“Фортуна” Н.Батбаярын алдааг давтах вий, Ч.Хүрэлбаатар сайд аа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг тус тус байгуулсан. Мөнхүү Хотын түгжрэл хариуцсан, Олимп, нийтийн биеийн тамир спорт хариуцсан гэх яамгүй хоёр сайдыг томилсон. Харин Боомтын сэргэлт хариуцсан сайдаа томилж амжаагүй байна. Өнгөрөгч наймдугаар сард шинээр бий болсон яам, сайд нар чухам ямар ажил хийв гэхээр өөдөөс “Ийм богино хугацаанд юу хийх юм” гэж хариулах байх. Тулгамдаж буй үед бас чиг богино хугацаа биш, ядахад л төсөл төлөвлөгөөгөө гаргаад танилцуулчих цаг. Үүний дагуу манай сонин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд шинээр орж ирсэн яам, томилогдсон сайд нарын хэрхэн юу хийж, чухам ямар ажил төлөвлөж байгааг цувралаар нийтлэхийг зорилоо. Өнөөдрийн хувьд Эдийн засгийн хөгжлийн яамыг дурдъя.

Юуны өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, сайдаар нь “Фортуна” Н.Батбаярыг томилж байв. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан Засгийн газар нь 12 хувийн эдийн засагтай улс орон хүлээж аваад 2016 онд хасах хоёр хувьд буулгаж өгснийг санах хэрэгтэй. Аж үйлдвэр, экспортын чиглэлд чухам юу хийсэн бэ гэдгийг бодох ёстой. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг Н.Батбаяр сайд оруулж ирээд төсөл төлөвлөгөөгүй тарааж, ихэнхийг нь зам нэрээр гаргасныг санах хэрэгтэй. Эцэст нь өнөөдөр Хөгжлийн банканд байгаа чанаргүй зээлийн 1.5 их наяд төгрөг Н.Алтанхуягийн үед гарсан зээл байгааг санахад бүр ч илүүдэхгүй. Ийнхүү 2014 онд Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг нэр төдий яамыг татан буулгаж, Аж үйлдвэрийн яамыг Д.Эрдэнэбат сайдтайгаар байгуулсан. Улмаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэсэн нь яаж будилсныг ч тунгаах байх. Тэгэхээр “Фортуна” Н.Батбаярын замаар явахгүй байх гэж найдъя.

Ч.Хүрэлбаатар сайдын хувьд бодитой, баттай төлөвлөгөө гэхээсээ илүүтэй мөрөөдлийн төсөөлөл гэмээр зүйлс танилцуулсан. Тэр одоогоор төсөвгүй тамга бариад сууж байгаа ч ирэх 2023 оны төсөвт 293 тэрбум төгрөг суулгаж өгсөн байна лээ. Ингэхдээ тэрбээр ирэх онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино гэж үзжээ. Уул уурхайд суурилсан эдийн засагтай улс орон өөрөөр ч яах билээ. Тиймээс инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгааг дурдаад БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас ачаа эргэлт удаашрах эрсдэл ирэх онд ч хэвээр байж, 2023 онд эдийн засаг таван хувиар өсөх төсөөлөлтэй байгааг дурдав. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний хувьд зөвхөн Хятад руу гарч байгаа учраас Хятадын тааллаар төсөөлөхөөс өөр аргагүй. Өмнөд хөршид хэрэгцээ ямар байгаагаас шалтгаалан, нүүрсний борлуулалт, үнэ ханшийн асуудал яригдана гэсэн үг. Шуудхан хэлэхэд өндөр найдлага тавих хэрэггүй. Зөвхөн үүнд тулгуурлаж, эдийн засаг өснө гэх мэтээр мөрөөдөх нь дэндүү өрөөсгөл. Ч.Хүрэлбаатар сайдын “эдийн засгийг таван хувиар өсгөнө” гэж ярьж байгаа нь сайд асан Н.Батбаярын төсөл төлөвлөгөөгүй, зөн билэгт тулгуурласан баахан тоо ярьдагтай адил төстэй сонсогдож байгааг нуух юун. Хамгийн гол нь яаж гэдэг нь тодорхой бус. Чухам уул уурхайн бүтээгдэхүүний экспортод саад учирвал яах вэ, үнэ ханшид уналт ирвэл яах вэ гэсэн болгоомжлол алга. Мэдээж хэрэг энэхүү төсөөллөө олон улсын байгууллагуудын тандалт судалгаа болон бусад олон эх сурвалжаас шүүн тунгааж хийж байгаа ч Монгол өөрөө эдийн засгийн хувьд тун хэврэг, эмзэг улс орон гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гагцхүү бид импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрхэлж байгаа тохиолдолд бардам төсөөлөл гаргаж болох юм. Харин Ч.Хүрэлбаатар сайд эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж, хөнгөн үйлдвэрлэлүүдийг байгуулна гэсэн санааг хэлсэн. Энэ бол зөвхөн санаа болохоос бус төсөл төлөвлөгөө гаргачихсан зүйл биш бололтой. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байгаагаас харахад ирэх 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, төсөвт 1.2 тэрбум ам.доллар оруулна хэмээн ам бардам өгүүлсэн байна лээ. Яахав, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншил, уламжлалт урлаг соёлыг сонирхох жуулчдын тоо өсөх хандлага байгааг статистикаас харж болно. Энэ тал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам ч өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байна.

Эмгэнэлтэй нь гэвэл “Эмээлт” аж үйлдвэрийн паркийн төслийг гацаачихсан, бараг барих сонирхолгүй байна. Дарханд босгож байгаа Хөнгөн үйлдвэрийн цогцолборын хөрөнгийг ч шийдэж чадаагүй. Эрх мэдэлтнүүд төслөө булаалдаад байгаа гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийнхөө шадар хүнийг уг төслийн удирдагчаар томилуулчихаад араас нь 159 сая еврогийн тооцоолол гаргаад зүтгүүлж байна. Харин Сангийн сайд Б.Жавхлан уг төсөл нь 70 орчим сая еврогийн өртгөөр босно гэдгийг баримтаар өгүүлж байгаа учраас эрх ашгийн төлөөх маргаан дунд өөрсдийнхөө булайг илчлээд сууцгааж байна. Энэ мэт бэлэн төслөө урагшаа хөдөлгөж чадахгүй 10 жилийн нүүр үзэж байгаа улсад дахин үйлдвэрлэлийн чиглэлд төсөл хөтөлбөр оруулж ирэх нь илүүц хэрэг биз ээ. Ч.Хүрэлбаатар эдийн засгийг хөгжүүлэх сайдын хувьд гацаанд байгаа бэлэн төслүүдээ яамныхаа мэдэлд авч, гардан гүйцэтгэхээс өөр аргагүй. Чиг үүрэг, хууль эрх зүйн орчин таарч тохирохгүй байж болох ч энэ бүхнийг хэлэлцэн цэгцэлж ажлаа эхлүүлэх нь зөв гэдгийг хаа хаанаа дурдаж буй. Чухам хэрэгждэг бол хөгжлийг хязгаарлагч салбаруудын либералчлалыг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжинэ гэдгээ дуулгасан. Хөгжлийг хязгаарлагч салбаруудыг цэгцлэх тухай яриа нь зөвхөн өнөөдөр Ч.Хүрэлбаатар ч яриад байгаа зүйл биш. Төрийн өмчид байгаа аж ахуйн нэгжүүдийг менежментийн болон бусад замаар хувийн хэвшилд гаргаж өгсөн ч сүүлийн үед хоёр ч аж ахуйн нэгжийг төр өөртөө буцаан авчихлаа.

Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёр байна. Гэтэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь өнгөрөгч зун эвдэрч Монгол Улс цементээр тасарсан. Өдгөө “МОН цемент”, “МАК цемент” хэмээх үндэсний үйлдвэрлэгчид бодитой үйл ажиллагаа явуулж байна. Тэд л энэ зун зам, барилгын салбарын аминд орсон. Гэтэл төрөөс үндэсний цемент үйлдвэрлэгчид өөрсдийн дураар үнэ тогтоож, монополь эрх эдэлж байна хэмээн импортын цементийн татварыг тэглэчихсэн. Энэ бол яав ч үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж байгаа хэрэг биш. Төрөөс хөгжлийг хязгаарлагч салбарыг цэгцлэх тухай, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай байнга шахам лоозогнож байдаг ч бодлогоо эсрэг явуулдгаас цөөнийг дурдахад ийм байна. Үүнийг ч эдийн засгийг хөгжүүлэх сайд маань анхаарч ажиллахаас ажил нь эхлэх байх.

Мөн тэр макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж, экспортын хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлнэ гэдгээ дурдаж байсан. Энд өнөөх л зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүнүүд орохоос бид юугаа экспортлох юм. Тэгэхээр хятадууд хил гаалиа хэвийн байлгаж, зэс нүүрсний хэрэглээ нь ихээхэн байгаасай гэж залбирахаас өөр яах ч билээ. Одоо бидэнд үүсээд байгаа нөхцөл гэвэл валютын нөөц дундарч байгаа асуудал бий. Эдийн засгийн хөгжлийн яамнаас барьж байгаа бодлого бол валютын бодит орлого нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээр нөөцийг нэмэгдүүлж, энэ онд багтаагаад гурван тэрбум ам.долларын босго давуулах, ирэх 2023 онд 4-6 сарын импортын хэмжээг хангах хэмжээний валютын нөөцтэй болох зорилго тавьж байгаагаагаа дуулгав. Албан эх сурвалжаас харахад валютын нөөц лав нэмэгдээгүй байна. Хөгжүүлж гийгүүлдэггүй юм гэхэд Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёрын замаар явчих вий. Одоогийн байдлаар зам харгуй нь бүдэгхэн л байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 13

одоо монголын эдийн засгийг удирдаж явах хүн Хүрэлбаатаарс өөр байхгүй шүү туршлагатай хэцүү үед монголын эдийн засгийг авч явсан хүн дээ бусад нь зүгээр л дагах хэрэгтэй хүүхдүүд бол сурахаа л бод

0  |  0
Зочин(192.82.81.12) 2022 оны 11 сарын 13

АН-ын ФОРТУНА БАТБАЯР ГЭЖ НЭГ ХҮҮР БАЙЖ БИЛЭЭ. ТҮҮНИЙ ДЭРГЭД ХҮРЭЛБААТАР Ч ХҮН ШҮҮ

0  |  0
Zochin(103.26.193.184) 2022 оны 11 сарын 12

Tatvarin huuliin hulgaich bzde

0  |  0
ЗОЧИН(66.181.184.74) 2022 оны 11 сарын 12

Одоогоор Ч.Хүрэлбаатар фортунагаас илүү гарчихсан яваа шүү дээ.Фортуна авсан дээлээрээ зам БАРЬСАН бол Ч.Хүрэлбаатар тэднээс 3 дахин их зээл тавиад бүр юу ч бүтээгээгүй МОНГОЛОО их өрөнд оруулчихсан яваа даа.Ухаандаа Батбаяраас 3 ДАХИН илүү яваа гэсэн үг.

0  |  0
задаа (64.119.23.106) 2022 оны 11 сарын 12

за даа энэ этгээдээс үр зүн хүлээх нь лоолооо доо. худлаа баахан мөрөөдлийн амлалт. МАН сонгуульд гарвал ерөнхий сайдын нэр зүүх санаархалтай л нэ байдаг хотгор шанагын улгайч

0  |  0
Зочин(192.82.90.48) 2022 оны 11 сарын 12

Урьдны алдааг засч буруутайг нь хариуцлагадтат аа. Дараагийнхад нь сургамжтай. Түүхий эд нь Монголдоо байсаар байхад Францынтусламж дэмжлжгтэйгээр цөмийн эрчим хүчийг ашиглах, атомын цахилгаан станцыг хамгийн сүүлийн үеийн технолоогоор байгуулахад ямар улс монголд саад хийдэг юм бэ? Хамгийн хүйтэн Нийслэлтэй оронд ийм л юм хэрэгтэй байна.

0  |  0
Зочин(202.126.89.115) 2022 оны 11 сарын 12

Н.Батбаяр олон арван тэрбумаар идэж баяжсан. Хүэлбаатар сайд та түүнээс давж хэдэн зуун тэрбумыг идэж луйвардаж баяжаарай.

0  |  0
Top