хойгуур орсон байна. Дэлхийн бүх улсуудыг нэг ангийн сурагчид гэж үзвэл Монгол хэмээх “сурагч” маань “дунд” юм уу, С гэсэн дүнтэй байна.

Монгол Улсын бизнесийн орчныг булингартуулж бас хордуулж байгаа гурван хүчин зүйлийг сонго гэвэл:

1. Цахилгаан эрчим хүчинд холбогдох,

2. Хил дамнасан худалдаа хийх, хил боомтоор үйлчлүүлэх, ачаа барааг төмөр замд ачуулах,

3. Дампуурлыг хурдан шуурхай шийдэх зэрэг болно.

Цахилгаан буюу тогны хангамжаар бид ердөө 55 оноотойгоор 152-р байрт жагсжээ. Гэтэл Азийн бар гэгдэх Өмнөд Солонгос ба Хятад улсууд 95-99 оноотой байна.

Гадаад худалдаа буюу хилийн боомтын боломжоор Монгол Улс 60.8 оноотойгоор 143-р байрт жагсжээ. Гэтэл монголчуудын олноороо очиж ажилладаг Өмнөд Солонгос 92 оноотойгоор 36-р байрт байна. Хил дамнасан худалдаа эрхлэх эрх чөлөө өндөр байх тусам тэр улсад ажлын байр олширч байдаг ажээ.

Монголд бизнесийн эрх чөлөөг хамгийн их хумьж буй зүйл бол дампуурах эрх чөлөөний хомсдол юм. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд дампуурлыг муухай зүйл гэж үздэг. Гэтэл хөгжингүй орнуудад дампуурлыг хэвийн зүйл гэж үздэг бөгөөд яг л намар бүр модны навчис шарлан унадаг шиг, эсвэл хүн амьтны үс арьс гууждаг шиг хэвийн, байгалийн жам ёсны эрүүл үзэгдэл гэнэ.

Дээр нь “инсолвенц” (төлбөрийн чадваргүй болох) гэдэг үгийг “дампуурах” хэмээн буруу орчуулсан байж болох юм. Угтаа бол оруулсан хөрөнгөө хэрхэн сэргээж авах вэ, зээлсэн мөнгөө хэрхэн буцааж авах вэ гэдэг л ойлголтыг илэрхийлэх үг билээ.

Монголд дампуурлын дараа оруулсан хөрөнгөө эсвэл өгсөн зээлээ буцааж сэргээж авах хувь харьцангуй бага байна. Тодруулбал, 1 доллар тутмаас 18 цент ирвэл “их” юм. Гэтэл Норвегид 1 доллар тутмаас 92 центийг сэргээн авч болдог. Ийм учраас Норвегид дампуурахаас айдаггүй бөгөөд эдийн засаг нь байнга шинэ (унаж босож үзсэн) бизнесүүдээр нөхөн төлжинө.

Монголд компаниа дампууруулах гэж 4 жил алддаг бол Ирландад 4-5 сар л хангалттай. Үл хөдлөх хөрөнгийн хувьд дампуурал зарлахад тухайн үнэлгээний 15 хувь нь зардал болдог. Норвегид ердөө 1 хувь. Өөрөөр хэлбэл дампуурах үйл явц нь их хямд гэсэн үг.

Дээр нь манай улсын дампуурлын эрхзүйн орчин ихэд хоцрогдсонд тооцогддог. Дампуурлын эрх чөлөөгөөр монголчууд бид ердөө 30 гэсэн ерөнхий оноотой бөгөөд дэлхийн улсуудаас 150-д жагссан нь ихэд муу үзүүлэлт юм. Гэтэл Япон 90 оноотойгоор дэлхийд гуравт, харин Өмнөд Солонгос (83 оноо) 11-т тус тус эрэмбэлэгдэж байна.

Дампуурлын эрхзүйг нарийвчлан авч үзвэл дараах хүндрэл бэрхшээлүүд харагдаж байна. Татан буулгасан, төлбөрийн чадваргүй болсон компанийг өөрчлөх, дахин шинээр байгуулах менежмент сул аж. Ялангуяа хувь хөрөнгөө оруулсан эсвэл зээл өгсөн хөрөнгө оруулагч нарт тус дампуурлын үйл явц ба менежментэд оролцох оролцоо байхгүй. Иймд хөрөнгө оруулагч нар өөр компанид хөрөнгө оруулах сонирхолгүй болдог аж.

Хөрөнгө оруулалт байхгүй бол ажлын байр ч байхгүй, инновац ч байхгүй билээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөх усалгаагүй болно гэсэн үг юм.

Дампуурлын эрхзүй сайтай улсуудад авлагын эзэн нь ямар байгууллагаар дампуурлын үйл явцыг удирдуулах, дуудлага худалдааг хаана, хэрхэн зохион байгуулах зэргийг сонгох эрхтэй байдаг. Манайд ийм эрх огт үгүй. Ер нь Монголчууд бид дампуурлын менежмент дээр сэтгэлгээний бас эрхзүйн шинэчлэл хийх цаг нь болжээ.

Зургийн тайлбар:

1. Эдийн засгийн эрх чөлөө Монголд. Дампуурлын эрхзүй хамгийн бага буюу 100 оноо авахаас 30 оноо.

2. Дампуурлын менежментийг харьцуулсан байдал: Монгол Улс  Хятад, Казакстан зэрэг улсуудаас хол хоцорчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top