М.Санжаадорж: Ирэх оны төсөв Засгийн газраас өргөн барьснаасаа нэг их өөрчлөлтгүйгээр батлагдсан
Сангийн яамнаас УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар батласан Монгол Улсын 2023 оны төсвийг танилцууллаа. Танилцуулгын эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Энэ удаагийн төсөв Засгийн газраас өргөн барьснаасаа нэг их өөрчлөлтгүйгээр батлагдсан. Харин зарлага өөрчлөгдөх боломжгүй, 20.4 их наяд хэвээрээ байгаа. Тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ нэмэгдсэн. Ингэхдээ УИХ-аас 127 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Орлого нэмэгдэж, зарлага хэвээрээ учраас нийт тэнцэл нь 1.4 их наяд буюу алдагдлын хэмжээ нь 2.6 хувь болж буурсан” хэмээн тодотгосон.
Ирэх оны төсвийг батлахад УИХ дээр өөрчлөлт оруулахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны зардлыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Ингэхдээ цалин, тэтгэвэр тэтгэмжид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байхаар тооцсон гэнэ. Мөн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 7.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 13.5 тэрбум, ойн хортон шавжтай тэмцэхэд найман тэрбум, Өнөр бүл хүүхдийн төвийн урсгал зардалд 100 сая төгрөг зэргийг нэмсэн өөрчлөлт хийжээ. Сангийн яамнаас ирэх оны төсвийг нийтдээ долоон зүйлээр онцлог болсон гэж үзэж байгаа аж. Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд болсон анхны төсөв болсон байна. Үүний хүрээнд нэг их наяд төгрөгийг хэмнэжээ. Хоёрдугаарт, алдагдлын хэмжээг огцом бууруулжээ. Өнгөрсөн 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан бол энэ удаад 1.4 их наядын алдагдалтай болгож бууруулсан нь ингэж үзэх шалтгаан болжээ. Ташрамд дуулгахад ирэх оны 20.4 их наядын зарлагын 15 их наяд нь урсгал зардалд хамаарч байгаа аж. Энэ дотор боловсрол, эрүүл мэндэд гурван их наяд, цалингийн зардалд 1.8 их наяд, дөрвөн их наядыг тэтгэвэр, халамжид хоёр их наяд төгрөг байхаар тооцсон байна. Урсгал зардал ингэж нэмэгдсэнийг шууд буулгахад асар хүнд байдаг гэдгийг мэргэжилтнүүд танилцуулгын үеэр онцолж байлаа. Тиймээс зарлагаа аль болох хязгаарлах тал дээр бодлогоо барьсан гэнэ.
Ингэхийн тулд зарим төрлийн зардлыг хувийн хэвшлийнхэнээр хийлгэх шаардлагатайг ч хэлж байв. Мөн хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг бий болгох ажлын хүрээнд орон нутагт шилжиж ажилласан хүмүүст орон сууцны зээл олгох, цалин, татварын дэмжлэг үзүүлэх байдлыг тусгаж өгсөн бөгөөд хамгийн их хүн татсан аймгуудад ч тодорхой дэмжлэг үзүүлэхээр оруулжээ. Улаанбаатар хотын хамгийн том асуудал нь түгжрэл гэж ирэх оны төсвийн төслийг хийхдээ үзжээ. Тиймээс ирэх онд автобус паркийн шинэчлэлд 318 тэрбум төгрөг тусгаж, нийтийн тээврийн автопаркад 45 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Нийгэмд Хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй гэсэн байр суурь их гарсан. Тэгвэл ирэх оны төсөвт энэ асуудлыг нийтдээ 1.1 сая хүүхдэд Хүүхдийн мөнгийг олгох, үүнд нь 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тооцжээ. Харин өндөр орлоготой, чинээлэг өрхийн 0-18 насны хүүхдүүдийг хүүхдийн мөнгөн хуримтлалд хамруулахгүй байхаар заажээ.
Ирэх жилд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн байр суурийг холбогдох албаныхан удаа дараа илэрхийлж байсан. Тийм ч учраас ирэх онд эхлээд явж байгаа төслүүдийг 2.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлж, бүрэн дуусгахаар болжээ. Ингэснээр нийт 1141 төслийн 78 хувь нь 2023 онд ашиглалтад орно гэсэн тооцоо гарсан байна.
Г.ТЭМҮҮЛЭН: ХЭМНЭСЭН ЗАРДЛААРАА НИЙГЭМД ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Ирэх оны төсөвтэй холбогдуулан өчигдөр мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "УИХ-аас энэ удаагийн төсвийн тухай хуулийг батлахдаа тодорхой бодлогуудыг гаргаж ажилласан.
Нэгдүгээрт, төсөвт суугдсан байсан, ирэх онуудад тэвчиж болох болон бууруулж болох зардлуудын хэмжээг бууруулах арга хэмжээнүүдийг авсан. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан. Хэмнэсэн зардлынхаа эх үүсвэрээр нийгэмд хүлээлтттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталсан. Үүнээс гадна төсвийн хүрээнд эрх зүйн эхний шинэчлэлийг энэ удаагийн төсвийн хүрээнд тавьсан. Энэ хүрээнд 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудын хэмжээнд хэд, хэдэн шинэчлэлүүдийг УИХ-аар баталсан.
Нийгэмд нэлээд бухимдал дагуулдаг, цаашид реформ шинэчлэлийг тасралтгүй хийх ёстой нэг салбар бол төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал байдаг. Тэдний ил тод байдал болоод, компанийн засаглалын дээшлүүлэх хүрээнд УИХ-аас тогтоол баталж гаргалаа. Цаашдаа төрийн өмчит копманиуд буюу хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргахаар бэлдэж байгаа нэгдсэн цахим мэдээллийн системд бүртгэгддэг болно.
Нүүрсний тээвэрлэлт, олборлолттой холбоотой, нүүрсний экпортын гэрээнүүд ил тод биш байдаг. Энэ байдал дээр нэг зүйл заалтыг УИХ-ын тогтоолд тусгаж өгсөн. Уул уурхайн чиглэлийн төрийн өмчийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос авахуулаад тээвэрлэж, экспортод гаргах хүртэлх бүх үе шатад хамааралтай гэрээнүүдийг татварын нэгдсэн систем буюу цахим төлбөрийн системд бүртгүүлж экспортод гаргадаг тогтолцоог бүрдүүлэх тогтоол шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Цаашдаа төрийн өмчийн нууцын гэх зэрэглэлтэй эдгээр гэрээнүүдийг энэ ондоо багтаж УИХ-д танилцуулах үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн" гэсэн мэдээллийг өглөө.
АН: ТАТВАРЫН ОРЛОГЫН ХЭМЖЭЭГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН
Тэгвэл өчигдөр Ардчилсан намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ирэх оны төсөвт нийтэд нь хориг тавь гэсэн шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2023 оны төсөв эрх баригчдыг бялууруулсан, ард түмнийг ядууруулсан хэвээрээ байна гэж шүүмжилж, татаж авч ард түмний эрх ашигт нийцүүл гэсэн шаардлагыг тавьж ирсэн. Олон улсын байгууллагууд ч 2023 он Монгол Улсын хувьд, тэр дундаа ард түмнийх нь хувьд хүнд жил болно гэдгийг ч мэдээлж байна. Гэтэл өнөөдөр улсын төсөв батлагдлаа гээд МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж байна. Цаашид бид дүр эсгэсэн ардчиллаас дарангуйлал руу явж байна гэдгийг онцолъё" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын нэгдсэн төсөв өнөөдөр шаардлага хангах түвшинд батлагдаагүй гэж үзэж байгаа учраас энэ төсвийг хориг тавьж, буцаан татуулаад дахин хэлэлцэж, улс орны нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдалд буусан төсөв болгож батлах нь зүйтэй. Сүүлийн үед эрх баригчид аливаа шаардлагыг хүлээж авахаасаа илүү өөр сенсаци гарган ирж, иргэдийн анхаарлыг өөр тийш нь татах ажил хийж байна” гэсэн юм.
АН-аас Ерөнхийлөгчид тавьж буй шаардлагад “Монгол Улсын түүхэнд байгаагүй хэт тэлсэн төсөв батласан. Төсвийн зарлагаа өндөр байлгахын тулд орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн нь Төсвийн тухайн хуулийн 27.1.2 дахь заалтыг зөрчсөн. Уул уурхайн салбараас 2020 онд 3.2 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлтийг 4.9 их наяд болгож нэмсэн. 2018 онд татварын орлогын хэмжээ 6.2 их наяд байсныг ирэх онд 17 их наяд болгосон. Өнгөрсөн хугацаанд манай улсад үйлдвэрлэлийн хэмжээ өсөх нь бүү хэл аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын ачаалал гурав дахин нэмэгдлээ. МАН-ын тооцоо, судалгаагүй бодлого нь ядуу иргэдийн тоог нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлж байна” гэжээ.
Т.ДАРХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )