20 элчээр дамжуулж Монгол Улсад “Ухамсартай манлайлал”-ыг хөгжүүлнэ

2022 оны 11 сарын 08

Ажилтан, ажил олгогч хоорондын зохистой харилцааг төлөвшүүлэх “Ухамсартай манлайлал” хөтөлбөрийн нээлт боллоо.


Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-той уялдуулан ажил олгогчдын чадавхыг сайжруулах, ажилтан, ажил олгогч хоорондын зохистой харилцааг хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилго бүхий “Ухамсартай манлайлал” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2022.11.08/ Чингис хаан музейн хурлын танхимд боллоо.

Тус хөтөлбөрийг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Олон улсын Эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны “IWFCI Монгол” ТББ зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрийг 2023 оны тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэх ба Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудын томоохон төлөөлөл, ажил олгогчдыг хамруулан, хөтөлбөрт хамрагдах оролцогчид болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ТХЗ, олон улсын хөдөлмөрийн стандарт, бизнес ба байгаль орчин, хүний эрхийн зарчмуудыг нэвтрүүлэх олон талт зорилтуудыг тусгасан байгаагаараа онцлог ажээ.

Төслийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 20 төлөөллийг сонгосон байна. Тэд нийт 4 модуль цогц сургалтад хамрагдаж хөдөлмөрийн зохистой харилцаа, бизнес ба хүний эрхийн зарчмууд болон бусад чиглэлээр чадавхаа бэхжүүлж, улмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах “Ухамсартай манлайлагч элч” болж цаашид ажиллах юм.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мүрг арга хэмжээг нээхдээ “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилтыг биелүүлэхэд тус үйл ажиллагаа нь онцгой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Манай туршлагаас Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлт болоод энэ салбарыг хөгжүүлэхтэй холбоотой сайн туршлага, мэдлэг, чадавхыг хуваалцахад нээлттэй байх болно” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлсэн үгэндээ "Хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах гэдэг төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжтой боловч нөгөө талаас үндсэн үүргийг ажил олгогч нар болон хөдөлмөр эрхэлж байгаа талууд гүйцэтгэх юм. Ажил олгогч болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа илүү нягт болсноор хөдөлмөрийн зах зээл дэх үйл ажиллагааг ерөнхийд нь сайжруулах боломжтой гэж дүгнэж байна" гээд хөтөлбөрт хамрагдаж буй оролцогчид зохистой хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд тэгш оролцоо, жендерийн тэгш байдал, тогтвортой бөгөөд эрүүл ажлын орчны чиглэлээр өөрсдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, Ухамсартай манлайллын элч болохыг уриалав.

Олон улсын Эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч О.Байгаль

-“Ухамсартай манлайлал” төсөл хөтөлбөр нь дөрвөн модуль хэсгээс бүрдэнэ. Мөн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, оролцогч талууд, хамтрагч байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаагаар үргэлжилнэ. 20 манлайлагчийнхаа үйл ажиллагаагаар дамжуулаад бизнес ба хүний эрхийн хянан магадлааг анх удаа бизнес эрхлэгч 20 манлайлагчийнхаа үйл ажиллагаанд түргэвчилсэн тест маягаар хийхээр төлөвлөж байгаа.

Энэ нь Монгол Улсад анх удаа 20 байгууллагын үйл ажиллагаанд бизнес, хүний эрхийн хянан магадалгааны анхан шатны ойлголтыг бий болгож, үйл ажиллагаанд энэ аргачлалыг илүү нэвтрүүлнэ. Бизнес нь хүний эрхийн зарчмууд, үүн дотор жендерийн тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хувийн хэвшил хэрэгжүүлэх, цаашлаад нийгэм ба засаглал, эдийн засгийн орчныг бэхжүүлэхтэй холбоотойгоор маш олон зүйлүүдийг багтаасан сүүлийн 10 жилийн турш хөгжиж байгаа зүйл юм.

Монгол Улсын хувьд хүний эрхийн хянан магадалгааг байгууллагууд сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Тэгэхээр бид байгууллагууд өөрсдөө үйл ажиллагаандаа хүний эрхийн хянан магадалгаа хийдэг, үүгээрээ дамжуулаад ногоон эдийн засгийг дэмжих, зээл тусламжид хамрагдах, экспортын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагуудад нийцдэг болох томхон зорилтуудыг дэвшүүлж байгаа юм.

"Ухамсартай манлайлал" хөтөлбөрт сонгогдсон төлөөлөл “Монгол Контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг

-Өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг зөвөөр харж гаргаж ирсэн, хэрэгцээтэй төсөл хөтөлбөр гарч ирлээ. Яагаад гэхээр орчин үеийн хөдөлмөрийн харилцаа бол хүнтэй холбоотойгоор маш шинэчлэгдсэн. Хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн тэгш эрхийн баримжаатай байх, үүндээ ажилтан, ажил олгогчдын хооронд ямар стандарт байх ёстой вэ гэдгийг Монголдоо таниулж, нутагшуулах үүрэгтэй төсөл гэж харж байна.

Үүний үр дүнд хөдөлмөрийн харилцаа сайжрах байх. Манай байгууллагууд илүү хүний эрхийн баримжаатай, ямар нэгэн тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг ажлын байраар хангадаг ээлтэй, ажил эрхлэлтийг албажуулах чиглэлээр илүү дорвитой үр дүн гарах болов уу гэж харж байна. Тийм учраас манай байгууллагыг энэ тал дээр тодорхой туршлагатай, санаачилгатай ажилладаг учраас энэ хөтөлбөрт элч төлөөлөгчөөр сонгож оролцуулсан болов уу гэж бодож байна.

Саяхан хөдөлмөрийн хууль шинэчлэгдлээ. Хөдөлмөрийн хуульд өмнө нь байгаагүй, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон заалтууд орж ирсэн. Ажилтан талдаа илүү тустай, ажилтныг хөгжүүлэх чиглэлийн хууль гарсан. Байгууллагын хамгийн том нөөц бололцоо нь хүн байдаг. Тиймээс байгууллагууд хүмүүсээ хэрхэн хөгжүүлэх вэ, яаж тогтвортой ажиллуулах вэ гэдэг зөвхөн цалин хөлсний зарчмаар биш, нөгөө талаас хүмүүстээ хөгжих бололцоог нь яаж олгох вэ гэдэг хүн төвтэй ажил олгогч яаж болох вэ гэдэг чиглэлээр олон улсын болон Монголын хөдөлмөрийн харилцаа тийш чиглэж байгаа" гэлээ.

"УХАМСАРТАЙ МАНЛАЙЛАЛ" ХӨТӨЛБӨРТ СОНГОГДСОН 20 ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ:

 

  1. “Централ Телевиз”, Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр,
  2. “АПУ Дейри” ХХК, Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай,
  3. “ТЭСО Групп” ХХК, Гүйцэтгэх захирал С.Болор,
  4. “Ханбогд Кашимер” ХХК, Ерөнхий захирал Ч.Ганцэцэг,
  5. “Иромакс” ХХК, Гүйцэтгэх захирал М.Золзаяа,
  6. “MDS Khanlex” ХНН, Удирдах Партнер Ж.Майзориг,
  7. “Монос Хүнс” ХХК, Гүйцэтгэх захирал А.Отгондарь,
  8. “Бөмбөгөр пропертис” ХХК, Ерөнхий захирал Б.Орхонтуяа,
  9. “Юби Каб” ХХК, Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр,
  10. ИНЕГ, Хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг,
  11. “М Ойл групп” ХХК, Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа,
  12. “Алтай Холдинг” ХХК, Ерөнхийлөгч Б.Самади,
  13. “Богд банк”, Гүйцэтгэх захирал Г.Саруул,
  14. “Мөнхийн үсэг групп” ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Соджамц,
  15. “Инвескор ББСБ” ХК, Санхүү хариуцсан захирал С.Тулга,
  16. “Жигүүр Гранд Групп”, Ерөнхий захирал Б.Халиунаа,
  17. “Монгол Контент” ХХК, Гүйцэтгэх захирал Э.Чинзориг,
  18. “Гэрэгэ Систем” ХХК, хамтран үүсгэн байгуулагч Н.Энхжаргал,
  19. "Сант" сургууль, Ерөнхий захирал З.Энхмөнх
  20. “Оюуны Ундраа Групп” ХХК, Үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирал О.Энэрэл

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top