Э.Дашням: "Өвгөн шувуу"-наас эмээж, "Түмэн эх"-ээс сүрдэж явдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Монгол туургатны баяр жаргалтай аль эсвэл гуниг гутралтай аль ч цаг үед ардын дуу хамт байсан. Тэнгэр шиг цэлгэр, тал шигээ уудам, сүрлэг уулс шигээ сайхан аялгууг сонсох төдийд сэтгэлийн таашаал эдэлдэг болохоор тэр биз. Энэ их соёлыг түгээн дэлгэрүүлж яваа уртын дуучин “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт шалгарсан Э.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр “Дашням" тоглолтоо энэ сарын 17-нд "UB" паласт зохион байгуулах юм.

Э.Дашням монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г хоршуулан дуулсан нь дэлхийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарч, монгол дуу, монгол дуучин дэлхийд үнэлэгдсэн юм. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн билээ.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхны бие даасан тоглолтоо хийх гэж буйд нь баяр хүргэе. Сэтгэгдлээ бидэндтэй хуваалцаач?

-Сэтгэгдэл маш өндөр байна. 10 гаруй жилийн хугацаанд уран бүтээлээ хийж, тун удахгүй тоглолтоо толилуулахаар болсонд маш их догдолж байна.

-Тоглолтынхоо нэрийг өөрийнхөө нэрээр нэрлэсэн нь сонирхолтой санагдаж байна?

-Д.Отгонбаяр ахтай ярилцаад л ийнхүү шийдсэн. Монголчууд дашням, балжиннямтай өдрийг сайн өдөр гэж ярьдаг. Тиймээс сайныг бэлгэшээж өгсөн.

-Тоглолтын онцлогийн талаар яривал?

-Би уртын дуучин мэргэжилтэй. “The Voice of Mongolia”-д шоунд оролцсоноор өөрийгөө эвдэж дуулсан. Тэр утгаараа юм төрөл бүрийн жанраар дуулсан тоглолт л болох байх. Уртын дуу, ардын дуу, нийтийн дуу, поп дуу, орчин үеийн дуунууд дуулагдсан тоглолт болно.

-Тоглолтод урилгаар ямар хүмүүс оролцох вэ?

-Урилгаар “Хурд” хамтлаг, дуучин Ука, хөтлөгч Ууганбаяр, “The voice of Mongolia” шоуны оролцогч нар ирнэ.

-Шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Саяхан олон нийтэд цацагдсан “Хайр”, “Зураглал” гэсэн дуунууд дуулагдана.

-Дуучин хүн төрсөн нутгийнхаа хөгийг авч төрдөг гэдэг. Хангай газрын дуучдын хоолой цуурайтах мэт  цуцашгүй хүчийг агуулдаг бол тал нутгийн дуучид хэзээ ч дуусашгүй өргөн уудам талаа өөртөө шингээдэг юм шиг надад санагддаг. Нутгийнхаа талаар яриач.

-Төрж өссөн орчин хүний хүмүүжилд нөлөөлдөг гэдэг. Түүнтэй адил нутаг, усны онцлог, нутгийн иргэдийн амьдрах зан заншил нөлөөлдөг. Манай Төв аймаг хангай, говь хосолсон, хамар цогих айрагтай, олон сайхан адуутай. Монголд хэдхэн аймаг л гүүгээ барьдаг. Төв аймаг гол төлөв айраг исгэдэг. Иймээс “Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” гэдэг шиг дуутай хууртай ард түмэн. Тамганы найр гэж өдөржин, шөнөжин үргэлжилдэг байлаа шүү дээ. Хүний хүмүүжил авьяас билэгт өссөн ахуй, орчин ихээхэн нөлөөлдөг юм шиг санагддаг юм. Хурдан морь унаж, гийнгоолж өссөн нь намайг уртын дуучин болоход нөлөөлсөн. Учир нь гийнгоо их аялгуулаг учраас уртын дуутай адилхан. Мөн аав, ээж  хоёр минь сайхан дуулна. Нутаг усныхан, ах дүүс маань ч гэсэн дуу хууртай ойр байдаг. Би Төв аймгийн Алтанбулаг суманд дунд сургуулиа төгссөн. Намайг урлагт хөтөлсөн хүний нэг бол сумын маань дуу хөгжмийн багш Н.Даваадалай.

-Багаасаа дуулах дуртай хүү байв уу?

-Түрүүний хэлсэн шиг дуутай, хууртай ахуйд өссөн болохоор дуулах дуртай байсан. Аав, ээж гээд бүгд л дуу хууранд хөглөгдөж өссөн болохоор дуулахаас өөр аргагүй юм.

-Урлагийн замналаар замнахаар хэзээнээс шийдэв. Энэ шийдвэрийг гаргахад хэн нөлөөлсөн бэ?

-Миний ээж нөлөөлсөн. Ээж маань өөрөө урлагийн хүн, дуучин болох мөрөөдөлтэй байсан юм. Тийм ч учраас намайг дуучин болгож, өөрийнхөө чадаагүй зүйлээ надаар дамжуулж гаргахыг хүссэн. 10 жилд байхад ээж дагуулан явж урлагийн үзлэг, “Яргуй” гэж тэмцээнд эрчимтэй оруулдаг байсан. Ингээд СУИС-д элсэн суралцаж, 2015 онд МУСТА И.Дашцэрмаа багшийн удирдлага дор, уртын дуучин мэргэжлээр төгссөн. Манай багшийн аав нь Л.Цэрэнпил гэж сайхан дуулдаг хүн байсан. Багшийн минь багш Н.Норовбанзад гуай байсан.

-Та хамгийн анх ямар уртын дуу дуулж сурав? 

-Хамгийн анх “Хөөрхөн халиун” гэдэг уртын дууг дуулж сурсан. 10 жилд байхад Төв аймгийн “Монгол туургатан” театрын Цагаан-Өвгөн хэмээх багш манай суманд ирж зааж өгч байсан.

-Уртын дуу цаанаа л уянга­лаг, сонсоод л тайвширал мэ­дэр­дэг. Харин дуулж буй хүнд ямар мэдрэмж төрдөг бол?

-Уртын дуу бол 2000 гаруй жилийн тэртээгээс дуулагдаж ирсэн түүхтэй. Монголчууд шарын шашин шүтдэг ард түмэн. Тэр ч утгаараа “Тангад” ном уншуулахад хүний хийморь, сүлд сэргэдэг гэдэг бол уртын дуу дуулахад бас яг тийм байдаг. Олон жил амны уншлага, аманд хүлхэгдэх чихэр шиг санагддаг. Уртын дуу бол шидтэй. Уулан дээр гарч дуулахад хангай дэлхий баясна. Жишээлбэл, нэг хайрхан дээр гараад дуулахад маш том, сүрлэг шувуунууд нисэн ирж, бүжиглэж байгаа мэт болдог. Байгаль дэлхий тэгэхээр нүдтэй, чихтэй, амьтай байдаг юм билээ. 

-Уртын дуу шидтэй гэж байна шүү дээ. Тэгвэл уртын дуу хүнийг хамгаалдаг уу?

-Урлагийн хүмүүс хүнд аз жаргал, баяр баясал бэлэглэж байдаг шүү дээ. Мөн байгаль дэлхий хүртэл даган баясна. Тэр ч утгаар уртын дуучин хүнд муу зүйл тохиолдох нь бага, далд хүчээр хамгаалж байдаг.

-“The voice of Mongolia” шоугаар та олонд танигдсан. Эргээд энэхүү шоугаа дурсвал?

-Энэ шоу маш гоё байсан. Дэлхий олон оронд зохиогддог шоунд орсондоо баяртай байдаг. Тэр дундаа үндэсний өв соёлоо хадгалж, тээж хүмүүст хүртээж бахархуулна гэдэг бол аз завшаан. Монгол өв соёлоо дэлхийд таниулах нь миний зорилго, мөрөөдөл байсан. Тэр нь ч биелсэн.

-Монгол хувцас, ёс заншил залуусын дунд тренд болоход үндэсний урлагийн уран бүтээлчдийн нөлөө их. Гэхдээ зарим дуучин ардын дууны уламжлалыг хэтэрхий эвдэж байх шиг санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Монгол дээл, хувцсыг монгол хүмүүст л зориулж хийсэн байдаг. Цаг хугацаа явах тусам өөрчлөгдөж байна. Гэхдээ дээлийнхээ хэлбэр, хийцийг эвдэлгүй байгаа чигээр нь өвлүүлж явах нь зүгээр санагддаг. Зарим нэг бүсгүй, задгай, нэвсгэр дээл онцгүй хардагддаг.

-"Хурд" хамтлагийн "Бүсгүй" гэдэг дуу таны амьдралын салшгүй нэгэн гайхалтай дуу болж үлдсэн байх?

-“The voice of Mongolia” шоунд дуулахад анх продюсер Төгсөө ах сонгож өгсөн. Домогт “Хурд” хамтлагийн хит дуунуудынх нь нэг "Бүсгүй" дууг дуулсандаа сэтгэл хангалуун явдаг.

-Хоолойн цар хүрээнээс эхлээд уртын дууг хэн хүссэн нь дуулчихдаггүй. Уртын дууны онцлогийн талаар бидэнтэй хуваалцахгүй юү?

-Уртын дууг дуулахад амьсгаа, техник гэх мэт олон зүйл нөлөөлдөг учраас маш хэцүү. Мөн ухаан шаардана.

-Таны урын санд хэдэн уртын дуу байдаг вэ?

-СУИС-ийг төгсөхөд 10 гаруй уртын дуу сургаж төгсгөдөг. Түүний хажуугаар нь сурсан гээд одоо 100 гаруй уртын дуу мэднэ.

-Хөдөө очоод байгальд уртын дуугаа дуулах, тайзан дээр дуулах ялгаатай биз?

-Уртын дуу нь хөдөө талд зохиогдсон дуу. Тиймээс тайзан дээр дуулах, хөдөө дуулах ялгаатай байлгүй яах вэ.

-Та “Туурайн чимээтэй Монгол” дууныхаа үгийг бичсэн гэсэн. Энэ шүлгийг бичих санаа юунаас эхтэй вэ?

-Тухайн үед монгол адууг БНХАУ руу амьдаар нь гаргаж байсан үе. Монгол адуу замдаа эндэн, харахаас ч нүд халтирам дүр зураг цахим орчинд их тавигдсан. Монголчууд мориноосоо буулгүй дэлхийн талыг эзэлсэн ард түмэн. Тиймээс хүлэг морио магтан дуулахыг зорьсон. Дууныхаа шүлгийг нэг өдөр бичсэн. БНСУ-д гурван сар ажиллаад  хураасан мөнгөөрөө энэ дуугаа дүрсжүүлж байсан. Тиймээс хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн хайртай уран бүтээлийн минь нэг.

-“Хайрхан” дууны үг, ая, дуу хоолой, клипний агуулга, зураглал нь үнэхээрийн тасархай шүү. Энэ дуу бүтсэн түүхийг яриач?

-Энэ дуугаараа байгаль, дэлхий гэдэг чинь амьтай шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон. Монголчууд хайрхан, шүтээндээ маш хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Харин зарим нь байгальтайгаа зүй бус ханддаг. Зураг авалтын тухайд Өвөрхангай аймгийн “Борхүү” бугыг зорьж очиж хийсэн. Бугатай зураг авахад нэлээд хүнд байсан. Бүтэн өдөр, шөнөжингөө зураг авалт болсон.

-Гэр бүл, ойр дотнын хүмүүс нь таныг дууддаг нэр бий юү?

-Дашка гэж дууддаг. Бас Дашаа, Даши ч гэж дууддаг.

-Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж эрийн цээнд хүргэсэн авьяас билигт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү нь хэмээн дуудагдахад хүндлэл бас хариуцлага дагаж байдаг байх?

-Энэ агуу хүний удам гэдгээ мэдсэнээс хойш илүү их хичээх ёстой гэсэн хариуцлага ирсэн. Өвөг дээдсийнхээ алдар нэрийг гундаахгүй явах нь үр хойч бидний  хариуцлага. Өвөг дээдэс, аав ээж минь дуутай ойр учраас урлагийн авьяас надад заяасан юм болов уу гэж талархдаг. “Монгол Улсын төрийн дуулал”, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн зээ болж төрнө гэдэг их хувь заяа. Монголын орчин цагийн өнгө төрхийг харуулж яваа гайхалтай дуучинтай дэлхийн тайзан дээр өвөөгийнхөө бүтээлээс сэдэвлэсэн дууг хамт дуулсандаа баяртай байна. Ука шүүгч өмнө нь "Хэнтийн өндөр уул" уран бүтээлээс сэдэвлээд "Уул" дуугаа хийсэн юм байна лээ. Ука шүүгч надад хэлэхдээ “Ерөөл тавилангаар учирсан хоёр юм шиг санагдаж байна. Б.Дамдинсүрэн гуайн зээ хүүтэй нэг багт ороод,  энэ дууг дуулна гэж бодсонгүй” гэж ярьж байсан. Энэ мундаг дуучин, шүүгчтэй гурван уран бүтээл дээр хамтарч ажилласандаа баяртай байдаг.

-Амьдралын үнэт зүйл гэж юуг хэлэх вэ?

-Гэр бүл, эх орон гэж хэлнэ.

-Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

-Шударга, худал хэлэхгүй байхыг л баримталдаг.

-Та багадаа өвөө, эмээ дээрээ мал хариулж өссөн гэдэг. МАА-н салбарт эмзэглэж явдаг зүйл нь юу вэ?

-МАА-н салбарт Уул уурхайн салбар л маш хүнд нөлөөлдөг. Малчдаа улсаас дорвитой дэмжихгүй байна. Таван хошуу малын мах үнэд орохгүй байж, тахиа, гахайны мах хэд дахин үнэтэй байна шүү дээ. Тэгээд л махны үнэ өсөхөөр малчдыг буруутгадаг. Монголыг монголоор нь л байлгаж байгаа хүмүүс бол малчид л байна.

-Танд эмээдэг атлаа дуулахыг хүсдэг дуу бий юү?

-Уртын, өргөн цар хүрээтэй дуунуудаас л эмээдэг дээ. Жишээл­бэл, "Өвгөн шувуу"-наас эмээж, "Түмэн эх"-ээс сүрдэж явдаг.

-Цаашдынх нь уран бүтээл, зорилго юу вэ?

-Үндэснийхээ хэв шинж агуулсан, орчин үеийн хөгжимтэй дуунууд хийхийг зорьж байна.

-Ярилцлагаа өндөрлөх тий­шээ хандъя. Таны дууг сонс­дог, үлгэр дуурайл авдаг фенүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Намайг үргэлж дэмждэг, надтай хамт байдаг хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ аз жаргал хүсье.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(97.120.14.203) 2022 оны 11 сарын 10

Эх орон эх орон л гэж хуцацгаах юм. Яг үнэндээ бүрэн ойлголт байна уудаа хө.

0  |  0
Jj(98.204.176.20) 2022 оны 11 сарын 09

Hurdiin tsogootoi duulsan bsan.tsogoo arai oor um bilee

0  |  0
Top