Улаанбаатарт СТАНДАРТ ус, агаар мэт хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

-Долоохон хоногт 5400 зөрчил илэрчээ-


Хотын соёл гэж юу вэ. Амьдран буй хотынхоо иргэний хувьд ямар соёлыг төлөвшүүлэх вэ. Хотын хөгжилд залуус ямар оролцоотой байж, хэрхэн нөлөөлж чадах вэ. Эдгээр асуултын хариуг хамтдаа эрж хэлэлцсэн, сонирхолтой илтгэл, мэдээллийг залууст хүргэсэн “Хотын стандарт, хотын соёл” зөвлөгөөнийг даваа гарагт /2022.11.14/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Амьдран буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгоно.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний есөн бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

 

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ЦААШДАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ "МОНГОЛЧИЛЖ" ХИЙГДЭХГҮЙ

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа батлан хэрэгжүүлж буй нэгдсэн цогц стандартыг таниулах, энэ талаар мэдээлэл өгөхөөр Хотын нэгдсэн стандартын зөвлөгөөний хүрээнд зохиож байгаа энэхүү арга хэмжээнд их, дээд долоон сургуулийн 700 орчим оюутан, нийслэлийн хороодын 300 зохион байгуулагч оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хотын шинэ стандарт, стандартыг хэрэгжүүлж мөрдөхийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм. Мөн “Хүний хөгжил” академийн лектор Н.Амарбаясгалан, ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг нар хотын соёл, стандарт, аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал, сайн жишиг, шийдлийн талаар мэдээлэл өглөө. Мөн зөвлөгөөний үеэр Хотын стандарт, хяналтын газраас хотын стандартын видео танилцуулгыг олон нийтэд хүргэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс хотын стандартын талаар тодрууллаа. Тэрбээр “Стандарт нь хүний эрүүл аюулгүй амьдрах эрхтэй шууд холбоотой. Тиймээс энэхүү стандарт хэрэгжиж эхэлснээр цаашид хийгдэх бүтээн байгуулалт дүрэм, журмын дагуу хийгдэнэ. Энэ үүднээс эхний ээлжид баталсан 38 стандартыг иргэддээ танилцууллаа. Аливаа нийгмийн хамгийн идэвхтэй, эрч хүчтэй, санаачилгатай бүлэг нь залуучууд байдаг. Тэгэхээр залуучууд маань стандартаа мэдсэнээр хяналттай, илүү үр ашигтай болно.

Стандарт хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар сайжирна.

Тухайлбал, ногоон байгууламж, цэцэрлэг сургуулийн гаднах талбай, дугуйн зам, гудамж талбай гэх мэтчилэн цэгцэрч эхлэх юм. Улаанбаатар хот энэ баталсан стандартынхаа хүрээнд томоохон хотын жишгээс хоцрохгүйгээр, хөл нийлүүлэн алхах бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Стандарттайгаа нийцсэн үйл ажиллагааг явуулна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа, амьдарч буй хүмүүс үүнийг мөрдөнө. Хуучин стандартууд зөвлөмжийн чанартай байсан бол эдгээр стандарт нь заавал мөрдөх шинж чанартай. Үүнийг хэрэгжүүлэхэд зориулсан гарын авлага маш дэлгэрэнгүй, ойлгомжтой байгаа” гэсэн юм.

ААН, хот, иргэдийн хооронд зөрчил маргаан их гардаг. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар хотын стандарт дээр тусгаж өгсөн талаар асуухад “Хотын стандартыг мөрдөөгүй хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Нөгөө талаас энэ хотын стандартыг хэрэгжүүлэх үйл явц өөрөө нийслэлийн Төр захиргааны байгууллага дээр шууд хамаарна.

Цаашдаа хийгдэх бүтээн байгуулалт хөрөнгө мөнгөнөөс хамаарч монголчилж хийгдэхгүй. Явган хүний, дугуйн замыг олон улсад ямар стандартаар хийдэг яг л түүгээр нь л хийнэ.

Ингэснээр хөрөнгө оруулалтын үр нөлөө сайжирч байгаа. Стандартгүй юм хийснээр ойр ойрхон эвдрэх, урсгал зардлууд нэмэгдэж байдаг” гэв.

Энэ жилийн тухайд стандартад нийцсэн 100 гаруй км явган хүний замыг шинэчилж, 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлжээ. Мөн нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Энэ онд 234 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс гадна хотын 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байгаа аж.

Харин өмнө замбараагүй, эмх цэгцгүй баригдсан барилга, байгууламж, зам талбайг үе шаттайгаар өөрчилж, стандартад нийцүүлнэ гэдгийг онцолж байлаа.

Одоогийн байдлаар 270 авто зогсоол олон улсын стандартад нийцдэг байна. Цаашдаа 626 зогсоолыг шинээр баталсан стандартын дагуу хийж гүйцэтгэх юм.

 

“ИРГЭД ЭРСДЭЛТЭЙ АМЬДРАХ ОРЧИНДОО ДАСЧИХСАН БАЙНА” ГЭВ

 

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авчээ.

Хэрэгжилтийн хувьд биелэх бүрэн боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг олон давуу талтайг онцолж байлаа. Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Хотын стандарт, хяналтын газар 2019 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хотын тогтолцоог бүрдүүлэхийн тулд суурь судалгааны ажлыг хийсэн. Ийнхүү 38 стандартыг баталж, цаашдаа үлдсэн стандартуудыг батлуулж, мөрдүүлэх ажлууд хийгдэнэ. Манай байгууллагын хувьд стандартыг боловсруулж, батлуулахаас гадна, стандартын хэрэгжилтийг мөрдүүлэхийн тулд иргэд, ААН-үүдэд сурталчлах, сургалт арга зүйгээр хангах гэсэн үйл ажиллагаа явуулж байна. Суурь судалгааг хоёр үндсэн чиглэлээр хийсэн. Эхнийх нь, иргэдийн амьдрах орчны тандалт судалгаа, дараагийнх нь МУ-д мөрдөгдөж байгаа стандарт, норм, дүрэм тэдгээрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа юм.

Стандартын хэрэгжилт муу байгаагийн гол шалтгаан нь мэдээлэл хангалтгүй байгаагийнх.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин маш хүнд байгаа. Үүндээ ч дасчихсан гэдэг нь судалгаанаас ажиглагдсан. Бид долоо хоногийн хугацаанд түүвэр байдлаар судалгаа явуулахад 5400 гаруй иргэдийн аюулгүй байдалд заналхийлэл учруулсан тохиолдол бүртгэж байх жишээтэй. Эдгээрийг бууруулахын тулд эхний ээлжид стандарттай боллоо. Харин одоо иргэн, ААН-үүд хяналт тавьж, хэрэгжүүлдэг байх ёстой. Цаашдаа салбар салбараар нь сургалт зохион байгуулна. Эдгээр 38 стандартыг Хотын стандарт, хяналтын газрын вэб сайтаас унших боломжтой” гэлээ.

 

ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДСӨНӨӨР ОСОЛ ГЭМТЭЛ, ӨВЧЛӨЛ БУУРЧ, ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ ДЭЭШИЛНЭ

 

Хотын стандартын эхний хэсэгт нийгмийн дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавигдах ерөнхий шаардлага, стандартууд багтжээ.

Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий стандартуудаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж гээд ерөөс хотод оршин сууж буй бүгдэд хамаатай асуудлыг чухалчилсан байна. Түүнчлэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой бүхий л шаардлагыг нэг дороос цогцоор нь хүлээн авч танилцаж болох, зураг дүрслэлээр тайлбарласан тул ойлгоход хялбар, хүн бүрд нээлттэй, ил тод, үнэ төлбөргүй, нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой учраас хайх, уншиж судлах, танилцахад хялбар, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн, мөн стандарт бүр түүнд агуулсан хэм хэмжээ, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх шалгах хуудастайгаараа онцлог аж.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болно.

Харин дунд хугацаанд буюу 3-5 жилд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.

Ингэхийн тулд эдгээр стандартыг таниулах, мэдээлэл түгээх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад оролцогч бүх талын буюу төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоо, мөн одоо мөрдөж буй бусад хууль, дүрэм журамтай уялдах нь чухлыг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top